МАН “матрын нулимс” унагах вий

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

МАН “матрын нулимс” унагах вий

МАН “матрын нулимс” унагах вий

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр Ерөнхийлөгчийн тушаанд МАН “бүдрэв”. 64-ийн бүлэг олон жил ярьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж, улс төрийн хүрээнд анхаарах ганц сэдэвтэй болоод багагүй хугацаа өнгөрөв. Ингэж цаг алдах шалтгаан бол Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр өөрийн саналаа оруулж ирж, батлуулах тулгалтыг удтал хийж, бүр зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан ч МАН мад тавиулав. МАН-ын автор, бүр 62-уулаа өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өөрийн хүссэн заалтаа оруулж, хүссэнийг нь хасуулж чадаж байгаа Ерөнхийлөгчид мад тавиулсан гэхээс өөрөөр юу гэх вэ. Тэдний эхлүүлснийг Ерөнхийлөгч үргэлжлүүлэн, зөвхөн хувийн тоглолтоо хийж, эцэст нь МАН дотооддоо хагаралдаж, тэмцэл нь улам хурцдав.

МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДАРААГИЙН УЛС ТӨРӨӨС “АЙВ” УУ?

Ерөнхийлөгч саналаа ирүүлснээс хойш бүтэн сар гаруй хугацаанд МАН дүлэгнэж, Ерөнхийлөгч хүч түрсээр ирсэн. Чухам хэний эрх ашиг гэхээс илүү нийтийн эрх ашгийг хүндэтгэх, бэлэг тэмдэг байх ёстой Ерөнхийлөгч, МАН хоёулаа өөр өөрсдийн явцуу эрх ашгаа бодож Үндсэн хуулийн өөрчлөлтөд хандаж байна гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байсан. Гэвч хэн хэн нь гэдийж, эцэст нь Ерөнхийлөгч “ялав” бололтой. Нэг удаа бүлгийн хурал дээр нь орж ирээд би саналаа татахгүй, миний саналыг төсөлдөө энэ чигээр нь оруул. Үгүй бол би төслөө бүхэлд нь татаж авна. Тэгээд та нар өөрсдийн боловсруулсан төслийг явуул. Харин арынх нь улс төрийг дааж чадах юм байгаа биз дээ хэмээн сүрдүүлсэн гэх яриа ч МАН, Төрийн ордон, улстөрчдийн дунд гарсан нь худал үг биш бололтой. Гэхдээ Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах зөвшилцөл, өнгөрсөн хугацааны бүлгийн хурал ихэнхдээ ирц багатайгаар хуралдсан. Өчигдөр Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахдаа хүртэл 20 гаруйхан гишүүн бүлгийн хуралд байжээ.

МАН-ын бүлгийн гишүүдийн тоо цөөдсөн үү, эсвэл Ерөнхийлөгчийн “сүрдүүлэг” үнэн байгаад, дараагийн улс төрөө дааж чадахгүй айсных уу бүү мэд, ямар ч гэсэн 99 гишүүнтэй, холимог тогтолцоогоор сонгуулиа явуулахаар болж, таван жилээр сонгогдох эрх бүлгийн хэмжээнд дэмжигдэв.

 БҮЛГИЙН ШИЙДВЭРИЙГ 20-ИУЛАА ГАРГАЖЭЭ

Бүхэл бүтэн 14 хоног хуралдаж, зөвшилцөж, зөвлөлдөж, нэгдэж чадаагүй МАН-ын бүлгийн хурал өчигдөр болж, 64 гишүүнээс хуралдаанд 20 гаруйхан гишүүн оролцжээ. Ингээд хуралдаанаас бүлгийн шийдвэрийг гишүүд дагах ёстой гэсэн шийдвэр гаргасан байна. Харин бүлэг нь Ерөнхийлөгчөөс ирүүлсэн УИХ-ын гишүүдийн тоо 108 байх саналыг хэлэлцэж, АН-ын Н.Батбаярын санаачилсан 99 гишүүнтэй байх дээр тогтжээ.

Түүнээс гадна хамгийн том гацаа үүсгэсэн сонгуулийн тогтолцоогоо холимог байхаар тогтож, 76 нь тойрог дээр 23 нь намын жагсаалтад байх саналыг хүлээн авч, парламентаа таван жилээр сонгох гэнэ. Энэ бол 20 гаруйхан хүн оролцсон МАН-ын бүлгийн шийдвэр гэх.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр ард түмний саналыг харгалзана, өөрсдийгөө ард түмний төлөөлөл гэх 76 гишүүн цээжээ дэлддэг МАН-ын бусад гишүүд нь яагаад бүлгийн хуралдаа суусангүй вэ. Хариуцлага ярьдаг намын даргынхаа үгийг санаж, ядаж эцэг хуулийнхаа асуудалд яагаад идэвхтэй оролцохгүй байна вэ, гэдгийг сонгогч хүнийхээ хувьд асуумаар байна.

Ирэх сонгуулиа, намын автороо бодсон ч 62-уулаа өргөн барьсан төсөлдөө эзэн байж чадаагүй МАН ирэх сонгуульд “матрын нулимс” унагаад сууж байвал гайхах хэрэггүй л боллоо, яг л Ардчилсан намынхан шиг.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж