Дундговийн начингууд хоёр өрөө байртай болов

Хуучирсан мэдээ: 2015.07.25-нд нийтлэгдсэн

Дундговийн начингууд хоёр өрөө байртай болов

Төрийн наадамд хийморьтой наадсан дундговьчууд өнөөдөр аймгийнхаа баяр наадмыг тэмдэглэж байна. Дундговь аймгийн наадамд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нарын тэргүүтэй бөхчүүд зодоглож байна.


Баярын үеэр саяхан Гавьяат цолоор энгэрээ мялаасан жүдоч С.Мияарагчаа нарт хүндэтгэл үзүүлжээ. Түүнчлэн Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас шинэ начингууддаа Дундговь аймгийн тэргүүн дээд шагнал "Аймгийн хүндэт иргэн" цол тэмдэг, тус бүр 5 сая төгрөг, "Эрдэнэт" үйлдвэрт тусгайлан хийлгэсэн тэдний хөрөг бүхий хивс бэлэглэсэн байна.

Аймгийн удирдлагууд Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүн, нутгийн бизнесменүүдэд хандсаны дүнд Дундговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Б.Наранхүү хоёр начинд тус бүр 120 сая төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байрыг Улаанбаатар хотод гардуулахаар болсныг мөн өнөөдрийн баяр наадмын үеэр дуулгав.

Улсын наадамдаа хурдан хүлгээ түрүүлүүлсэн уяачид Улаанбаатар хотод 2 өрөө байр, хурдан хүлгээ айрагдуулсан зургаан уяачид тус бүр 10 сая төгрөг мөн урамшуулан өгчээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж