Үндэсний баяр наадмыг Улс даяар нэг өдөр хийе

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Үндэсний баяр наадмыг Улс даяар нэг өдөр хийе

Үндэсний баяр наадмыг Улс даяар нэг өдөр хийе

Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Үндэсний баяр наадам зах замбараагаа алдаж байгаа тухай хэлээд баяр наадмыг нэг өдөр зохион байгуулдаг болох хэрэгтэй байна, цаашид анхаарч ажиллана” гэж хэлсэн.

2003 онд Үндэсний Их Баяр наадмын тухай хууль гарсан байдаг. Уг хуульд зааснаар Улсын баяр наадмыг Засгийн газар, аймаг, сумын баяр наадмыг тухайн шатны Засаг даргын тогтоосон газарт тус тус тэмдэглэнэ хэмээн 2 дугаар зүйлийн 4-т заасан. Мөн Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, нийслэл, сум (дүүрэг)-ын баяр наадмаас бүрдэнэ гэсэн заалт бий. Хэрвээ энэ хуулиас үзвэл Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд зааснаар аймаг нь нийслэлтэй, сум нь дүүрэгтэй, баг нь хороотой дүйж байгаа тул дүүргийн наадамд түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол өгч байгаа нь бас л хуулийн завхрал явагдаж байгаагийн илэрхийлэл. Налайх болон Багануур дүүргийн наадамд түрүүлээд аймгийн арслан цолонд хүрч байгаа явдал нь шударга бус юм. За энэ ч яах вэ, өөр хэрэг.

Харин Үндэсний баяр наадмын тухай хууль анх гарснаас хойш 2007 оны 7 сар, 2014 оны 6 сар, 2017 оны 2 сард тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Хамгийн сүүлийн 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний сур харваанд олгож буй цолыг өөрчилсөн. Бид Үндэсний баяр наадмаа хийх өдрөө хуульчлаад оруулж өгч яагаад болохгүй гэж. Ийн бичиж буй учир нь бөхчүүд "яс горьдсон нохой" шиг аймаг, сумын наадам хэсэж наадам үймүүлж, будлиантуулах явдал хэрээс хэтэрч байна. Магадгүй үүнийг анзаарсан учраас Шадар сайд Ө.Энхтүвшин баяр наадмыг нэг өдөр хийдэг больё гэж хэлсэн болов уу?

Хэдийгээр нүдээрээ харж, баримтаар нотлоогүй ч аймаг, сумын наадам байтугай улсын наадамд допинг, найрааны асуудал амь бөхтэй оршин байсаар өдийг хүрч байгаа. Бүр сүүлдээ үндэсний өв уламжлал болсон баяр наадмаа улс даяараа хийж чадахаа болиод, хэрүүл тэмцэл, талцал болоод байгаа нь нэгэнтээ тодорхой болоод байна.

Иймд улсын наадмаа 10-наас 12-ны өдрүүддээ хийгээд, улсын хэмжээнд байгаа 330 сумын наадмыг нэг өдөр, 21 аймгийн наадмыг мөн нэг өдөр хийвэл лав л наадмаас наадам хэсэж, орон нутгийн иргэдийг бухимдуулан байж будлиан үүсгэх асуудал бага ч болов цэгцрэх боломжтой. Бид Үндэсний баяр наадмын тухай хуулиндаа өөрчлөлт оруулж болж байхад яагаад улсын наадмаасаа зөрүүлээд аймаг, сумын наадмыг нэг өдөр хийх талаар тусгаж болохгүй гэж?

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж