Хавдар судлалын үндэсний төв, Япон улсын Накаяама нийгэмлэг хамтран 11 дэх жилдээ "Хоол боловсруулах замын хорт хавдрын менежмент" сэдвийн дор Олон улсын хурлыг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Уг хуралд Японоос 25, Хятадаас таван эмч оролцож байна. Энэ хүрээнд Дэлхий нийтэд хоол боловсруулах замын хорт хавдрын оношилгоо, эмчилгээний чиг хандлага ямар байгаа талаар хэлэлцэж, хамтран туршлага солилцож, сургалт явуулах ажээ.
Өнгөрсөн хугацаанд жилд нэг эрхтэний байрлалыг сонгон авч онол, практикийн хурал хийдэг байжээ. Харин энэ жилийн тухайд хавдрын бүх байрлалыг нэг бүрчлэн авч хэлэлцэж буйгаараа онцлогтой юм байна. Тус хурлын талаар Элэг шилжүүлэн суулгах албаны дарга, хурлын зохион байгуулагч Р.Мөнхбат ярихдаа:
“Манай улсад жилдээ 6000 орчим хүн хоол боловсруулах замын хорт хавдраар өвчилж байна. Энэ бол их тоо. Бид оношилгооны чадамжийг сайжруулах, эмчилгээний аргуудыг сайжруулах, үр дүнтэй байлгахын тулд Олон улсын эмч нарын багтай хамтарч ажилладаг. Сүүлийн үед дэлхий нийтээр мэс заслын аргаас гадна хими, дархлаа, шугаман хурдасгуур туяа зэрэг эмчилгээ түлхүү хийж байна. Бид Хавдар судлалын төв дээрээ хоёр аппарат бэлэн болгоод эмчилгээ хийгээд эхэлсэн. Гэхдээ төлбөр мөнгө нэлээн өндөр тул монголчуудад хүндрэлтэй байна. Үүнийг хэрхэн бууруулж болох вэ гэдэг талаар бид мөн хурлын үеэр ярилцах юм” гэлээ.
Хавдар судлалын үндэсний төв дээр Элэг, ходоод, бөөр, улаан хоолой зэрэг таван төрлийн мэс заслыг нэг дор хийж байгаа нь уг хурлын онцлог юм. Монгол эмч нар гадагшаа явж сурдаг байсан бол энэ удаа эмч нараа дотооддоо сургаж байна. Хөдөө орон нутаг, хоёрдугаар шатлалын эмч нар болон эдгээр хагалгаануудыг хийхгүй байгаа гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч нар хамрагдаж байгаа аж. Сургалтыг шууд хагалгааны өрөөнд явуулж байлаа.
Мэс заслаас гарч ирсэн Хавдар судлалын үндэсний төвийн элэг, цөсний их эмч Б.Мөнхдэлгэр ярихдаа “Сая миний хувьд элэгний зүүн дэлбэн буюу хоёр, гуравдугаар сегментийг тайрах хагалгаа хийлээ. Уг хагалгаанд Сэлэнгэ аймаг, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны Их сургуулийн эмч гээд дөрвөн эмчтэй хамтарч хийлээ. Хагалгаа ямар нэгэн хүндрэлгүй амжилттай боллоо” гэв.
Түүнтэй хамтарч мэс засалд орсон, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтлөөс ирсэн мэс заслын их эмч О.Эрдэнэбулган ярихдаа “Өнөөдөр анх удаа элэг тайрах хагалгаанд орж үзлээ. Хөдөө орон нутгийн эмч нарт туршлага хуримтлуулсан, өгөөжтэй сургалт болж байна. Манай аймгийн хувьд элэгний хавдар нийт хавдрын 40 хувийг эзэлдэг. Одоогоор манай аймагт энэ хагалгааг хийх боломжгүй. Гэхдээ янз бүрийн яаралтай асуудал тулгарлаа гэхэд бид орон нутагтаа анхны тусламж үзүүлэх хэмжээний мэдлэг авлаа” гэсэн юм.
Маргааш энэхүү хурлын үргэлжлэл болох олон улсын эмч нарын хамтарсан илтгэл тавигдах юм байна.