Роботууд шагай хаяж, морь буулгана

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Роботууд шагай хаяж, морь буулгана

Роботууд шагай хаяж, морь буулгана

"Abu robocon-2019 Mongolia" олон улсын тэмцээн энэ сарын 25-нд "Буянт-Ухаа" цогцолборт болно. Тус тэмцээнд дэлхийн 16 орны 17 баг өрсөлдөх юм. Энэхүү тэмцээний зохион байгуулагчид өнөөдөр /2019.08.23/ "Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд мэдээлэл хийлээ.

Японы NHK телевиз 1991 онд санаачилж байсан уг тэмцээний дүрмийг энэ жил манай улс санаачилж буйгаараа онцлогтой. Тиймээс ч роботууд Монголын уламжлалт наадгай болох шагай хаях ёстой. Шагай хаяж, морь буулгаснаар илүү өндөр оноо авах юм. Энэ жилийн тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс оролцож буй оюутан залуус дугуйт робот биш, дөрвөн хөлт алхдаг робот зохион бүтээж оролцож буйгаараа өмнөх жилүүдээсээ шинэлэг болж буй ажээ.

Хэдийгээр танин мэдэхүй, шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий боловч уг тэмцээнийг сонирхогчдын тоо жилээс жилд цөөрч, цар хүрээ нь хумигдаж байгаа нь анхаарал хандуулахуйц асуудлын нэг болжээ.

Өнөөдөр инженер сэтгэлгээтэй цөөн хүмүүс л энэхүү тэмцээнийг үздэг болсон нь шинжлэх ухааны салбар ахицгүй байгаагийн нэг шалтгаан юм. Техник технологийн эрин зуунд амьдарч буй энэ цаг үед “Робокон” төслөөр дамжуулан шинжлэх ухааны хөгжил дэвшил нэг шатаар ч болов ахих, ирээдүйд инженерийн боловсон хүчин нэмэгдэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй юм.

МОНГОЛЫН ДҮРЭМД ДУГУЙТАЙ БИШ, ДӨРВӨН ХӨЛТЭЙ РОБОТУУД БАЙХ ЁСТОЙ

“Аbu robocon-2019 Mongolia" олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.АГААНОРОВ:

Тэмцээний бэлтгэл ажил хангагдсан. Энэ удаагийн тэмцээнд Монголын дүрмээр дөрвөн хөлт роботыг “Робокон”-ы түүхэнд 17 жилийн түүхэнд анх оруулж ирж байна. Өнгөрсөн жилүүдэд дугуйтай роботын хөгжил дэлхийн улс орнуудад дээд хэмжээндээ хүртэл хөгжсөн. Бид ийм дүрмээс бусад улс орнуудтай өрсөлдөхөд хөгжлийн хувьд харьцангуй байсан учраас Монголын дүрэмд дугуйтай биш, явдаг роботууд байх ёстой гэж үзсэн. Энэ утгаараа монгол морийг бэлгэдэж, дөрвөн хөлт автомат робот байхаар дүрэмд тусгасан. Дүрмийг өнгөрсөн оны наймдугаар сард Вьетнамын тэмцээний хаалтын үеэр танилцуулсан. Энэ үеэр “Робокон” тэмцээнд амжилттай оролцдог Япон, Вьетнам, Хятад зэрэг улсын оюутнууд гайхширч “чадах болов уу” гэсэн эргэлзээтэй хүлээн авсан л даа. Манай улсын дүрмээр Ази номхон далайн бүсийн 16 орон өрсөлдөж, үндэсний аваргууд нь Монгол Улсад ирж буй энэ юм. Монгол Улс “Робокон” тэмцээнд 2002 оноос оролцож эхлэхдээ механик шийдлээр оролцож байсан бол сүүлийн жилүүдэд автомат роботоор өрсөлдөх болсон. Монголчууд робот гэхээр их хол хөндий хүлээж авдаг л даа. Гэхдээ гарын доорх материалаар хүн бүр робот бүтээж болно. Жишээ нь, түмний ундааны саваар ч хийж болно шүү дээ. Үүнийг хүүхэд залууст танин мэдүүлснээр инженер техник сэтгэлгээг нь хөгжүүлж, шинжлэх ухааны салбарт болон ирээдүйд инженерийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

МОНГОЛ УЛС РОБОТЫН ХӨГЖЛӨӨРӨӨ ДУНД ШАТАНД БАЙНА 

"Манай улсад роботын технологийн хөгжил дэлхийн улс орнуудтай харьцуулахад дунд шатандаа явна" гэж Японы талаас дүгнэжээ. Энэ тухай “Аbu robocon-2019” төслийн ерөнхий зохион байгуулах хорооны дарга Арай Томохиса “Робокон тэмцээнд жил бүр олон улсаас 17 баг оролцдог. Эдгээр улс орнуудтай харьцуулахад роботын хөгжлийн түвшнээрээ дунд шатандаа буюу хөгжиж л яваа гэж үзэж байна. Монгол Улс “Робокон” тэмцээнд 2002 оноос оролцож эхэлснээс хойш 18 жилийн түүхэнд анх удаа уг тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулж байна. Энэ тэмцээнийг зохион байгуулсан улс оронд шинжлэх ухааны хөгжил дэвшилд тодорхой ахиц үр нөлөө үзүүлдэг нь улс орнуудын туршлагаас харагддаг. Тиймээс монголын хүүхэд залууст “Робокон”-ыг танин мэдүүлэх нь чухал” гэлээ.

“Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн. Манай улсын багийн гаргасан хамгийн дээд амжилт бол 2004 онд дэд байр эзэлсэн түүхтэй юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж