"Зөвхөн шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг баталгаажуулна"

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

"Зөвхөн шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг баталгаажуулна"

"Зөвхөн шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг баталгаажуулна"

Хичээлийн шинэ жил эхлэхэд арав хүрэхгүй хоног үлдлээ. Өнөө жил цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг цэцэрлэгийн цахим бүртгэлээр бүртгэж буй. Сарын хугацаанд үргэлжилсэн цахим бүртгэл өчигдөр дуусч, өнөөдөр азтан болсон аав ээжүүдийн утсанд “Таны хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд сонгогдсон тул … бүртгэлээ баталгажуулна уу” хэмээн мессэж ирэх ёстой.

Өчигдрийн байдлаар 30829 хүүхэд цахимаар бүртгүүлээд байгаа ажээ. Эцэг, эхчүүд tsetserleg.ulaanbaatar.mn сайтын нүүр хуудсанд байрлах графикаас оршин сууж буй дүүрэг дэх цэцэрлэгийн бүртгэлд хэчнээн хүүхэд бүртгүүлснийг мэдэх боломжтой бөгөөд хүснэгтэд хамран сурах тойргийнхоо цэцэрлэгийг бичиж, элсүүлэх хүүхдийн тоог харах боломжтой.

Бид дээрх асуудлыг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийг зорилоо. Будаг ханхалсан цэцэрлэгийн цонхон дээр цахим бүртгэлд тэнцсэн хоёр настнуудыг энэ сарын 26-наас 28-ны хооронд цахим бүртгэлээ баталгаажуулахыг сануулсан бичиг наажээ. Багш ажилчдаас тодруулахад “Энэ жил зөвхөн шинээр элсэж буй хүүхдийн бүртгэлийг баталгаажуулна. Хуучин явж байсан хүүхдүүд үүнд хамаагүй гэсэн тайлбар хэлэв.

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 230 цэцэрлэгт 90 мянга хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 мянга гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123 мянга гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байна. Өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдалт 80.1 хувьтай байсан бол энэ жил 83-84 хувьд хүрэхээр зорьж байгаа аж.

ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 29 ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО

Нийслэлийн боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай ярилцлаа.

-Энэ жилийн цахим элсэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юү. Энэ онд нийт хэчнээн хүүхэд цахимаар бүртгүүлж байна вэ?

-Цэцэрлэгийн цахим элсэлтийг бид гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Эхний жил хоёр настнуудыг бүртгэсэн бол өнгөрсөн жилийн тухайд 2-5 насны бүх хүүхдийг бүртгэсэн. Өөрөөр хэлбэл мэдээллийн сантай болсон гэсэн үг.

Энэ жилийн тухайд элссэн буюу хоёр, гурав, дөрвөн настай байсан хүүхдүүд автоматаар бүртгэлд орж байгаа. Цахим бүртгэлийн үйл ажиллагаа 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 22-ны 00.00 цаг хүртэл явагдаж байна.

Бүртгэлийг явуулахын өмнө бид нийслэлийн хэмжээнд буй бүх төрийн өмчит цэцэрлэгүүдийн эрхлэгч, заах аргач нарт сургалт явуулсан. Өчигдөр 11.30 цагийн байдлаар 30829 хүүхэд бүртгэгдсэн байна. Нийт хүүхдүүдийн 60 орчим хувь нь бүртгэгдсэн гэж үзэж байгаа. Бид өнөөдөр төрийн өмчийн бүх цэцэрлэгийн элсэлтийг нэгэн зэрэг явуулна. Тиймээс цахим элсэлтийг зохион байгуулах явцыг сонирхсон эцэг эхчүүд маань ажиглах боломжтой.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн цэцэрлэг энэ хичээлийн жилд үйл ажиллагаа явуулах юм бол?

-Нийслэлийн хэмжээнд 231 цэцэрлэг байна. Хувийн цэцэрлэгүүд элсэлтээ чөлөөтэй авна. Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд 29 цэцэрлэг шинээр ашиглалтад орж байна. Тэгэхээр дээрх цэцэрлэг ашиглалтад орвол 6000 орчим хүүхдийн суудлын тоо нэмэгдэж байна гэсэн үг. 2020 онд цэцэрлэгийн хамрах хүрээг 85 хувьд хүргэнэ гэсэн зорилттой байгаа. Нийтдээ нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 153 мянган хүүхэд бий. Үүнээс 140 мянга орчим нь цэцэрлэгт орчих байх гэсэн баримжаа байна.

-Цахим бүртгэлд тэнцсэн хүүхдүүдийг энэ сарын 26-наас 28-ны өдрүүдэд эцэг эхчүүдтэй гэрээ байгуулж, бүртгэлийг баталгаажуулна гэж ярьж байна?

-Өнөөдөр цэцэрлэгийн элсэлт зохион байгуулагдсаны дараа таны хүүхэд элслээ гэсэн мессэж ирнэ. Мессэж ирсний дараа эцэг эхчүүд хүүхдийнхээ материалыг цэцэрлэгт очиж баталгаажуулна. Яагаад гэхээр цэцэрлэгт хүүхдээ явуулахын тулд бид хүүхдүүдээ эрүүл мэндийн үзлэгт оруулдаг. Нөгөө талаар яамны сайдын тушаалаар цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэгслийг бэлддэг. Хуучин хүүхдүүд албан ёсоор дэвшээд явж байна.

-Цэцэрлэгийн элсэлтийг сайжруулахын тулд танайхаас ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Бид цэцэрлэгийн элсэлтийг сайжруулахын тулд хувийн цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмждэг. Хувийн цэцэрлэгийг байгуулахад хуучин өөрийн гэсэн байртай байх шаардлага тавьдаг байсан. Одоо цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэх боломж нээгдэж байна. Нөгөө талаар хувийн цэцэрлэгүүд орон тоогоо тэр бүр нөхөж чаддаггүй. Жишээ нь, 50 хувийн орон тоотой гэхэд 25 байх ч юм уу. Үүнийг шийдэхийн тулд 3087 хүүхдийг нийслэлийн Засаг даргын захирамжийн хувийн цэцэрлэгт үнэгүй явуулж байгаа. Ингэхдээ төрөөс хувийн цэцэрлэгт хувьсах зардал, хоолны мөнгийг өгдөг. Тэгэхээр энэ бол хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй нэг ажил. Өөр нэг асуудал нь томоохон байгууллагуудын дэргэдэх цэцэрлэг байгуулах уриалга гаргасан. Үүний дагуу одоо нийслэлийн хэмжээнд 13 байгууллагын дэргэд цэцэрлэг ажилла байна. Нийтдээ 1300 орчим хүүхэд явж байна. Үүнд байгууллага зөвхөн цэцэрлэгийн байраа тохижуулахад бид нар тухайн байгууллагад хамгийн ойр буй төрийн өмчийн цэцэрлэгт цэцэрлэгийн харьяа бүлэг болгоод байгууллагын дэргэд орж буй хүүхдүүд улсын цэцэрлэгтэй адилаар багш боловсон хүчнээр хангадаг. Ийм байдлаар цэцэрлэгийн хангамжийг дээшлүүлж байна.

СУГАЛАА БОЛ АРГА ЯДСАН АРГА ГЭВ

Эцэг эхчүүдийн зүгээс цэцэрлэгийн сугалаанд шүүмжлэлтэй ханддаг. Жил бүрийн намар эцэг эхчүүдийн толгойны өвчин болдог цэцэрлэгийн асуудал энэ жил мөн адил шүүмж дагуулах бололтой. Энэ талаар эцэг эхчүүдийн байр суурийг сонсоход Сүхбаатар дүүргийн иргэн Э.Цогзолмаа “Цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалт хангалтгүй байна. Нуулгүй хэлэхэд манай хүүхэд хувийн цэцэрлэгт явдаг. Улсын цэцэрлэгийн багш нар хахууль их авдаг. Тухай бүрт өгөөд аваад сурчихсан байгаа үйлдэл ажиглагддаг. Түүнийг таслан зогсоож чадах юм бол хувийн ч бай, хувьсгалын ч бай цэцэрлэгийн хүрэлцээний шийдэл гарах байх” гэлээ.

Баянгол дүүргийн иргэн Ц.Ганхуяг “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж хүрэлцэхгүй байгаа болохоор арга ядсан ажил байх гэж бодож явдаг. Үнэхээр цэцэрлэг сургуульд оруулъя гэхээр цэцэрлэг нь байхгүй байна. Нэг ангид 20-иос илүү хүүхэд байх ёсгүй гэсэн шаардлага байдаг. Гэтэл тэр шаардлага боломжгүй учраас сугалаа явуулдаг байх. Үүнийг нээх айхтар буруушаадаггүй. Гэхдээ би хувьдаа зөв гэж боддоггүй. Юм чинь хоёр талтай л байдаг. Цэцэрлэгт тэнцсэн хүүхэд баярлаж, тэнцээгүй хүүхэд нь гомдоллодог. Тэгэхээр сугалааны арга бол өнөөдрийн нөхцөл байдалд хамгийн тохирсон арга юм болов уу” гэв.

Сануулахад, шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрвэл тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар цахим элсэлтийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдийн дунд нээлттэйгээр зохион байгуулах юм.

Үүнээс гадна шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг, эх өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарын хамт авч очин эцэг, эх ба цэцэрлэг хоорондын гэрээг 2019 оны наймдугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд байгуулах шаардлагатайг холбогдох байгууллагаас онцолж байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж