Токиогийн Эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургуулийн гүйцэтгэх захирал Масаказу Ямамотог Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, хоёр улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон хавдар судлалын салбарыг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Япон улсын иргэн, Токиогийн Эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургуулийн гүйцэтгэх захирал, профессор Масаказу Ямамотог Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа өнөөдөр гардуулав.
Токиогийн Эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургуулийн гүйцэтгэх захирал, профессор Масаказу Ямамото нь 2008 оноос хойш 12 удаа Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын клиникт ирж ажиллахдаа 50 гаруй монгол иргэнд амжилттай мэс засал, эмчилгээ хийсэн бөгөөд ажлын байран дээрх сургалтыг мөн явуулж, тус төвийн элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, ходоодны мэс засал, улаан хоолойн мэс засал, бүдүүн гэдэсний мэс засал, эмчилгээг одоогийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN
Холбоотой мэдээ