Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/772 дугаар захирамж гарсан билээ.

Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар батлагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 дугаар тушаалын дагуу Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Багахангай дүүргийн төв зам дагуух, Налайх дүүргийн Тэрэлж рүү салдаг уулзварын, Чингэлтэй дүүргийн Гүнт зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байнгын хяналт шалгалт хийгдэж байгаа ажээ.

Тарваган тахал нь олон улсын хөл хориот, байгалийн голомтот халдварт өвчин. Төв-Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ордог. Уул-хээр, тал-хээр, говь-хээрийн гэсэн гурван хэв шинжит тарваган тахлын байгалийн идэвхтэй голомт оршдог. Тарваган тахлын нян байгальд мэрэгч-бүүрэг-мэрэгч гэсэн гинжэн хэлхээнд оршиж байдаг аж.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2015 оны долдугаар сарын 1-нээс эхлэн наймдугаар сарын 17-ны хооронд тарваган тахал өвчний сэжигтэй яаралтай таван дуудлага ирснээс Ховд аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хоёр хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагдаж, нэг хүн нас баржээ.

Тарваган тахал өвчнийг ямар замаар авч болох вэ?

  • Тарваган тахлаар өвчилсөн тарвагыг агнах, арьсыг өвчих, махыг эвдэх явцад шууд хавьтлын замаар
  • Мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулснаас дам халдварын замаар
  • Халдвар авсан хүн ханиаж найтаах үед амьсгалын замаар
  • Халдвартай тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу боловсруулсан махан бүтээгдэхүүнийг хэрэглэх үед хоол хүнсээр

Тарваган тахал өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?

  • Нохойд бариулсан тарвага болон тарвага, зурамны үхсэн сэг, зэмтэй таарвал шууд харьцахгүй байх, яаралтай мэргэжлийн байгууллагад мэдээлэх
  • Тарвага, зурам агнахгүй байх, тарвага, зурамны арьс, мах худалдан авах, мах хоол хүнсэндээ хэрэглэхгүй байх
  • Тарвага, зурамны бөөс, бүүргэнд хазуулахаас сэргийлэх
  • Тарваган тахлын эсрэг вакцинд жил бүр хамрагдах
  • Тарваганы гаралтай түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
  • Тарваган тахлын сэжигтэй болон өвчтэй хүнтэй цуг байсан тохиолдолд нэн тэргүүнд ойролцоо эмнэлгийн байгууллагад яаралтай хандах

Та тарвага, мэрэгчтэй харьцсаны дараа зургаа хоногийн дотор

– Өндөр халуурах
– Булчирхай цочиж, томрон, эмзэглэх
– Дотор муухайрах, бөөлжих огиулах
– Цээжээр өвдөх, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж