Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа

Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр /2019.08.22/ Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны иргэдэд зориулан нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-аас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Сар хүрэхгүй хугацааны дараа нийслэлчүүд та бидний хувьд тулгамдсан асуудал болдог утааны улирал эхэлнэ. Жилийн жилд утаагаа, агаарын бохирдлоо яах вэ, яаж арилгах вэ гэдэг хүнд асуудалтай тулгардаг.

Энэ ажилд сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний ахиц гарч байгаа. Төр засгаас ч тодорхой шийдэл бүхий бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Ирэх өвлөөс үр дүн нь харагдах болов уу гэж найдаж байгаа.

УИХ-аас Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой санаачилга дэвшүүлж, бодит ажил хэрэг болгох тал дээр ихээхэн анхаарч байна.

УИХ-ын даргын захирамжаар  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс батлуулсан “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой шийдлүүдийг тусган, холбогдох байгууллагуудад цаг хугацаатай үүрэг чиглэл өгөн, биелэлтийг тооцон ажиллаж байна.

Түүнчлэн, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулж байгаа хөрөнгийг үр дүнтэй болгох, оновчтой ажилд зарцуулахад ихээхэн анхаарал тавьж байна. Өргөдлийн байнгын хорооноос агаарын бохирдолттой тэмцэх чиглэлээр зарцуулсан хөрөнгөд гүйцэтгэлийн аудит оруулж, хяналт шалгалт хийлгүүлсэн. Цаашид хөрөнгө мөнгийг үр дүнтэй ажилд зарцуулахад хяналт тавин ажиллаж байна” гэлээ.

Тэрбээр мөн Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар дурьдаад, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэл хотод түүхий нүүрс түлэхийг хориглон, Таван толгойн ордоос тээвэрлэж ирсэн сайн чанарын нүүрсээр “Таван толгой түлш” компани сайжруулсан түлш үйлдвэрлэж байгааг тэмдэглэлээ.

Одоогоор улсын хэмжээнд 170 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэн нөөцөлсөн бөгөөд энэ нь нийслэлийн нийт айл өрхийн 2 сарын түлшний нөөц гэж тооцсоныг мөн дурьдаад түлшний хомсдолд оруулахгүйн тулд холбогдох байгууллагууд ажиллаж байна гэв.

“Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг есдүгээр сарын 1-ний өдрөөс нийслэлийн 500 цэгт худалдаалж эхлэх бөгөөд нэг тонн нь 150 мянган  төгрөг байх юм байна.

Өргөдлийн байнгын хорооноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөр арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг төрийн бүх байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож иргэдэд үйлчилгээгээ хүргэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж