Өнөөдөр “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн болно | News.MN

Өнөөдөр “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн болно

Өнөөдөр “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн болно

Өнөөдөр “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн болно

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн өнөөдөр /2019.08.25/ 12:00 цагт  “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ.

“Робокон” тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. “ABU Робокон” бол инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын хичээлийн танхимаар олж авсан мэдлэгийг практик дээр туршдаг хамгийн том тэмцээн. Түүнчлэн оюутнуудад бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах, ачаалал даах чадвар, цаг барих зэрэг олон сайн дадал суулгадаг. Мөн багшийн тусламжийг харж, хүлээлгүй өөрсдөө шийдвэр гаргах, оролдох, зохион бүтээх гэх мэт олон чадвар, чадамжаа өсгөнө.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн телевиз. Энэ хүрээнд тус холбооноос зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн. Манай улсын багийн гаргасан хамгийн дээд амжилт нь 2004 онд дэд байр эзэлсэн. Үүнээс гадна Монголын оролцогчид жил бүр ивээн тэтгэгч байгууллагын цом, шагнал авч байлаа.

МҮОНРТ 2002 онд “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулснаас хойш 17 жил өнгөрчээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй оюутан, залуус “Робокон” тэмцээнээр дамжиж, ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. МҮОНРТ “ABU Робокон” олон улсын роботын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг хоёр жилийн өмнө албан ёсоор авсан билээ.

“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 300 орчим тамирчин өрсөлдөнө. Монгол Улс зохион байгуулагч орон тул давуу эрхээрээ хоёр баг өрсөлдүүлж байна.

“ABU Робокон” тэмцээн Япон, Вьетнамд тус бүр гурав, Тайландад хоёр, БНХАУ, Хонконг, Малайзад нэг удаа болсон. Ирэх 2020 онд Фижи улсад, 2021 онд БНХАУ-ын Бээжин хотод болно. Энэ жилийн тэмцээний онцлог нь монголчууд өөрсдөө дүрмээ зохиосон. “ABU Робокон” тэмцээний 18 жилийн түүхэнд дөрвөн хөлтэй робот бүтээх даалгавар байгаагүй. Монголчууд XIII зуунд дэлхийн анхны паспорт гэх хэлж болох гэрэгэг хэрэглэж эхэлсэн. Үүнийг илтгэсэн гэрэгэ дамжуулах мөн Монголын уламжлалт наадгай болох шагай хаях даалгавар бий. Улмаар 50-аас дээш оноо авсан тохиолдолд, хангайн бүсээс уулын бүс рүү нэвтрэн орж, гэрэгэг нэг метрийн өндөрт өргөснөөр өрсөлдөгч багаа цэвэр ялах даалгавар оруулж өгсөн. Зохион байгуулагч орноос шалтгаалж жил бүр тэмцээний дүрэм өөрчлөгддөг ч оногдсон хугацаа буюу гурван минут хэвээрээ байдаг.

БНХАУ, Вьетнам, Японы багийн роботын хөгжил бусад орны оролцогчдоос түрүүлж яваа. Энэ гурван баг дугуйтай роботын төгс шийдлийг аль хэдийн олчихсон. Тиймээс оролцогчид дугуйтай роботын хөгжлийг хэдийн туйлд нь хүргэчихсэн учир “ABU Робокон-2019” тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс дараагийн шат нь алхдаг робот юм байна гэж үзсэн юм. Тиймдээ ч Монгол орноо таниулах, сурталчлах зорилгоор морийг бэлгэдэж, хоёрдугаарт “ABU Робокон” тэмцээнд технологийн хөгжлийн шинэ хуудсыг нээе гэдэг үүднээс дөрвөн хөлт робот бүтээх даалгавар, энэ даалгаварт уялдсан дүрэм боловсруулсан.

“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээний үеэр зохион байгуулагч буюу Монгол Улсаас хоёр шүүгч ажиллана. “Робокон” тэмцээнийг санаачлагч Японы их сургуулийн доктор Масаши Шимизү (80 гаруй настай эрдэмтэн), өнгөрсөн жилийн зохион байгуулагч орны болон ирэх жилийн зохион байгуулагч Фижигээс тус бүр нэг шүүгч томилогдсон. Харин талбайд Монголоос ес, санаачлагч болон өмнөх, дараагийн зохион байгуулагч орноос тус бүр нэг гээд нийт 12 шүүгч ажиллах юм.

ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээний нээлт болон завсарлагаанаар Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, соёлын тэргүүний ажилтан, дуучин,  Ука (Д.Уламбаяр), “Чоно” хамтлаг, “Aim4R” продакшн тэргүүтэй рок, поп, хип хоп урлагийн одууд уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ. Мөн тэмцээн болох өдөр “Буянт ухаа” спортын ордны гадаах талбайд дэмжигч, ивээн тэтгэгч байгууллагуудын шинэ технологийн үзэсгэлэн нээгдэнэ. Үзэгчид тэмцээний хажуугаар Монголын болон гадаадын шилдэг компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологитой танилцах боломжтой.

“ABU Робокон-2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнийг МҮОНРТ-ийн нэгдүгээр суваг, “MNB world” сувгаар эх орон даяар шууд дамжуулан үзүүлэхээс гадна Японы NHK телевизийн сошиал хаягаар олон улсад шууд дамжуулна. Үүнээс гадна 15 орны олон нийтийн телевизүүд цуврал нэвтрүүлэг бэлтгэж өөрийн орны үзэгчиддээ хүргэдэг уламжлалтай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж