АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгодог асуудлыг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгодог асуудлыг цэгцэлнэ

АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгодог асуудлыг цэгцэлнэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус улсын нутаг дэвсгэр дээр төрсөн гаднын иргэдийн хүүхэд иргэншил авах эрхийг хязгаарлах арга хайж байгаа тухай Дональд Трамп мэдэгдэв.

"Ройтерс" агентлагийн мэдээлж буйгаар, Дональд Трамп төрсөн нутгаар нь иргэншил олгох асуудлыг бид чухалчлан авч үзэж байна. Хил даван орж ирж буй хүмүүс манай нутаг дэвсгэр дээр хүүхдээ төрүүлэхэд нь бид баяр хүргэж, АНУ-ын иргэншил олгодог. Энэ бол утгагүй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэжээ.

АНУ-ын хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлж буйгаар, Трамп энэхүү мэдэгдлээ лхагва гаригт /2019.08.21/ Цагаан ордны гадна сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар, АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн хэн ч бай тус улсын иргэншлийг автоматаар шууд авдаг билээ. Энэхүү эрх нь АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл заалтад тусгагджээ. Энэхүү заалтыг АНУ-ын Иргэний дайн дууссаны дараа буюу 1868 онд Үндсэн хуульд нэмэлтээр оруулав. Тус заалтын зорилго нь бүрэн эрхт иргэншилгүй байсан боол болон түүний үр удамд иргэншил олгох байв.

XIX зууны сүүлээр, АНУ-ын Үндсэн хуулийн энэхүү заалт нь тус улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хэн ч бай АНУ-ын иргэншилтэй болно. Төрсөн хүүхдийн эцэг эх нь АНУ-ын иргэншилгүй ч байж болно гэсэн утгаар тайлбарлагджээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн энэхүү тайлбар нь 1898 оны гуравдугаар сарын 28-нд Дээд Шүүхийн шийдвэрээр баталгаажив.

"ТӨРӨХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ"

XX зуунд “Төрөхийн аялал жуулчлал” гэх зүйл бий болжээ. Хүүхдэдээ АНУ-ын иргэншлийн бүхий л эрхийг олж авч өгөхийн тулд гаднын улсын иргэд АНУ-ыг зорих нь ихсэв. Ингэхдээ тэд АНУ-ын аль нэг мужийн нутаг дэвсгэрийг зорих шаардлагагүй байлаа.

Жишээлбэл, “Төрөхийн аялал жуулчлал”-ын нэг төв бол Ази, Номхон далайн бүс нутагт Умард Марианы арлууд. Тус газар нь АНУ-ын нутаг дэвсгэрт ордог. АНУ-ын эх газрын хэсэг хол, хэдэн мянга бээр боловч БНХАУ болон Зүүн Өмнөд Азийн улсуудын ойролцоо байдаг. Тэдгээр улсын иргэд АНУ-ын иргэншилтэй хүүхэд төрүүлэхийн тул Марианы арлыг зорьдог ажээ.

Марианы арлын захирагч Ральф Торрес наймдугаар сарын эхээр Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа энэ явдалд цэг тавихын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй хэмээн Вашингтоныг уриалсан билээ. Тэрбээр “Төрөхийн аялал жуулчлал” эрүүл мэндийн салбарт ихээхэн ачаалал бий болгож, нутаг дэвсгэрийн имижэд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.

“Төрөхийн аялал жуулчлал” хэмээн асуудал АНУ-ын зорьсон Монголчуудын дунд ч элбэг. Үүний зэрэгцээ, ОХУ, БНХАУ-ын дунд ч энэ асуудал байдаг ажээ. Тухайлбал, АНУ-ын хэвлэл  мэдээллийн агентлагууд өнгөрсөн жил Майами дахь АНУ-ын иргэншилтэй орос хүүхдүүд олшрох болсон тухай мэдээлж байв. Харин Калифорнид хүүхдээ төрүүлэх зорилготой Хятад жуулчдын тоо ихэсч байгааг мэдээлсэн байна.

Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл заалтыг ашиглан, асуудал үүсгэж буй хүмүүс бол гуравдагч ертөнцийн улсын орны цагаачид, тэр дундаа Латин Америкчууд аж. Тэдгээр цагаачид дээрх зүйл заалтыг ашиглан АНУ-д үүрд мөнх үлдэх сонирхолтой байдаг бөгөөд тэдгээрийн хүүхдүүд 21 нас хүрмэгцээ төрөл саднаа татан авах боломжтой бөгөөд тэдэнд ногоон карт авахад нь тусалдаг байна.

2017 онд Дональд Трампын Засаг захиргаа АНУ-д байнгын оршин суух эрх авч буй хүмүүсийн 65 хувь нь гэр бүлийн холбоогоо ашиглан энэ боломжийг авдаг гэсэн судалгааг танилцуулжээ. Сүүлийн арван жилд хийсэн Цагаан ордны  судалгааны дүнгээр энэ мэтчилэн АНУ-д 9.3 сая хүн оршин сууж байна гэв.

АНУ-ын хүн амын тооллогын товчооны мэдээлэлд үндэслэн тус улсын Цагаачлалын судалгааны төвийн мэдээллээр, 2014 онд АНУ-д төрж буй таван хүүхэд тутмын нэг нь цагаачийн хүүхэд байна гэв. Тухайн жил АНУ-д 791 мянган цагаач иргэдийн хүүхэд төржээ. Үүний зэрэгцээ, судлаачдын дүгнэлтээр АНУ-ын иргэншилтэй хууль бус цагаачдын хүүхдүүд 297 мянгад хүрчээ. Өөрөөр хэлбэл, нийт төрсөн хүүхдийн 7.5 хувийг эзэлж байна.

Энэхүү нөхцөл байдал АНУ-ын хүн амзүйг өөрчилж байна. Pew Research Center судалгааны төвийн дүнгээр, 2020 оны сонгуульд АНУ-ын иргэншилтэй Латин Америк гаралтай хүн анх удаа сонгогчдын дунд хамгийн том үндэсний цөөнх буюу саналаа өгөх эрхтэй америкчуудын 13.3 хувийг эзэлнэ гэжээ. Тэд афроамерикчуудаас /12.5 хувь / илүү олуулаа болсон. Гурван сонгогч тутмын нэг нь өнөөдөр өнгөт арьстан байгаа ажээ. Энэ тоо нь АНУ-ын Ардчилсан намд ашигтай бөгөөд тэдгээр иргэдийн ихэнх нь тус намд саналаа өгөх магадлал их гэсэн судалгаа гарчээ.

Дональд Трамд АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдэд автоматаар иргэншил олгодог асуудалд цэг тавих хүсэлтэй байгаа тухайгаа анх удаа илэрхийлээгүй. Энэ тухай тэрбээр 2018 оны аравдугаар сард ярьж эхэлсэн юм. Харамсалтай нь түүний яриа хоосон зүйл болоод өнгөрчээ.

Өмнө нь Трамп цагаачлалыг хязгаарлахын тулд хэд хэдэн санал дэвшүүлсэн байдаг. Жишээлбэл, ногоон картын сугалааг цуцлахыг санал болгож байв. Саяхан Цагаан ордон ядуу цагаачдын иргэншил авах шаардлагыг өндөрсгөх гэх мэт санал дэвшүүлсэн.

Харамсалтай нь дээр саналууд шийдэгдээгүй нь хууль зүйн асуудалтай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна. Түүний санал Үндсэн хуультай зөрчилдөж буй. Иймээс Ерөнхийлөгчийн Тамгийн газраас үндсэн хуулиас гадуур шинэ журам гаргахаа зэхэж байна.

АНУ-ын нутаг дэвсгэрт төрөх гэдэг ойлголт маш олон үр дагавартай. Тэр хүн АНУ-ын ерөнхийлөгч ч болох магадлалтай гэж судлаачид үзэж байна.

Үүнээс гадна, Засгийн газар хүүхдээ ашиглан АНУ-д үүрд үлдэх хүсэлтэй хууль бус цагаачдын урсгалыг хязгаарлахыг хүсч байна.

Хэрвээ Трамп энэ шинэчлэлийг хийх юм бол Вашингтон баячуудад зориулан "Төрөхийн аялал жуулчлал" гэх ойлголтыг хадгалж үлдэхийг хичээнэ гэж судлаачид харжээ.

Гэхдээ энэ асуудал АН-ын эсэргүүцэлтэй тулгарч мэднэ. Учир нь АН-ын хувьд энэ асуудал маш чухал. АНУ-ын иргэншилтэй цагаачид олон байх тусам тус улс дахь АН-ынхны улс төрийн байр суурь хүчтэй байх болно.

Эх сурвалж: Ройтерс, RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж