АНУ-ын Ерөнхийлөгч Дани улсын Засаг захиргааны тусгай бүс Грийнландыг худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Түүний дараагаар Данийн болон Грийнландын эрх баригчид Дональд Трампын саналыг эрс эсэргүүцэж, газар нутгаа зарахгүй гэж мэдэгдсэн юм.
Харин өөрийн санаа нь бүтэлгүйсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Данид хийх айлчлалаа цуцалж, хоёр улсын харилцаа таагүй уур амьсгалтай болж эхэлсэн. Гэхдээ удалгүй Данийн Ерөнхий сайд Трамп руу утсаар ярьсны дараа хоёр улсын харилцаа эргэн сайжирсан. Тэгвэл өчигдөр /2019.08.24/ АНУ Грийнландад өөрийн Консулын газрыг нээхээр төлөвлөсөн тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэллээ.
Тус улсын Төрийн департментаас Конгресст Грийнландын талаар хүргүүлсэн захидалд “АНУ нь Хойд туйлын бүст улс төр, эдийн засаг, худалдааны харилцаагаа өргөжүүлэх стратегийн сонирхолтой байгаа тул Грийнландын төв Нүүк хотод Консулын газраа нээх хүсэлтэй байна” хэмээсэн байна. Консулын газар долоон ажилтантай байх ба ирэх 2020 он гэхэд нээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
АНУ нь 1940 онд Дани улсыг Германчуудад эзлэгдсэний дараа Грийнланд аралд Консулын газар нээж байсан ч 1953 онд хаагдаж байжээ. Грийнланд нь зөвхөн АНУ-ын сонирхол бус ОХУ, Хятад зэрэг томоохон гүрнүүдийн хараанд өртөөд байгаа стратегийн чухал ач холбогдолтой газар юм.
Эх сурвалж: TIME.COM
Холбоотой мэдээ