Улаанбаатар хотын хэмжээнд хөл хөдөлгөөн ихсэж, хэсэг хугацаанд чимээгүй байсан түгжрэл эргэн ирлээ. Ачаалалгүй зам нэг ч алга. Аль ч зам сонгосон түгжрэлд орж байна. Хичээл эхэлсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, ирэх жилийн зун хүртэл тэвчих л хэрэгтэй боллоо.
Хувийн тэргээр зорчсон ч, нийтийн унаагаар явсан ч үр дүн нь адилхан. Түгжрээнд 2-3 цаг зарцуулна. Аягүй бол өнгөрсөн жилүүдийнхээс ч их цагийг түгжрэлд зарцуулдаг болохыг үгүйсгэхгүй. Жил ирэх тусам түгжрэлд зарцуулдаг цаг нэмэгдэх болсон нь импортоор орж ирдэг автомашины тоо буурдаггүйтэй холбоотой.
Монгол Улсын хилээр жилдээ 70 мянга гаруй автомашин орж ирдэг Гаалийн мэдээлэл гарсан байх ба 2018 онд 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Үүний 500 мянга гаруй нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Хөдөө орон нутгаас орж ирдэг тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхэд өдөрт 600 мянга руу дөхсөн автомашины хөдөлгөөнийг зохицуулах шаардлага үүсч байгаа юм.
Хичээл эхлэхэд хэдхэн хоног үлдэж, хотын захирагч өчигдөр /2019.08.22/ захирамж гаргаж, амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр боллоо. Ингэснээр улсын дугаар нь тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гаригт замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаар нь сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гаригт замын хөдөлгөөнд оролцох болж байна. Энэ бол шинэ зохицуулалт биш, өмнө ч хэрэгжиж ирсэн зохицуулалт юм.
Уг нь хотын захиргаа олон жилийн асуудал болж буй түгжрэлийг сааруулахын тулд өнгөрсөн долдугаар сард орон нутгийн дугаартай автомашин, зөрчил гаргаад торгуулиа төлөөгүй жолооч нарыг хотын төв хэсэг рүү нэвтрүүлэхгүй байх санаачлага гаргасан ч иргэдийн олонх эсэргүүцсэн тул ухарсан. Угтаа бол үүргээ биелүүлж байж эрхээ эдэлье л гэсэн агуулгатай зохицуулалт байв.
Үр дүн нь эерэг тусаж болох байсан ч иргэдийн олонх дэмжээгүй тул одоо яалтай. Түгжрэлтэйгээ эвлэрээд л хөдөлгөөнд оролцохоос аргагүй. Хэдэн ч цаг түгжирсэн тэвчээр заагаад л явцгаая. Түгжрэлд бухимдсан нэг нь дүрэм зөрчин, илүү нэг хөдөлгөөн хийхэд байдлыг улам л хүндрүүлнэ.
Уур бухимдал болж, замын цагдаагаа, хотын удирдлагаа ч зүхэх хэрэггүй. Энэ сонголтыг тэд биш нийслэлийн иргэд та бид хийсэн. Хэдийгээр бүсчлэлийг хэрэгжүүлэх нь зөв юм гэсэн байр суурьтай иргэд байсан ч олонхидоо ялагдсан.
Татвартай болъё гэдэг санаачлага гардаг ч бас л дэмждэггүй. Иргэдээ баян, ядуугаар нь ялгаварлах нь гэж эсэргүүцдэг нь олон. Бүсчлэл тогтооё эсэргүүцсэн, татвартай болъё гэхэд бас л дэмжихээргүй байгаа. Нам гацаад автомашин явах боломжгүй болоход сая нэг ухаарцгааж, эдийн засгийн арга хэрэглэхээс аргагүй нь гэж бодох юм уу, үгүй юм уу бүү мэд.
Тэгэхээр одоо байгаа нөхцөл байдлаа тооцоход шинээр баригдаж байгаа болон засвар хийгдэж буй авто замууд цаг хугацаандаа ашиглалтад орж, ачааллыг бууруулаасай л гэж хүлээх болж байна. Тухайлбал, Замын цагдаагийн гүүрэн замын үндсэн хэсгийг ирэх аравдугаар сард нээх даалгавар гүйцэтгэгч компани хүлээсэн бол Зуун айл орчмын замыг ирэх аравдугаар сард багтаан ашиглалтад оруулах үүрэг мөн өгөгдөөд байгаа. Хэдийгээр дээрх авто замууд Улаанбаатар хотын төв хэсгийн авто замд үүсдэг түгжрэлийг сааруулахад онцын нөлөө үзүүлэхгүй гэж буй ч тухайн тойрогт үүсэж ирсэн түгжрэлийг сааруулж чадна.
Дахиад сануулъя, түгжрэлийг шийдэж болох зохицуулалтыг нийслэлийн иргэдийн олонхийн саналаар болиулсан шүү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ