"Даяарчлалаас ухарч, популизмд автах нь эдийн засгийг туйлдуулж байна"

Хуучирсан мэдээ: 2019.08.25-нд нийтлэгдсэн

"Даяарчлалаас ухарч, популизмд автах нь эдийн засгийг туйлдуулж байна"

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Ц.МЯНГАНБАЯР ЗАСГИЙН ГАЗРААС НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭМЖИЛНЭ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Тэр дундаа байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй, тодорхой хууль зөрчсөн гэж үзэж “Монгол газар” компани болон тус компанийн захирал Ц.Мянганбаярын эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Тодруулбал,  Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй "Монгол газар" компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Эдгээр 13-аас зөвхөн дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан. Гэхдээ үйл ажиллагаа явуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан.

АРХАНГАЙН ЦУЦЛАГДСАН 13 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРУУД:

  • “Өлзийт тээл” гэх газрын – 2422 га
  • “Өлийн гол” гэх газрын – 373 га
  • Шийртийн салаа” гэх газрын – 173 га
  • “Өлийн голын адаг” гэх газрын – 539 га
  • “Бодонтын ам” гэх газрын – 739 га
  • “Гүүтийн ам” гэх газрын – 114 га
  • “Харгуйтын ам” гэх газрын – 323 га
  • “Өлзийт тээл 2” гэх газрын – 1652 га
  • “Улаан чулуут” гэх газрын – 144 га
  • “Ястын гол” гэх газрын – 366 га
  • “Ар чулуут 1” гэх газрын – 141 га
  • “Өлийн гол 1” гэх газрын – 1417 га
  • “Гүүтийн амны адаг” гэх газрын – 49 га газруудын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Дээрх компаниуд нь “Монгол газар” компанийн эзэн Ц.Мянганбаярын эзэмшлийн болон хамаарал бүхий компаниуд гэж үзсэн байна.

Дээрхи шийдвэр гарсны дараахан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжилнэ гэдгээ хэвлэлээр дамжуулж дайгаад байна.

Тэрбээр энэ тухай хэвлэлд “УИХ-ын сонгуулийн шоу одооноос эхэлж байна. Засгийн газар уул уурхайн лицензийг хураагаад авч болно. Би ашиглалтын лицензийг хууль журмын дагуу Засгийн газрын харьяа агентлагийн зөвшөөрлөөр авсан. Тэгэхээр эрх цуцлагдсан бол нөхөн олговор олгох асуудал яригдана. Үүнийгээ Засгийн газар мэдэж шийдвэр гаргасан байлгүй дээ” гэж Засгийн газраас гаргасан шийдвэрт хариу барьжээ.

Мөн “Ц.Мянганбаярын бие муудаж, III эмнэлэгт хүргэгдсэн” гэх цуу нь ташаа болохыг тодотгож, “Яагаад тийм худлаа мэдээлэл зохион байгуулалттай гарсныг мэдэхгүй байна. Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна. Миний бие зүгээр байгаа” гэжээ.


БАН ГИ МҮН: ДАЯАРЧЛАЛААС УХАРЧ, ПОПУЛИЗМД ХЭТ АВТАХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ТУЙЛДУУЛЖ БАЙНА

“Азийн Давос” хэмээн нэрлэгддэг Ази тивийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэг “Боао форум-ын Улаанбаатарын бага хурал өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Тус бага хуралд НҮБ-ын найм дахь ерөнхий нарийн бичгийн дарга, “Боао форум”-ын дарга Бан Ги Мүн болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана зэрэг олон улсын 300 орчим эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчид оролцсон юм.

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй "Азийн төлөөх Боао форум"-д тус форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн оролцож байгаа нь тус арга хэмжээний цар хүрээг өргөжүүлээд зогсохгүй, бүс нутаг, олон нийтийн анхаарлыг Монгол Улс руу хандуулж байгааг чуулганд оролцогчид онцолж байна.

“Боао форум” Улаанбаатарын бага хурлын үеэр НҮБ-ын найм дахь ерөнхий нарийн бичгийн дарга, “Боао форум”-ын дарга Бан Ги Мүн хэлэхдээ Монгол Улс нь төсвийг зарлагаа багасгах, бүсээ чангалсан ч бүс нутгийн эдийн засагт идэвхтэй оролцож буй тодотгосон юм. Мөн тэрбээр, АНУ, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн улс орнууд хэт популизмд автаж, даяарчлалаас ухарч буй нь дэлхийн эдийн засгийн доройтуулж байгааг онцлон тэмдэглэсэн билээ.

Үүний зэрэгцээ Ази тивд амьдарч буй дөрвөн тэрбум хүн агаарын бохирдолтой бүсэд амьдарч буй онцолж, дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг нэг улс ганцаараа бус хамтдаа, уялдаа холбоотой ажиллах нь чухал гэдгийг тодотгожээ.

Харин Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлж байна. ААН үйл ажиллагаа жигдэрч байгаа энэ үед бид Монголын зах зээлд шинэ боломжийг нээж өгөх хэрэгтэй. Энэ ч үүднээс бид олон форум арга хэмжээг зохион байгуулж байна. Нөгөө талаасаа хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Бүс нутагт амжилттай бизнес эрхэлж буй бизнесменүүд, хөрөнгө оруулагчид Боао форумын тохиолдуулан Монгол Улсад ирж, хөрөнгө оруулах гэж буй бизнесээ нүдээрээ харах боломжийг олгож байгаа юм. Өчигдөр би Боао форумд оролцож буй хүмүүст хандаж, боловсролын салбарт анхаарал хандуулахыг уриаллаа. Өнөөдрийн мэдээлжсэн ертөнцөд хүн хоолоо олж идэхэд "Боловсрол" чухал болж байна. Иймээс энэ хүрээнд хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн Монголынхоо бизнес эрхлэгчид шинэ боломжийг нээж өгч байгаагаараа энэ форум онцлог.

Боао форумын Улаанбаатарын бага хуралд оролцогчид дэд бүтцийн асуудлыг чухалчлан хэлэлцсэн юм. Тодруубал, БНХУА-ын "Бүс ба Зам" санаачилга Монгол Улсын "Хөгжлийн зам" хөтөлбөртэй хэрхэн уялдуулах вэ гэдэг асуудал дээр төвлөрч ярилцсан билээ. Ингэхдээ, төрийн байгууллагуудын зүгээс томоохон мегатөсөлд аж ахуй нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм. Мөн санхүүгийн байгууллагын уялдаа холбоо нь дээрх төслийг хэрэгжүүлэхэд  маш чухал гэдгийг тодотгосон. Харин бизнес эрхлэгдийн зүгээс Монгол Улсад дэд бүтцийн хөгжил муу тул бизнес эрхлэхэд хүндрэлтэй байдаг гэдгийг онцолсон юм.


ЦАЦРАГИЙН ТУЯАГ МОНГОЛЧУУД ХЯНАЖ ЧАДАХ УУ?

Өнгөрч буй долоо хоногт ОХУ-д болсон дэлбэрэлтийн дараах химийн бодис, цацрагийн туяа Төв Азийн нутгаар тэр тусмаа Монголд тархсан байх магадлалтай хэмээн дэлхийн хэвлэлүүд шуугьж, үүнийг нь монголын жиргээчид ч онцолж, мэргэжлийн хүмүүсийг тайлбар өгөхийг шаардсан билээ. Бид уг мэдээлэл хэр баттай вэ гэдгийг өнгөрсөн долоо хоногт тодруулсан юм.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа “Цацраг идэвхт үүл Монгол Улсаар дамжлаа гэхэд аюулын хэмжээнд хүрэхгүй. Жижиг хэмжээний дэлбэрэлт 10 км дотроо аюултай байдаг бол том хэмжээний дэлбэрэлт 1000 км газар түгэх аюултай. ОХУ-д болсон дэлбэрэлт Монгол Улсаас 5000 гаруй км-ийн зайд болсон учир бидэнд аюулгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Харин "Мон атом" төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал Ц.Дамдинсүрэн "Цацраг идэвхт бодис агаар мандлаар дамждаг. Хэрэв салхи баруун хойноос чиглэлтэй байвал Монгол руу дамжих боломжтой" гэв.

Цацраг идэвхт бодисын хэмжээг хянадаг өөр нэг газар бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Тиймээс бид Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Ш.Сандаг-Очиртой холбогдов. Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд хяналтын төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар бүртгэл дээр цацрагийн тооны түвшин нэмэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Манайх хотын хэмжээнд хяналтаа тавиад явдаг" гэсэн юм.

Монгол Улсын 21 аймаг, хилийн 15 боомт дээр цацрагийн хяналтын төхөөрөмж 24 цагаар ажилладаг байна. Тиймээс энэ талаар урьдчилсан сэргийлэх мэдээлэл авч болдог аж. Ус цаг уур орчны шинжилгээний газар ирсэн мэдээллээ Байгаль орчин хэмжилзүйн газарт өгдөг байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын цацраг, хөрсний инженер Б.Эрдэнэбилэг "Аймгуудын цаг уур, орчны шинжилгээний албанаас надад өдөр бүр хяналтын мэдээллээ өгдөг. Одоогийн байдлаар цацрагийн түвшин ихэссэн мэдээлэл ирээгүй" гэв.

Харин Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр "2019 оны наймдугаар сарын 8 –ны өдөр ОХУ-ын Архангельск мужийн Нёнокса суурины ойролцоо болсон ослоос үүдэлтэй хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл ихээхэн цацагдаж байгаа ч албан ёсны эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн бүс нутгийн цацрагийн хэмжээ хэвийн байгаа ажээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн юм.

Гэхдээ дэлбэрэлтийн дараахан ОХУ-ын цацраг бодисын хэмжээг хянаж байдаг дөрвөн станц тодорхойгүй шалтгаанаар ажиллахаа больж, дэлхий даяар байрлуулсан 300 гаруй хяналтын станцын тусламжтайгаар цөмийн зэвсгийн туршилтыг бүртгэж байдаг CTBTO /Цөмийн туршилтыг хориглох гэрээний байгууллага/ -д мэдээлэл ирэхээ байсан нь хачирхалтай байгаа юм.

Нэгэнт тухайн дэлбэрэлтийн талбайд байгаа станцууд ямар нэгэн байдлаар ажиллахгүй байгаа учир агаарт тархсан бодисыг шинжлэх хамгийн боломжтой газар нь Монгол болон Хятадын хойд нутагт байрладаг хяналтын станцууд аж. Гэтэл ийм төрлийн мэдээллийг зөвхөн CTBTО-ын гишүүн улс орнууд хоорондоо солилцох эрхтэй байдаг учир Монголоос энэ талаар мэдээлэл авах боломжгүй байгаа гэж мэдээлэлд дурджээ.


ҮНДЭСНИЙ ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗУРАГ ТӨСӨЛД ХАУС ДИЗАЙН КОМПАНИ ЯЛАЛТ БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Үндэсний шинэ төв цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулахаар болсон. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийн ажилд уралдаан зарласан. Уралдаанд нийт есөн бүтээл ирсэн тухай бид мэдээлсэн. Есөн бүтээлд нийт 24 мянга 295 иргэн санал өгснөөс 84.6 оноогоор “Хаус Дизайн” ХХК “Хийморь цогцолбор” бүтээлээрээ тэргүүн байранд шалгарсан юм.

“Хийморь” цогцолбор нь гөлмөө дэлгэсэн эмээл хэлбэртэй, авто  замын үндсэн нэвтрэх хэсгийн хаалга нь нум сум хэлбэртэй  бөгөөд стадионы баруун зүүн талын төв хаалга нь дөрөө хэлбэртэй байхаар төлөвлөсөн  нь үндэсний хэв шинж бүхий архитекторын өвөрмөц шийдэлтэй цогцолбор юм. Ингэхдээ  авто зам, ногоон байгууламж нь баруун ба зүүн  жигүүр гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд баруун жигүүрээс зүүн жигүүр хүртэл явахын тулд  замын доод хэсэгт байрлах тунель гарцаар гарах юм. Мөн стадионы доторх хүмүүсийн агаарыг чийгшүүлэх зорилгоор стадионы төв орц гарцан дээр усан оргилуур төлөвлөж өгчээ.Тус цогцолборын эдэлбэр газрын хэмжээ нь 30 га бөгөөд  нийт барилгажих талбай 50000 метр квадрат талбай гэнэ.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж