Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэнийг "Бид мартахгүй"

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэнийг "Бид мартахгүй"

Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэнийг "Бид мартахгүй"

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан Цэргийн гавьяаны Улаан тугийн  одонт Монгол цэргийн музей “Бид мартахгүй” үзэсгэлэнг толилуулж эхэллээ. Өнөөдрөөс /2019.08.22/ үүдээ нээж буй уг үзэсгэлэнд Халхын голын байлдааны оршил үе, үндсэн үе, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээний танин мэдэхүйн ач холбогдол бүхий 100 гаруй үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэжээ. Уг үзэсгэлэнгийн танхимд Баянцагаан тулалдааны үйл явдлын орчныг бүрдүүлснээрээ үзэгчдийн сонирхлыг татаж байв.

Одоогоос 80 жилийн өмнө дэлхий нийтийн анхаарлыг татсан эл түүхэн үйл явдлын талаар албаны хүмүүс “Халх голын байлдаан бол өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг асар их үнээр олж авсан нэгэн түүх юм” гэдгийг онцолсон. Тэр түүхийн амьд гэрч нь эдүгээ 95 настай, Цэрэнгийн Чимэдцэрэн гуай үзэсгэлэн сонирхохоор ирж, өөрийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэрбээр халх голын байлдаанд оролцсон баатарлаг түүхийг бүтээлцэж явсан Дорнод аймгийн Баяндун сумын 16 буриад охидоос цор ганцаараа энх тунх байгаа нь энэ билээ.

ХАЛХ ГОЛЫН ДАЙНААС ХОЙШ 80 ЖИЛИЙГ ҮДЛЭЭ

Ахмад дайчин Ц.ЧИМЭДЦЭРЭН: 

-Би 1939 онд Халхын голын дайнд оролцож, цэргийн эмнэлэгт ажиллаж байсан. Би тэр үед 15 настай байсан. Үхэр тэргэнд суугаад, морин өртөөгөөр аймгийн төв хүртэл явсан. Биднийг сумын иргэд үдэж өгч байсныг тодхон санаж байна. Бүтэн долоон өдрийн турш үхэр тэргэн дээр явсан. Аймгийн төвд ирэхэд, бөөн туг, далбаа барьсан хүмүүс угтаж билээ. Удалгүй биднийг Баянтүмэнгийн цэргийн эмнэлэг рүү автомашины тэвшин дээр суулгаад хүргэж өгсөн. Биднийг орос сургагч эмч, эмнэлгийн ажилчид угтаж авсан даа. Бид найман ханатай хоёр эсгий гэрт хуваагдаж байрласан. Халх голын байлдаанаас хойш 80 жилийг үдлээ. Өнөөдөр энэхүү дайны талаар үзэсгэлэн гаргаж байгаад их баяртай байна гэлээ.

Дөрвөн сар гаруйн хугацаанд үргэлжилсэн уг дайнд 130 мянга гаруй хүн оролцож, 100 гаруй удаагийн тулалдаан болж байсан түүхтэй. Дайны үеэр 26.534 хүн эрсдэж, түүний дотор 7000 гаруй дайчид тулалдааны талбарт алтан амиа өргөж байжээ. Энэ дайн өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг асар их үнээр олж авсныг гэрчилнэ гэж Монгол цэргийн музейгээс онцлов.

ХАЛХ ГОЛЫН ДАЙН БИДЭНД  ТУСГААР ТОГТНОЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ МЭДРҮҮЛЖ БАЙНА

Монгол цэргийн музейн захирал хурандаа  Д.ГАНЗОРИГ: 

-Батлах хамгаалах яам, Монгол цэргийн музей бол залуу хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлэхийг зорьдог. Энэ утгаараа бид энэ жил тохиох Халх голын байлдааны 80 жилийн ойд их ач холбогдол өгч, өмнө нь дэлгэж байгаагүй архивын баримт материал болон тухайн үед хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг багтаасан 100 орчим үзмэртэй “Бид мартахгүй” үзэсгэлэнгээ дэлгээд байна. Үзэсгэлэнгээр дамжуулан хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой. Бас өнөөдрийн эрх чөлөө, тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр бүтсэн бэ гэдгийг үзэсгэлэнгээс мэдрэх болов уу гэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ирэх есдүгээр сарын 3-нд айлчилна. Ерөнхийлөгчийн айлчлалыг Гадаад харилцааны яамнаас хариуцан ажиллаж байгаа ба Батлан хамгаалах яамнаас дараах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН МОНГОЛ УЛСАД  ЕСДҮГЭЭР САРЫН 3-НД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Батлан хамгаалах яамны Дэд сайд Т.ДУЛАМДОРЖ:

-Батлан хамгаалах яамнаас Халх голын байлдааны 80 жилийн ойн түүхэн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулж, хариуцан ажиллаж байна. Ойг угтсан томоохон ажлуудыг эхлүүлээд байна. Түүний нэг нь “Бид мартахгүй” үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд музейн үзмэрийг баяжуулах, Халх голын түүхэн ялалт Монгол Улсад ямар их үнэ цэнээр олдсон бэ гэдгийг олон нийтэд сурталчилж, Монгол Улсын газар шороо өвөг дээдсийн халуун бүлээн цусаар олдсон гэдгийг сурталчлан таниулах зорилготой. Уг үзэсгэлэнг орон нутагт есдүгээр сарын 3-н хүртэл зохион байгуулна. Бид маргааш Халх голын байлдааны түүхэн үйл явдлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.  Халх голын 80 жилийн түүхэн ойг угтаж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна. Халх гол суманд хийсэн найман сая еврогийн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг нээх түүхэн үйл явдал болно. Ойн баярыг тэмдэглэх мөчид ОХУ-ын Батлан хамгаалах яам, Монгол Улсын Батлан хамгаалах яам зэвсэгт хүчний хамтарсан байлдааны буудлагатай, цэргийн жагсаалаар баярын үйл ажиллагаа эхэлнэ гэлээ.

Ирэх арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх “Бид мартахгүй” үзэсгэлэн түүхийн сэдэвтэй, эмх цэгцтэй, үзэгчдэд ойлгомжтой  байдлаар хүргэсэн талаар Түүх, археологийн хүрээлэнгийнхэн хэлсэн. Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлийг гэрэл зургаар сонирхуулж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж