МАН-ын бүлэг хэдэн өдөр зөвшилцөлд хүрэхгүй явсаар Пүрэв гаригт хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх, Ерөнхийлөгчийн саналуудыг хүлээн авсан. Үүний дагуу өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан заалтууд болон бусад саналуудыг нэгтгэж, байнгын хороо санал хураалт явуулсан юм.
БАЙНГЫН ХОРООНООС ДЭМЖИГДСЭН ЗААЛТУУД:
- Төслийн 4 дүгээр зүйлд буюу Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаа” гэснийг “ерэн ес” гэж, төслийн мөн зүйлийн 21.2, 24.2, 40.1, 59.3, 60.2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж, төслийн Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавиас доошгүй” гэснийг “далан таваас доошгүй” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ нь УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож, парламентын хугацааг таван жил болгох юм.
- Төслийн 4 дүгээр зүйлийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс татах үндэслэл болно” гэж өөрчлөхийг олонх дэмжсэн.
- “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байна” гэж өөрчлөн найруулж, дэмжив.
- Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг , нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажилын төрлөөр данган байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж, мөн төслийн “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулж, дэмжив.
- Байгалийн баялгатай холбоотой заалтыг “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн. Гэхдээ уг асуудалд АН-ын зөвлөлийн саналыг тусгаж, “байгалийн баялгийн” гэснийг хасч, “газрын хэвлийн баялгийн” гэж өөрчлөн Ажлын хэсгийн саналтай нэгтгэхийг дэмжлээ.
- Төв банктай буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 заалттай холбоотой заалтуудыг “төрийн санхүү, зээл албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох бөгөөд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн Ажлын хэсгийн саналыг “Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр” гэснийг хасч, “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох бөгөөд ингэхдээ төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэж АН-ын зөвлөлийн саналыг тусган өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив
- Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийн хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу “Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн
- “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж өөрчлөн найруулсан Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
АН-ЫН ЗӨВЛӨЛИЙН ДЭМЖИГДЭЭГҮЙ САНАЛУУД:
- “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах, бүрэн эрхтэй, түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн төслийн заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин үүнийг найруулж, ажлын хэсгээс ирүүлсэн “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн эрх ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн саналаар дэмжигдэв.
ДАХИН ЗӨВШИЛЦӨХ САНАЛ:
Харин төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгоно; нэгийг Засгийн газар, хоёрыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, хоёрыг мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, сонгох, томилох журмыг хуулиар тогтооно” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах асуудлыг Зөвшилцлийн ажлын хэсэг болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх хүртэл түр хойшлуулжээ.
Байнгын хорооны хуралдаан Баасан гаригт шөнө болтол хуралдсан бөгөөд Даваа гаригт буюу наймдугаар сарын 26-ны өдөр үргэлжлүүлэн хуралдахаар товлосон юм.
Ш.ОЧ