Худалдааны дайн өрнүүлээд буй Азийн хоёр том гүрний зөрчил хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаанд нөлөөлж эхэллээ. Өмнөд Солонгосын засгийн газар Япон улстай тагнуулын мэдээлэл хуваалцах гэрээгээ цуцалж байгаагаа өчигдөр /2019.08.22/ зарлажээ. Тус улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл олон цагийн турш хуралдсаныхаа дараа ийм шийдвэр гаргасан байна. Энэхүү гэрээ нь бямба гариг /2019.08.24/-т албан ёсоор дуусч, цааш автоматаар сунгагдах байв.
Ийнхүү гэрээг цуцалснаар Хойд Солонгосын аюул заналаас сэргийлэхэд хамтран ажилладаг хөрш орнуудын хэлхээ холбоо тасалдаж буйг олон улсын ажиглагчид анхааруулж байна.
Японы засгийн газрын зүгээс Өмнөд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авч, харилцан итгэлцэл байхгүй болсон нь гэрээг цуцлах үндэслэл болсныг тус улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэд дарга Ким Юү Гюн мэдэгдсэн байна. Харин Японы Гадаад хэргийн сайд Өмнөд Солонгосын шийдвэрт ихээхэн харамсаж буйгаа илэрхийлээд, Токио дахь Өмнөд Солонгосын Элчин сайдад албан ёсны эсэргүүцэл илэрхийлэхээр болсныг мэдэгджээ.
Эх сурвалж: KOREA TIMES