Явуулын эмнэлэг эмзэг бүлгийн 5000 гаруй хүнд үйлчилнэ | News.MN

Явуулын эмнэлэг эмзэг бүлгийн 5000 гаруй хүнд үйлчилнэ

Явуулын эмнэлэг эмзэг бүлгийн 5000 гаруй хүнд үйлчилнэ

Дэлхийн хамгийн их үзэгчидтэй хөлбөмбөгийн спорт хорт хавдрын эсрэг аянд дэлхийн ард түмнийг уриаллаа. “Kick against cancer-2019” олон улсын тэмцээн өчигдөр /2019.08.24/ National Sport Campus-ийн хөлбөмбөгийн талбайд эхэллээ. Тус тэмцээн өнөөдөр үргэлжилж байна. Тэмцээнд Шотланд, Англи, Япон, Перу, ХСҮТ, Хаан Банк, NTV, Эрчим баг, Юнивишн-8 баг оролцож байгаа юм.

Жил бүр уламжлал болгон зохиогдох тус тэмцээний гол зорилго нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, тест, шинжилгээ, оношилгоонд хамрагдах чадваргүй иргэдэд хандив босгож, санхүүгийн тусламж үзүүлэхэд оршиж байгаа ажээ.

Тэмцээний хураамж 500 ам.доллар 100 хувь хандив болж, хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт орох боломжгүй хүмүүст зарцуулагдана.

Энэ тэмцээний үеэр Улаанбаатар Централ Ротари клуб умайн хүзүү болон элэгний хорт хавдрын үзлэг, оношилгооны явуулын эмнэлэг болсон автомашинаа танилцуулсан билээ. Энэхүү өдөрлөгт ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, Шотланд улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул Дэйв Скот, Олон улсын Ротари клубын 3450 дүүргийн захирагч Wilson Cheng тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Тус  автомашиныг Хонгконг Ротари клуб санаачлага гарган, 130 мянган ам.доллар босгосон явуулын эмнэлгийг Улаанбаатар Централ Ротари клубын  "Test For Life" төсөлд хандивласан.  "Test for Life" хүмүүнлэгийн төсөл нь 2005 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 30 мянга гаруй эмэгтэйчүүдэд үзлэг, оношилгоо хийж, тэднийг умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж чадсан юм.

Явуулын эмнэлгийг Ланд Ровер 110 машинд суурилуулсан бөгөөд элэг, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгд ашиглагдана. Ингэхдээ хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй, зорилтод бүлгийн, ихэвчлэн орлогын эх үүсвэргүй дундаас доогуур, дунд шатны, эмнэлэгт ирж үйлчлүүлдэггүй, ямар нэгэн эрт илрүүлгийн үйл ажиллагаанд хамрагддаггүй, мэдээ мэдээлэл хангалтгүй тэдгээр хүмүүст хүрч үйлчилгээ үзүүлэх, хорт хавдраас амь насыг нь урьдчилан сэргийлэх зорилгоор явуулын эмнэлгийн үйлчилгээ нэвтрүүлж байгаа ажээ.

Төсөл эхний ээлжид Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн гэр хороололд умайн хүзүүн хорт хавдрын зорилтод бүлгийн 2700 (5394-ын 50%) хүнд, элэгний В, С  вирусийн шинжилгээг 2500 (46528 эрэгтэй, 39126 эмэгтэйн 3%) хүнд нийт 5200 зорилтот бүлгийн иргэдэд хүрч үйлчилнэ.

Дашрамд дурдахад, Манай улсад сүүлийн 20 жилд насанд хүрсэн 12 хүний 1 нь хорт хавдраар өвчилж,  дөрвөн хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна Мөн дөрвөн хүн тутмын 3 нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа ажээ.

Мөн өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдар Монголчууд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа. Гэхдээ ДЭМБ-ын үзэж буйгаар, умайн хүзүүний хорт хавдар ойрын жилд Монгол эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болох өндөр магадлалтай байгааг анхааруулсан билээ. Тэгвэл 2017 оны байдлаар 356 эмэгтэй умайн хүзүүн хорт хавдраар оношлогдсон бол энэ нь эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөлийн дунд 14 хувийг эзэлж байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн 50 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож, 13 эмэгтэй хүн тутмын нэг нь амь насаа алдаж байна. Умайн хүзүүн хорт хавдраар өвчлөгсдийн 69 хувь нь 30 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд эзэлж байгаа ажээ.

Умайн хүзүүн хорт хавдраар оношлогдсон эмэгтэйн 48 хувь нь тав буюу түүнээс дээш жил амьдарч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд  вакцин нэвтрүүлбэл 2120 он гэхэд умайн хүзүүн хорт хавдраас ангижирна гэж үзсэн. Гэхдээ эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх, вакцин зэрэг цогцоор нь арга хэмжээ авбал 2030 онд хорт хавдрын өвчлөлийн тоо огцом буурна гэсэн тооцоо гаргажээ.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж