"Жижиг дэлбэрэлт 10 км дотроо аюултай"

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

"Жижиг дэлбэрэлт 10 км дотроо аюултай"

"Жижиг дэлбэрэлт 10 км дотроо аюултай"

13.30 цагт:

ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан. Дэлбэрэлтийн дараа химийн бодис, цацрагийн туяа хэвийн хэмжээнд байгаа хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байсан ч өчигдрөөс эхлэн цацрагт идэвхтэй үүл Төв Азийн нутаг дэвсгэр рүү орж ирж буй талаар дэлхийн хэвлэлүүд шуугиж эхэлсэн.

Монгол Улс ОХУ-тай хил залгаа оршдог. Тиймээс үүлээр дамжин химийн бодис орж ирэх магадлалтай хэмээн иргэд цахим орчинд анхааруулга бичсээр байна. Бид уг мэдээлэл хэр баттай вэ гэдгийг тодруулах зорилгоор мэргэжлийн хүмүүстэй холбогдлоо.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа “Цацраг идэвхит үүл Монгол Улсаар дамжлаа гэхэд аюулын хэмжээнд хүрэхгүй. Жижиг хэмжээний дэлбэрэлт 10 км дотроо аюултай байдаг бол том хэмжээний дэлбэрэлт 1000 км газар түгэх аюултай. ОХУ-д болсон дэлбэрэлт Монгол Улсаас 5000 гаруй км-ийн зайд болсон учир бидэнд аюулгүй” гэсэн хариулт өгсөн бол  "Мон атом" төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал Ц.Дамдинсүрэн "Цацраг идэвхит бодис агаар мандлаар дамждаг. Хэрэв салхи баруун хойноос чиглэлтэй байвал Монгол руу дамжих боломжтой" гэлээ. 

Цацраг идэвхит бодисын хэмжээг хянадаг өөр нэг газар бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Тиймээс бид Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Ш.Сандаг-Очиртой холбогдов. Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд хяналтын төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар бүртгэл дээр цацрагийн тооны түвшин нэмэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Манайх хотын хэмжээнд хяналтаа тавиад явдаг" гэсэн юм.

Монгол Улсын 21 аймаг, хилийн 15 боомт дээр цацрагийн хяналтын төхөөрөмж 24 цагаар ажилладаг байна. Тиймээс энэ талаар урьдчилсан сэргийлэх мэдээлэл авч болдог аж. Ус цаг уур орчны шинжилгээний газар ирсэн мэдээллээ Байгаль орчин хэмжилзүйн газарт өгдөг байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын цацраг, хөрсний инженер Б.Эрдэнэбилэг "Аймгуудын цаг уур, орчны шинжилгээний албанаас надад өдөр бүр хяналтын мэдээллээ өгдөг. Одоогийн байдлаар цацрагийн түвшин ихэссэн мэдээлэл ирээгүй" гэв.

Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр "2019 оны наймдугаар сарын 8 –ны өдөр ОХУ-ын Архангельск мужийн Нёнокса суурины ойролцоо болсон ослоос үүдэлтэй хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл ихээхэн цацагдаж байгаа ч албан ёсны эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн бүс нутгийн цацрагийн хэмжээ хэвийн байгаа ажээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн юм.

МОНГОЛ УЛСАД ЦАЦРАГИЙН ТҮВШИН ИХСЭЭГҮЙ, ХЭВИЙН ХЭМЖЭЭНД БАЙНА

Цөмийн энергийн комиссоос "Монгол Улсад цацрагийн түвшин ихсээгүй, хэвийн хэмжээнд байна" гэсэн мэдээлэл өгөөд байна.  Дараах мэдээлэл нь өчигдрийн /2019.08.21/ хэмжилтээр гарсан үр дүн юм.

Монгол улсын гадаад орчны цацрагийн хэмжилтийг нийслэл болон аймгийн нийт 35 цэгт хийж гүйцэтгэдэг бөгөөд 2019 оны 8 дугаар сарын хэмжилтийн дүнгээс үзэхэд цацрагийн түвшин ихэссэн тохиолдол ажиглагдаагүй ба хэвийн хэмжээнд байна.

Ц.АРИУНЗАЯА


Агаарт цацраг идэвхит бодис тархсаныг ОХУ нууж байна уу? 

12.35 цагт 

ОХУ-ын баруун хойд Архангельск мужид орших цэргийн баазад пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийг турших үеэр хөдөлгүүрт гал гарч, улмаар дэлбэрэн ослын улмаас цөмийн эрчим хүчний таван мэргэжилтэн нь амь үрэгдсэн харамсалтай хэрэг энэ сарын 8-нд болсон. Уг дэлбэрэлтийн дараа цэргийн баазын ойролцоох хотод цацраг туяаны хэмжээ огцом нэмэгдсэн талаар мэргэжилтнүүд мэдээлж байсан ч тус улсын эрх баригчид үүнийг эрс үгүйсгэсээр байгаа юм.

Тэгвэл дээрх дэлбэрэлтийн улмаас цацрагт идэвхит бодистой үүл салхины чиглэлийн дагуу Төв Ази, Монгол руу нүүн орж ирж байгаа талаар хэвлэлүүд бичиж эхэллээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногийн эхээр Францад айлчлах үеэр дээрх дэлбэрэлтийн талаар асуусан сэтгүүлчдийн асуултад “Бүх зүйл хэвийн байгаа. Цацраг идэвхит бодис тархсан зүйл байхгүй” хэмээн эрс няцаасан юм.

Гэхдээ дэлбэрэлтийн дараахан цацраг бодисын хэмжээг хянаж байдаг дөрвөн станц тодорхойгүй шалтгаанаар ажиллахаа больж, дэлхий даяар байрлуулсан 300 гаруй хяналтын станцын тусламжтайгаар цөмийн зэвсгийн туршилтыг бүртгэж байдаг CTBTO /Цөмийн туршилтыг хориглох гэрээний байгууллага/ -д мэдээлэл ирэхээ байсан нь хачирхалтай байгаа юм.

Уг хараат бус байгууллагын станцууд нь агаар мандал дахь цацраг идэвхит бодисын хэмжээг хянаж байдаг бөгөөд цөмийн зэвсгийн туршилт болсон эсэхийг батлах гол төхөөрөмж ажээ. Мөн эдгээр станцуудыг ОХУ-ын Батлан хамгаалах яам давхар хянадаг аж.

Нэгэнт тухайн дэлбэрэлтийн талбайд байгаа станцууд ямар нэгэн байдлаар ажиллахгүй байгаа учир агаарт тархсан бодисыг шинжлэх хамгийн боломжтой газар нь Монгол болон Хятадын хойд нутагт байрладаг хяналтын станцууд аж. Гэтэл ийм төрлийн мэдээллийг зөвхөн CTBTО-ын гишүүн улс орнууд хоорондоо солилцох эрхтэй байдаг учир Монголоос энэ талаар мэдээлэл авах боломжгүй байгаа гэж мэдээлэлд дурджээ.

Мөн дэлбэрэлтээс хэд хоногийн дараа тухайн дэлбэрэлт болсон газрын ойролцоох тосгоны иргэдийг тодорхойгүй шалтгаанаар нүүлгэн шилжүүлэх гэж байна гэдэг мэдээлэл гарсан. Гэвч маргааш нь тус тосгонд цэргийн томоохон сургуулилт явуулах гэж байгаад цуцлагдсан учир тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэхээ больсон хэмээн өмнөх мэдээллээ үгүйсгэсэн юм. Бас тосгоны иргэд эмийн сангаас цацраг туяаны нөлөөг бууруулах үйлчилгээтэй иодыг олноор авч байгаа тухай албан бус эх сурвалжууд мэдээлээд байв. Үүнээс гадна ослын газар ажилласан эмч нарын биеийн байдлыг Москвад авчирч хянуулсан ба эмч нартай болсон үйл явдлыг нууцлах гэрээ байгуулсан хэмээн TASS мэдээлж байсан билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж