"Халх голын дайнд Монголоос нэг айлын найман хүү оролцож байсан"

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

"Халх голын дайнд Монголоос нэг айлын найман хүү оролцож байсан"

"Халх голын дайнд Монголоос нэг айлын найман хүү оролцож байсан"

Халх голын дайн бол зөвхөн дайн байгаагүй. Энэ бол эх орноо амиараа хамгаалах зоригт баатруудын эрэлхэг тулаан байсан юм. Харин энхийн энэ цагт бид эх орон, газар шороогоо яаж хайрлаж хамгаалдаг вэ? Энэ сэдвээр бид Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатартай ярилцлаа.


-Дэлхийн хоёрдугаар дайн Халх голын дайнаар эхэлсэн гэж зарим судлаачид үздэг. Яг хэдийд эхэлсэн байдаг вэ?

-Халх голын дайн 1939 оноос бүр эрт эхэлсэн. Япончууд 1930-аад онд зүүн хойд Хятадад цэрэг, стратегийн бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн байдаг. Улмаар Манжуурт нөлөөгөө тогтоогоод Манж го улс гэдгийг байгуулжээ. Энэ нь Оросын эрх ашигт их хүндээр туссан. Учир нь Японы цэрэгтэй Орос өргөн уудам нутаг дэвсгэрээр хиллэж магадгүй болсон байгаа юм. Ингэж хиллэх хамгийн их нөлөөний бүс нь Монгол байжээ. Тэр үед япончууд Монголын цэрэг хүч султай газраар дайраад Байгал нуурын өмнө талаас довтлох төлөвлөгөөтэй гэдгийг ч оросууд мэдэж байсан. Гэхдээ япончууд уг нь дайтах биш, улс төрийн арга, явуулга, зөрчилдөөн, хэлэлцээр ашиглах гэж их үзсэн боловч бүтээгүй. Ер нь аливаа улсын хооронд хэлэлцээр бүтэлгүйтвэл эцсийн арга хэмжээ нь дайн болж хувирдаг. 1937 онд Монгол-Орос харилцан туслах гэрээ байгуулснаар Оросын цэрэг Монголд орж ирсэн. Ингэснээр Монгол бол Оросын нөлөөллийн бүс шүү гэдгийг анхааруулж буй хэрэг юм. Үүнийг мэдээж Японы тал хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс улбаалаад 1935 оноос эхлээд нэгнээ тандсан байдлаар зөрчилдөөнүүд үүссээр байгаад, 1939 оны 1-5 сар хамгийн дээд цэгтээ хүрч, тавдугаар сарын 28-нд Халх голын дайн эхэлсэн гэж судлаачид үздэг. Харин наймдугаар сарын 20-нд Монгол-Зөвлөлтийн цэрэг Японы цэргийн эсрэг Ерөнхий том давшилт хийж, зургаадугаар армийг бүсэлж бут цохисон. Улмаар есдүгээр сар гараад Орос, Япон хоёр дайныг зогсооё гэсэн шийдвэрт хүрсэн. Учир нь 1939 оны есдүгээр сарын 2-нд Орос, Герман хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр Польшийг хувааж авах төлөвлөгөө боловсруулсан. Оросын тал хоёр фронтод зэрэг дайрахгүй гэсэн үүднээс аль болох Японтой хийж байгаа дайны галаа зогсоохыг хүссэн. Улмаар есдүгээр сарын 16-нд Японы талтай гал зогсоох хэлэлцээрт хүрсэн байдаг. 1938 оны Хасан нуурын тулалдаанаар япончууд бага сургамж авсан, Халх голын дайнаар дунд сургамж авсан түүнээс цааш их сургамж авахыг хүсэхгүй байна гээд өөрсдөө эхэлж галаа зогсоосон байдаг. Цэрэг зэвсгийн хүчээр маш их хохирсон. Үүнээс болоод Ерөнхий сайд нь ч огцорсон байдаг.

-Дэлхийн зарим улсын судлаачид Халх голын дайн бол дайн байгаагүй, зүгээр зөрчилдөөн байсан гэж үздэг?

-Япончууд Номун хааны хэрэг явдал гэдэг. Оросууд бол Халх голын байлдаан, тулалдаан, мөргөлдөөн гэж үздэг. Харин Монголчуудын хувьд бол дайн байсан. Оросын баруун фронт, Сталинград, Курскийн тулалдааны хажууд өчүүхэн байж болох юм. Гэхдээ Монгол хүн ам, нутаг дэвсгэр, эдийн засгийн байдалдаа харьцуулаад үзэхэд энэ бол яалт ч үгүй дайн байсан. Монгол гэрийг гурав, дөрөв, таван ханатай ялгаагүй л гэр гэдэг биз дээ. Үүнтэй адил дайн бол дайн. Хохирол амсдаг уу амсдаг. 1946 онд Олон улсын шүүх хурал болж, 1939 онд Халх голд болсон үйл явдал бол Монгол-Зөвлөлтийн эсрэг үйлдсэн түрэмгий дайн юм гэж бүр дайн гэдэг үгээр тогтоож өгөөд, Монгол улс хохирол нэхэмжлэх эрхтэй болсон. Ингээд хохиролд нь Говь үйлдвэр баригдсан байдаг.

-Дайны хор уршиг ямар байв, хичнээн хүн амиа алдсан бэ?

-Тухайн Зөвлөлтийн армийн нэгдүгээр бүлэг гэдгийг зохион байгуулчихсан байсан. Оросын талаас нийтдээ 57 мянган цэрэг, Японоос 75 мянган цэрэг, Харин Монголын талаас 8500 орчим хүн оролцсон байдаг.  Ингээд нийтдээ Халх голын дайнд 130 мянган цэрэг дөрвөн сарын турш тулалдсан юм. Монгол ардын цэргээс нийтдээ 990 хүн алагдах, шархдах, алга болох, ямар нэгэн байдлаар амиа алдсан. Оросын талаас 9200 орчим хүн амь үрэгдэж, нийтдээ Монгол, Оросын талаас 26000 хүн амиа алдсан байдаг. Япончууд өөрсдийн амь үрэгдсэн цэргийн тоог нуудаг. Одоо ч гэсэн Халх голоос Япон цэргийн булш их олдож байна. Тийм учраас тоо гаргахад хүндрэлтэй. Эд материалын тухайд гэвэл Монголын талд 60 гаруй сая буюу одоогийн ханшаар 140 сая төгрөгийн хохирол учирсан гэж тооцдог.

-Дайнд монголчууд бараг үүрэг гүйцэтгээгүй, арын албанд ажиллаж байсан, гол дайралтыг оросууд хийсэн гэдэг яриа сүүлийн үед гарах болжээ. Судлаач хүний хувьд та юу хэлэх вэ?

-Энэ бол судалгаагүй сургаар ярьдаг хүмүүсийн худал яриа. Монгол ардын хувьсгалт цэрэг тухайн үедээ 17 гаруй цэргээс 50 хувь буюу 8500 цэрэг дайны фронтод орж байлдсан. Дээр нь улсын төсвийнхөө 60 хувийг зарцуулсан байдаг. Монгол ардын хувьсгалт цэргийн дөрвөн морьт болон хуягт дивизүүд энэхүү дайнд маш сайн байлдсан гэж сайшааж байв. Наймдугаар сарын 20-нд Ерөнхий давшилтын үед манай цэрэг фронтын баруун, зүүн жигүүрт Японы зургадугаар армийг бүсэлж, хумих ажиллагаанд хамгийн сайн оролцсон. Уг жигүүр газар нь их элсэрхэг, хуягт танк явах боломжгүй учир Монгол, Зөвлөлтийн командлал морьт цэргээр явж бүслэлтийн цагирагийг хумьсан байна. Зарим хүмүүсийн яриагаар монголчууд арын фронтод бараг тогооч хийж байсан, хамаг хүндийг Оросууд үүрсэн гэдэг. Үгүй юм аа. Монгол ардын хувьсгалт цэргийн Дандар, Олзвой, Гэлэг, Шарав гээд баатрууд фронтын хамгийн түрүүн эгнээнд байлдаж байсан. Тэр бүү хэл Оросын зарим шинэ цэргүүд айж, хулчийн ухрах үед монгол цэргүүд орлож, урагш давшиж байсан тохиолдлууд бий. Хүмүүс морьт дивиз гэхээр зөвхөн морин цэрэг гэж ойлгоод байдаг. Дивиз гэдэг нь дотроо дивизионтой. Их бууны, хуягт, холбооны анги, нисэх хүчин гээд олон хэсэгтэй. Манай агаарын нисэх хүчин шөнийн бөмбөгдөлтөд их идэвхтэй оролцдог байсан. Япон цэргүүдийн дурдатгалд “Муухай чихэнд чийртэй дуутай давхар далавчтай онгоц шөнө нисэж ирээд хамаг юм бөмбөгдчихөөд яваад өгдөг. Бид түүнийг шөнийн чөтгөрүүд гэж нэрлэдэг байв” гэж бичсэн байдаг.

-Манай ахмад дайчдаас одоо хэчнээн хүн амьд сэрүүн байгаа вэ?

-Одоо бол ахмад дайчид бараг байхгүй. Хамгийн сүүлд Монгол Улсын баатар Шагдарсүрэн гуай 101 насандаа өөд боллоо. Тухайн үед 16 сувилагч дайны фронтод оролцож байсан. Түүний дотор 15 настай эмэгтэй байсан. Тэр хүн өнөөдөр амьд сэрүүн байгаа ганц ахмад. Халх голын дайн дуусаад 80 жил болсон байна. Тэгэхээр одоо 100 хүрч яваа хүн байгаа гэсэн үг.

-Дайн гэхээр тулалдсан, дайтсан зовлон зүдгүүр гэж ойлгодог. Энэ нь тийм. Гэхдээ тэнд бас амьдрал өрнөж байгаа шүү дээ. Халх голын дайны эргэн тойронд ямар нэгэн сонирхолтой баримт байдаг уу?

-Халх голын дайнд Монголоос нэг айлын найман хүү оролцож байсан түүх байдаг. Нэг нь нас бараад, ах дүү долоо гэртээ амьд мэнд эргэж ирж байсан. Монголын ард түмэн бүхнийг фронтод гэдэг хөдөлгөөнийг Халх голын дайны үеэр эхлүүлж, дэлхийн хоёрдугаар дайнд ч үргэлжлүүлэн өрнүүлсэн юм шүү дээ. Тухайн үед ардууд идэж ууж байгаа хоол хүнсний хэрэглээгээ багасгаад, фронтод өгч байсан. Цэрэг эрсэд захиа бичиж, сэтгэл санааны дэмжлэг хүртэл үзүүлдэг байв. Энэ дайнд Монгол, Орос, Японы цэргүүдээс гадна Буриад, Халимаг, Украйн гээд Холбоотон 15 улсын цэргүүд мөн оролцож байсан юм.

-Халх голын 80 жилийн ойн хүрээнд ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна вэ?

-Монгол-Оросын “Халх гол 80” гэсэн 80, 80 хүний бүрэлдэхүүнтэй цуваа тойрон аялал түүхэн дурсгалт газруудаар явна. Оросын Александровскийн театрын уран бүтээлчид ирж тоглоно. Мөн Олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Хоёр улсын уран бүтээлчид хамтарсан баримтад кино хийж байгаа зэрэг олон ажил зохион байгуулж байна даа.

-Орчин үеийн залуус маань энэ дайны утга учир, ач холбогдлыг хэр сайн мэдэж байна вэ?

-Үнэндээ залуус маань Халх голын дайныг хэн нэгний цахим орчинд тавьсан мэдээллээр ойлгож байна. Ихэвчлэн тэнд ямар ч баримтгүй, үндэслэлгүй, цуурхал яриа байдаг. Тиймээс монголчууд арын албанд байсан, Оросууд хүндийг үүрсэн гэсэн ярианд итгэх хэсэг бий болсон байх. Энэ дайн биш гэхээр дайн биш гэж дууриагаад тийм үү. Ингэж болохгүй. Бид өнөөдөр сошиалаар эрх чөлөөтэй, элдэв юм бичээд сууж байгаа нь дайнд ялсны л ач гавьяа. Тухайн үед бид ялалт байгуулаагүй бол монголчууд хядуулах, туршилтад оруулах бол ойрхон байсан. Япончууд бидэнд Монголын хүн ам хэрэггүй, зөвхөн газар нутаг л хэрэгтэй гэж байв. Тэр үед сая ч хүрэхгүй хүн амыг устгахад юухан байх вэ дээ.

-Энх цагт амьдарч байгаа өнөө үед бид эх орноо яаж хайрлаж, хамгаалах ёстой вэ?

-Одоо үед залуус маань интернэт орчинд эх орноо хайрлах, хамгаалах нь их болжээ. Үүний оронд ядаж нэг жил цэргийн алба хаагаад үзээч гэж хэлмээр байдаг. Эр бие чангарч, сэтгэл зориг хатууждаг. Хэдий бид энх цагт амьдарч байгаа ч гэсэн шударгаар хөдөлмөрлөж, уламжлал түүх соёлоо дээдэлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь эх орноо хамгаалж буй хэрэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж