УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилгаар зохион байгуулагддаг монгол сарлагийн онцлог, гайхамшгийг сурталчлан таниулах, сарлагийн аж ахуйд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий “Монгол Сарлаг” наадам, фестиваль Архангай аймгийн Тайхарын талд өргөн дэлгэр боллоо.
Архангайчууд сарлагийн баяр, фестивалийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. 2015, 2017, 2019 онуудад буюу энэ жил гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдав.
Энэ удаагийн сарлагийн баярт Архангай аймгийн сарлагтай нийт сумдын төлөөллөөс гадна 16 аймгийн сарлаг үржүүлэгчид, малчид оролцлоо. Олон аймгийн төлөөллийг оролцуулдаг уг фестиваль улсын хэмжээний "Сарлагийн баяр" наадам гэдгээрээ онцлогтой.
Тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Бэлчээр ашиглагчдын холбоо болон ХААХХҮЯ мөн сарлагийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болох мах, сүү, арьс шир, хөөврөөр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагууд, үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ авчирч сурталчлан танилцуулснаас гадна энэхүү наадмыг ивээн тэтгэж оролцов.
"Монгол Сарлаг" фестивалиар сарлагийн олон уралдаан тэмцээн зохион байгуулагддаг уламжлалтай. Тухайлбал, хурдан сарлагийн уралдаан болон сарлаг бугуйлдах, булгиулах тэмцээн мөн мах, сүүний ашиг шим өндөртэй, хөөвөрлөг сарлагийн бух шалгаруулснаас гадна хамгийн сайхан чимэг, тоногтой үзэмж төгөлдөр ганган сарлагийг шалгарууллаа.
Их тамир сумын С.Батболдын хар сарлагийн бух хамгийн хөөвөрлөг бухаар, Чулуут сумын Н.Түмэндэмбэрэлийн цагаан бух бусад үзүүлэлтээрээ түрүүлсэн юм. Түүнчлэн Хангай сумын Л.Бат-Эрдэнийн ягаан үнээ “Арвин баялаг” буюу хамгийн их сүүтэй үнээгээр шалгарсан юм. Тус үнээнээс 3,150 литр сүү саажээ. Удаах байранд Их тамир сумын М.Отгонцэцэгийн хар үнээнээс гурван литр сааж шалгарав.
Өнөөдөр манай улсын нийт 13 аймгийн 132 суманд сарлаг тархсан байдаг бол Монгол Улсын нийт сарлаг сүргийн 50 гаруй хувь нь буюу 400 гаруй мянган сарлаг Архангай аймгийн өндөр уулын бүсэд өсөн үржиж байна. Монгол сарлаг бол байгальд, бэлчээрт хамгийн ээлтэй, түүний сүү, мах, хөөвөр гээд түүхий эд нь экологийн хамгийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай.
“МОНГОЛ САРЛАГ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
“Монгол Сарлаг" 2019 наадам, фестивалийн хүрээнд мөн “Монголын Сарлаг” үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн болсон юм. Монгол сарлагийн удмын санг хадгалж хамгаалах, сарлаг үржүүлэгчид, малчдыг дэмжих, түүхий эд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх бодлогыг энэхүү зөвлөгөөнөөс гаргажээ.
Мөн сарлагийн аж ахуйд тулгамдаж буй асуудлуудыг, шийдлийнх нь хамт төрийн бодлого болгон “Монгол Сарлаг Үндэсний хөтөлбөр”-тэй болохоор шийдвэрлэн төслийг боловсрууллаа. Энэхүү “Монгол Сарлаг” үндэсний хөтөлбөр цаашид батлагдсанаар
- Сарлагийн цөм сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулах
- ашиг шимийг нэмэгдүүлэх,
- Сарлагийн цөм сүргийг сарлаг бүхий аймаг, сумдад бий болгох
- Сарлаг бүхий аймаг, сум хоорондын үржлийн сарлагийн солилцоог хийх боломжууд бүрдэнэ.
Монгол сарлагийн тоо, толгой, ашиг шим нь өсөн нэмэгдэж, сарлагийн гаралтай бүтээгдэхүүн биднийг дэлхийд сурталчлах нэрийн хуудас, брэнд бүтээгдэхүүн болно гэдэгт сарлаг үржүүлэгчид итгэлтэй байна.
Холбоотой мэдээ