Сонгинохайрханы сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханы сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй

Сонгинохайрханы сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй

Хичээлийн шинэ жил хаяанд ирж, нийслэл дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж ямар байгаа, энэ жил захын сургуулийн хүүхдүүд гурван ээлжээр хичээллэх эсэх, цэцэрлэгтээ хамрагдах боломж хэр нэмэгдэж байгаа вэ гэдэг эцэг, эхчүүдийн хувьд маш чухал. Энэ удаа бид нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил болон бусад бүтээн байгуулалт ямар байгаа талаар сурвалжиллаа. Тус дүүргийн хувьд нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн нэг билээ.


Бид тус дүүргийн 23-р хороонд шинээр ашиглалтад орж байгаа 640 хүүхдийн суудалтай, сургуулийн ажилтай танилцсан юм. Биднийг очиход барилгын ажил ид өрнөж, шинэхэн будагны үнэр ханхалсан өрөөнд багш нар зургаан настнуудаа бүртгэж байв.

Тус сургуулийн барилгын ажил өнгөрсөн онд эхэлсэн бөгөөд гурван ээлжээр хичээллэж буй хүүхдийг шилжүүлэн суулгах, хорооныхоо хүүхдүүдийг хамруулахаар есдүгээр сарын 2-нд нээлтээ хийхээр ажиллаж байгаа аж.

Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны Засаг дарга Г.Цээлээхүү

Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны Засаг дарга Г.Цээлээхүү “Манай хороонд анх удаа сургууль барьж байгаа ч хорооны хэмжээнд хангалттай биш. Гэхдээ бид цаашид сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх бодлого баримталж ажиллаж байна. Хамгийн гол нь сургууль, цэцэрлэгийн барилга барихад газрын асуудал хүндрэлтэй байдаг.

Иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөх асуудлыг судалж байна. Гурван ээлжээр хичээллэж байгаа 62-р сургуулийн ачааллыг тэнцүүлж, хоёр ээлжийг арилгахын тулд тус сургуулийн 2-12-р ангийн хүүхдүүдийг багш нартай нь шилжүүлж авчирч байгаа. 143-р сургуулийн барилгын ажил 93 хувьтай явагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын 2-нд хүүхдүүдээ авахаар төлөвлөөд, өдөр шөнөгүй л ажиллаж байна. Одоогоор сургууль дээр нэгдүгээр ангид элсэх хүүхдүүд болон хорооны хүүхдүүдээ бүртгэж байна” гэлээ.

 

23-р хороонд шинээр ашиглалтд орж буй 143-р сургуулийн барилгын ажлын төлөвлөгөөгөөр ашиглалтад орох болоогүй ч өдөр, шөнөгүй цаг алдалгүй ажиллаж, есдүгээр сарын 2-нд хүүхдүүдээ хүлээн авахаар барилгын ажил ид өрнөж байв.

Ж.САНДАГСҮРЭН: ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ 

Дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил дүүргийн хэмжээнд хэчнээн төгрөгийн ямар бүтээн байгуулалт хийж байна вэ?

-Сонгинохайрхан дүүрэгт энэ жилийн хувьд харьцангуй сайн хөрөнгө оруулалт татаж чадсан. Нийтдээ улсын төсөв болон орон нутгийн 122 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэхээр төсөвлөгдөөд, одоо ид бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн болон Баянхошуу эмнэлгийн өргөтгөл, дүүргийн иргэдэд үйлчлэх төв болон Соёлын ордон гэсэн барилгын ажлууд энэ жил ашиглалтад ороход бэлэн болж байна. Эдгээр барилгууд бол олон жил яригдаж, хөрөнгө оруулалт татаж чадахгүй, төсөвт суулгаж чадахгүй ярьж ирсэн. Олон жил дүүргийн жаргал, зовлонг шийдвэр гаргах бүх түвшинд ярьсны эцэст, аль аль шатандаа хамтын ажиллагаагаа сайжруулсны үр дүнд эдгээр хөрөнгө оруулалтуудыг татаж чадлаа. Юуны түрүүнд бид эмнэлгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохоос гадна хүүхдүүдийн өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, дугуйлан секцэд хамрагдах, ахмадууд чөлөөт цагаараа нийлж урлаг соёлын арга хэмжээнд оролцох боломжийг бүрдүүлэх үүднээс дүүргийн Соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулах гэж байна. Түүнээс гадна дүүргийн одоогийн төв барилга нь цэргийн зориулалтын барилга байсан учраас зай талбай жижигтэй, иргэд төрийн үйлчилгээг авахад хүндрэлтэй, багтахгүй байх, төрийн үйлчилгээг авахад өөр өөр тийшээ явдаг байсныг нэгтгэж, Иргэдэд үйлчлэх төв шинээр барихаар барилгын ажил өрнөж байна. Түүнээс гадна энэ жил дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийг 80 хувьд хүргэхээр зорьж байгаа бөгөөд 23 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэрэлтүүлгээ шийдэж байна. Өмнө нь бид жилд ердөө 500 сая төгрөгийг гэрэлтүүлэгт төсөвлөдөг байсан бол энэ жил маш том хөрөнгө татаж, зорьсноо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гэр, байшин хорооллын дунд 10 орчим км замын ажил хийгдэж байна. Ялангуяа гэр хороолол дундах замуудыг авто замтай холбож байна. Энэ мэт дүүргийн хэмжээнд иргэдийн ая тухтай нөхцөл төрийн, эмнэлгийн боловсролын үйлчилгээ авахад нь туслах зорилгоор олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтуудыг энэ жил ашиглалтад оруулахаар зорьж байна.

-Танай дүүргийн хувьд хүн ам ихтэй. Түүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн хүртээмж бас хөндөгддөг. Энэ жилийн хувьд хичнээн сургууль шинээр болон өргөтгөж ашиглалтад оруулах вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гурван ээлжийн сургуулийг байхгүй болгож, цэцэрлэгийн хүртээмжийг 80 хувь болгоно гэсэн зорилттой ажиллаж байгаа. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд бид бас ажиллаж байна. Дүүргийн хувьд хүн ам, шилжилт хөдөлгөөн ихтэй, хүн ам нэмэгдэх хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал орхигдож ирсэн учраас энэ асуудал өнөөдөр тулгамдаж буй асуудлын нэг. Гэнэт л нэг өдөр бүгд сургууль, цэцэрлэггүй үлдэж байгаа асуудал биш олон жил шийдэхгүй байсны үр нөлөө нь гарч байгаа юм. Гэхдээ бид энэ жил 16 сургуулийн барилгын ажил хийгдэж байгаагаас зургаа нь өргөтгөлийн ажил, дөрвөн сургууль шинээр ашиглалтад оруулж байгаа. Гэсэн ч 3-4 сургуулийн гурван ээлжээр хичээллэх асуудал бүрэн шийдээгүй байна. Тиймээс бид хувийн хэвшлийн сургуулийн байшинг түрээслэх, өөр боломжтой байршлыг судалж байна. Ямар ч гэсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан гурван ээлжээр хичээллэхийг бүрэн арилгахаар зорьж байна.

-Харин цэцэрлэгийн хувьд?

-22 цэцэрлэгийн өртгөтгөл, барилгын ажил шинээр  барьж буй. Үүнээс энэ жилдээ тав нь ашиглалтад орж, бусад нь он дамжиж ашиглалтад орохоор байна. Мөн хувийн аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Бидний 27 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлууд эхнээсээ шийдэгдэж байна. Гэхдээ энэ есдүгээр сардаа багтааж ашиглалтад оруулахаар хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн ажлуудаа яаравчилж, хугацааг нь наашлуулж байна.

-Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхээр хорооны тоог нэмэгдүүлсэн. Хороод шинээр байгуулах ажил цэгцэрч байна уу?

-Нийт 11 хороо шинээр нэмэгдсэн, иргэд сайшаалтай хүлээн авч байна. Гэхдээ бас сайжруулах, цэгцлэх ажил байна. Тухайлбал, нэг хороог хоёр хуваахаар өрхийн эмнэлэг тусад нь байгуулах, эмнэлгийн тоног төхөөрөмж, тариаг зориулалтын бус байлгах гэх мэт зохицуулалт шаардаж байгаа асуудал бий. Тиймээс бид ядаж ахмад настан болон жирэмсэн эмэгтэйд анхан шатны үзлэг, тусламж үзүүлэх, хяналт, халамжийн үйлчилгээг үзүүлж байна. Явцын дунд хүний нөөц, зохицуулалт хийх шаардлагууд байна.

2019 ОНД ДӨРВӨН СУРГУУЛЬ, 14 ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО

Сонгинохайрхан дүүрэгт энэ жил нийт 16 сургуулийн барилга /өргөтгөл/ баригдахаас 2019 онд ашиглалтад орох зургаан сургуулийн барилгын өргөтгөл /9, 62, 106, 107, 122, Ирээдүй I бага сургууль/, шинээр ашиглалтад орох дөрвөн сургуулийн барилга тус дүүргийн 23, 25, 26, 32-р хороодод баригдаж байгаа юм байна. Харин бусад зургаан хороо тус бүрт 2020 он гэхэд зургаан сургууль ашиглалтад оруулахаар барилгын ажил үргэлжилж байгаа аж.

Харин цэцэрлэгийн хувьд нийтдээ 22 цэцэрлэг шинээр болон өргөтгөл хийж байгаагаас энэ жил таван цэцэрлэгийг өргөтгөж, 14 цэцэрлэг шинээр ашиглалтад орох юм байна. Харин он дамжиж буюу 2020 онд гурван цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг дүүргийн албаныхан хэлж байна. Мөн хувийн хөрөнгө оруулалтаар 29 дүгээр хороонд сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж буй юм байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж