Зөвлөлт, Якутын цэргүүдийн эр зоригийг мөнхжүүлэх зорилгоор Якутын “Виктория” эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллагаас 2019 оны наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 10-ны хооронд "Халхын гол: Ард түмний ой санамжид үүрд мөнх" нэртэй эмэгтэйчүүдийн мото ралли зохион байгуулж буй юм байна.
Монголын Халх голын бүсэд Зөвлөлт-Монголын цэргүүд Японы түрэмгийлэгчдийг ялсны 80 жилийн ой, Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан тус уралдааны явцад зургаан хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг хоёр машинтайгаар 9000 км (ОХУ-д 6,000 км, Монголд 3000 км) зам туулан, ахмад дайчид болон залуучууд, эмэгтэйчүүдтэй уулзалтууд хийхээр төлөвлөжээ.
“Виктория” байгууллагаас мэдээлснээр, Улаанбаатар хотоос Халх голын бүс рүү дээрх хоёр багийнхантай хамт гурван хүний бүрэлдэхүүнтэй монгол эмэгтэйчүүдийн баг явах аж. Авто ралли Якутск-Чит-Улаан-Үд-Хиагт-Дархан-Улаанбаатар-Чойбалсан-Халхын гол-Чойбалсан-Соловьевск-Амазар-Тында-Нерюгри-Якут гэсэн маршруттай байх юм байна.
Энэхүү раллигийн зорилго нь Халхын голын тулалдаанд амь үрэгдсэн Зөвлөлт, Якутын дайчдын дурсгалыг хүндэтгэх, ном хэвлүүлэх материал цуглуулах, Саха (Якут) болон Монгол Улсын эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа аж. Мөн цаашид аялал жуулчлал, Якут, Улаанбаатар хотуудын хоорондын найрсаг түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.
"Якут, Улаанбаатар хотуудад ижил төстэй зүйл олон. Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бол Якутск хот мөнх цэвдэг бүс дэх дэлхийн хамгийн том хот юм" хэмээн "Sakha Life" мэдээлсэн байна.
Авто раллигийн үр дүнд “Виктория” байгууллагаас бизнес, эдийн засаг, соёлын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, залуучуудад цэрэг-эх оронч боловсрол олгох, улмаар Якут хот болон Саха (Бүгд Найрамдах Якут) улсыг сурталчлахад хувь нэмрээ оруулахаар зорьж буй юм байна.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: SAKHA LIFE
Холбоотой мэдээ