Байр суурь: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх төлөх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Байр суурь: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх төлөх хэрэгтэй

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс даасаар олон жилийг ардаа үджээ. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхэд өдөрт 1650 төгрөгөөр гурван удаа хооллох ёстой. Тэгвэл ийм хэмжээний мөнгөөр хүүхэд цадталаа хооллож, илчлэг тэжээл авч чаддаггүй.

Эцэг, эхчүүд “Цэцэрлэгт өгч байгаа хоолонд хүүхдүүд цадахгүй байна,  Хүүхэд маань цэцэрлэг дээрээ яг ямар хоол идэж байгаа талаар мэдээлэл алга. Хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхчүүд өөрсдөө нэмж гаргадаг болъё. Энэ тохиолдолд хүүхэд шим тэжээлтэй хоол иддэг болно” гэх саналыг гаргасаар ирсэн. Жил дамнан яригдсаар байгаа ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн энэ асуудлаар бид  эцэг эхчүүдийн байр суурийг сонслоо.


 1600 ТӨГРӨГӨӨР ЮУ ИДЭХ БИЛЭЭ

С.Ариунаа: Хүүхдийн хоолны мөнгийг нэмэх нь зөв. Нэг талдаа төсөв хүнд байдаг болохоор төрөөс нэмэхэд хэцүү л байдаг болов уу. Эцэг эхчүүдээс саналыг нь сонсож, харилцан тохиролцох нь зөв байх гэсэн саналтай байна. Хамгийн гол нь хүүхэд эрүүл, шинэ шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж байгаасай гэж боддог.  Өнөөдөр бид 1600 төгрөгөөр юу идэх билээ. Тэгэхээр дээрх мөнгөөр цэцэрлэгийн тогооч нар хүүхдүүдээ хооллох гэж аргаа л бардаг байх.

ТӨСӨВ ХҮРЭХГҮЙ БАЙГАА ГЭЖ ШАЛТАГ ТООЧИХ ШААРДЛАГАГҮЙ

Ц.Ганхуяг: Төсвөөс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг даадаг ч эцэг, эхчүүдээс тодорхой хэмжээний шалгууртайгаар нэмж авахад болно. Төсвөөс олгодог санхүүжилт нь хүүхдэд шим тэжээлтэй хоол бэлтгэхэд хүрэлцэхгүй байгааг мэдсээр байж, чанартай болгоход анхаарахгүй явах нь буруу. Миний бодлоор хоолны мөнгийг дан ганц төр даах биш эцэг, эхчүүдээс 20-30 хувийг нь гаргаж болно шүү дээ.

 

ХООЛНЫ ТӨЛБӨРИЙГ ЗОХИХ ХУВИАР АВАХ НЬ ЗӨВ

Г.Урнаа: Эцэг, эхчүүдээс цэцэрлэгийн хоолны төлбөрийг зохих хувиар  авах нь зөв. Бүх зардлыг улсаас даана гэвэл хэцүү. Би хувьдаа мөнгө авахыг дэмжиж байна. Манайх хоёр хүүтэй болохоор хүүхдүүд минь цэцэрлэгийнхээ хоолонд цадсангүй гээд орой угтдаг байсан. Хүүхэд өлслөө гэхэд тухайн цэцэрлэгийн багшийг “миний хүүхдийг хооллосонгүй” хэмээн буруутгах бус харилцан тохиролцоод сар болгон хоолны мөнгийг эцэг, эх төлдөг болох нь зөв юм.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС ХООЛНЫ МӨНГӨ ХУРААХ АСУУДАЛ ЯРИГДААГҮЙ БАЙНА

Нийслэлийн боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул: Энэ жилийн тухайд төсвийн тодотгол хийгдээгүй учраас хүүхдүүдийн хоолны мөнгө энэ ондоо өөрчлөгдөхгүй хэвээр байна. Магадгүй ирэх жил Засгийн газраас тогтоол гарч байж энэ асуудал шийдэгдэнэ байх.

Боловсролын тухай хуульд эцэг эхчүүдээс хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг авч болно гэсэн заалт бий. Гэхдээ энэ заалтыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын тогтоол аль эсвэл сайдын тушаал гарч байж хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, тодорхой эрх зүйн үндэстэй байж шийдвэрлэнэ. Тэгэхээр хууль, эрх зүйн хүрээнд эцэг, эхчүүдээс хоолны мөнгө хураах асуудал одоогоор яригдаагүй байна гэж ойлгож болно.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж