Хойд Солонгос бямба гаригт /2019.08.24/ дахин богино зайн тусгалтай хоёр пуужин харвасан тухай хэвлэлүүд мэдээлжээ. Япон тэнгис рүү харвасан уг баллистик пуужин нь 340 км замыг туулсан байна. Тус пуужин нь Япон улсын нутаг дэвсгэрт хүрээгүй учир онц ноцтой аюул учруулаагүй тухай Японы тал мэдээлжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ пуужинг “гайхалтай зэвсэг” хэмээгээд туршилтыг явуулсан багийнханд талархал илэрхийлсэн тухай “BBC” мэдээллэсэн байна. Түүний хувьд өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр Солонгосын зэвсэггүй бүсэд уулзаж, цөмийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсоноос хойш ийнхүү долоо дахь удаагаа пуужингийн туршилт хийгээд байгаа юм.
Тус улсын эрх баригчдын зүгээс АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлээд сургуулилалт дуустал пуужин харвасаар байна хэмээн мэдэгдсэн билээ.
Харин болж буй явдлыг анхааралтай ажиглаж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг “Тэр пуужин харвах дуртай юм. Гэхдээ энэ пуужингууд бидэнд ямар ч аюул учруулахгүй. Бид богино зайн пуужинд хориг тавиагүй. Цаашид юу болохыг харж л байя” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: BBC