Жүдо бөхийн ДАШТ-ийн эрэгтэй 60 кг-н жинд 73 тамирчин өрсөлдөж байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад олон тамирчин оролцож байна. Монгол Улсын жүдо бөхийн төрлөөр олимп, дэлхийгээс хамгийн олон медаль хүртсэн жин бол эрэгтэй 60 кг юм. Энэ жинд олимпийн наадмаас Х.Цагаанбаатар 2004 онд, Д.Нармандах 1996 онд тус бүр хүрэл медаль хүртсэн бол ДАШТ-ээс Г.Болдбаатар 2014 онд алт, 2017 онд хүрэл, Д.Амартүвшин 2013 онд мөнгө, Д.Баттулга 1989 онд хүрэл медаль хүртэж байсан.
Токиод Д.Амартүвшин гавьяат хүч үзэх бөгөөд энэ жил Токио болон Парисын Их Дуулгаас хүрэл медаль хүртсэн. Гавьяат Д.Амартүвшин D хэсэгт А.Папинашвили, Ф.Китадай болон Чой Ин-Хюк нарын шилдгүүдтэй багтаад байна. Эхний шатанд гоц мөргөсөн Д.Амартүвшин гавьяат 2-р тойрогт тэгшитгэлээс орж ирсэн Монако болон Португалын бөхчүүдийн ялсантай нь барилдана. Хэрвээ эхний өрсөлдөгчөө ялж чадвал БНСУ-ын Чой Ин-Хюктэй барилдах магадлал тун өндөр бөгөөд ялж чадвал хэсгийн аваргын төлөө гарч ирэх ч боломжтой.
Эрэгтэй 60 кг-н жинг 2018 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Оросын Р.Мшвидобадзе тэргүүлэн барилдана. Түүнээс гадна Риогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий 3 алт, 1 хүрэлтэй Н.Такато, 2018 оны дэлхийн аваргын хүрэл медальт Р.Нагаяама, Риогийн олимпийн мөнгө, 2015 оны дэлхийн аварга Казах залуу Е.Сметов, олимп, дэлхийн хүрэлтэй Узбекстаны Д.Урозбоев, Лондонгийн олимпийн хүрэлтэй Бразилын Ф.Китадай, дэлхийн аваргын хошой хүрэлтэй Гүржийн А.Папишанвили, дэлхийн аваргын хошой хүрэл медальт БНСУ-ын Ким Вон-Жин тэргүүтэй жүдочид өрсөлдөнө.
Мэдээж жингийн гол фаворит нь зохион байгуулагч орны тамирчин Н.Такато байх нь гарцаагүй. Дэлхийн аваргаас 4 медаль, тэр дундаа 3 алтан медаль хүртэнэ гэдэг хэн дуртай аавын хүү хийчих ажил биш. Н.Такато дэлхийн аваргаас авсан алтан медалийнхаа тоогоор домогт тамирчин Т.Рине, Н.Огава, Д.Дауле нарын араас И.Илиадис, А.Михайлин нартай зэрэгцэхүйц амжилтын эзэн юм. Риогийн олимпийн наадамд хэсгийн аваргын төлөө Гүржийн А.Папинашвилид ялагдаж хүрэл медаль дээр бууж байсан Н.Такато сүүлийн 2 дэлхийн аваргад босоо байгаа. Энэ жил Парисын Их Дуулга болон Монреалын Гранпри тэмцээнүүдэд түрүүлсэн. Хэсэгтээ Францын В.Хярт л хожигдохгүй бол асуудалтай дунд шөвөгт шалгарна. Хэрвээ уналгүй явбал хагас шигшээд Гүрж залуу А.Папинашвилитай таарах магадлал тун өндөр бөгөөд магадгүй дэлхийн аварга дээр таарч чадаагүй Н.Такато Риогийн олимпийн хариугаа авах ч юм билүү. D хэсгээ Гүржийн А.Папинашвили гараад ирэх магадлалтай ч хуучны хашир туршлагатай Д.Амартүвшин, Ф.Китадай нараас гадна Солонгос залуу Чой Ин-Хюк байгааг мартаж болохгүй. В хэсэгт Р.Нагаяама болон Е.Сметов нарын дунд хэсгийн аваргын өрсөлдөөн гарах боломжтой бол А хэсэгт жингийн тэргүүн бөх Оросын Р.Мшвидобадзег зогсоох бөх бараг л байхгүй болов уу? Орой финалд Японы 2 бөх зогсож байхыг үгүйсгэхгүй л юм. Учир нь ирэх жил Япон олимпийн наадмыг зохион байгуулна, иймд энэ удаагийн ДАШТ-д өндөр ач холбогдол өгч байгаа. Техник, барилдааны ур чадварын хувьд Н.Такато аварга бол яалт ч үгүй өрсөлдөгч нараасаа илүү гарна
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ