Цацрагийн хэмжээгээ хянаж чадаж байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Цацрагийн хэмжээгээ хянаж чадаж байгаа юу?

Цацрагийн хэмжээгээ хянаж чадаж байгаа юу?

ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан. Дэлбэрэлтийн дараа химийн бодис, цацрагийн туяа хэвийн хэмжээнд байгаа хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байсан ч өчигдрөөс эхлэн цацрагт идэвхтэй үүл Төв Азийн нутаг дэвсгэр рүү орж ирж буй талаар дэлхийн хэвлэлүүд шуугиж эхэлсэн.

Монгол Улс ОХУ-тай хил залгаа оршдог. Тиймээс үүлээр дамжин химийн бодис орж ирэх магадлалтай хэмээн иргэд цахим орчинд анхааруулга бичсээр байна. Бид уг мэдээлэл хэр баттай вэ гэдгийг тодруулах зорилгоор мэргэжлийн хүмүүстэй холбогдлоо.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа “Цацраг идэвхит үүл Монгол Улсаар дамжлаа гэхэд аюулын хэмжээнд хүрэхгүй. Жижиг хэмжээний дэлбэрэлт 10 км дотроо аюултай байдаг бол том хэмжээний дэлбэрэлт 1000 км газар түгэх аюултай. ОХУ-д болсон дэлбэрэлт Монгол Улсаас 5000 гаруй км-ийн зайд болсон учир бидэнд аюулгүй” гэсэн хариулт өгсөн бол "Мон атом" төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал Ц.Дамдинсүрэн "Цацраг идэвхит бодис агаар мандлаар дамждаг. Хэрэв салхи баруун хойноос чиглэлтэй байвал Монгол руу дамжих боломжтой" гэв.

Цацраг идэвхит бодисын хэмжээг хянадаг өөр нэг газар бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Тиймээс бид Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Ш.Сандаг-Очиртой холбогдов. Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд хяналтын төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар бүртгэл дээр цацрагийн тооны түвшин нэмэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Манайх хотын хэмжээнд хяналтаа тавиад явдаг" гэсэн юм.

Монгол Улсын 21 аймаг, хилийн 15 боомт дээр цацрагийн хяналтын төхөөрөмж 24 цагаар ажилладаг байна. Тиймээс энэ талаар урьдчилсан сэргийлэх мэдээлэл авч болдог аж. Ус цаг уур орчны шинжилгээний газар ирсэн мэдээллээ Байгаль орчин хэмжилзүйн газарт өгдөг байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын цацраг, хөрсний инженер Б.Эрдэнэбилэг "Аймгуудын цаг уур, орчны шинжилгээний албанаас надад өдөр бүр хяналтын мэдээллээ өгдөг. Одоогийн байдлаар цацрагийн түвшин ихэссэн мэдээлэл ирээгүй" гэв.

Харин Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр "2019 оны наймдугаар сарын 8 –ны өдөр ОХУ-ын Архангельск мужийн Нёнокса суурины ойролцоо болсон ослоос үүдэлтэй хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл ихээхэн цацагдаж байгаа ч албан ёсны эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн бүс нутгийн цацрагийн хэмжээ хэвийн байгаа ажээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн юм.

Гэхдээ дэлбэрэлтийн дараахан ОХУ-ын цацраг бодисын хэмжээг хянаж байдаг дөрвөн станц тодорхойгүй шалтгаанаар ажиллахаа больж, дэлхий даяар байрлуулсан 300 гаруй хяналтын станцын тусламжтайгаар цөмийн зэвсгийн туршилтыг бүртгэж байдаг CTBTO /Цөмийн туршилтыг хориглох гэрээний байгууллага/ -д мэдээлэл ирэхээ байсан нь хачирхалтай байгаа юм.

Нэгэнт тухайн дэлбэрэлтийн талбайд байгаа станцууд ямар нэгэн байдлаар ажиллахгүй байгаа учир агаарт тархсан бодисыг шинжлэх хамгийн боломжтой газар нь Монгол болон Хятадын хойд нутагт байрладаг хяналтын станцууд аж. Гэтэл ийм төрлийн мэдээллийг зөвхөн CTBTО-ын гишүүн улс орнууд хоорондоо солилцох эрхтэй байдаг учир Монголоос энэ талаар мэдээлэл авах боломжгүй байгаа гэж мэдээлэлд дурджээ.

Төв Азийн нутгаар тэр тусмаа Монголд цөмийн цацраг тархсан байх магадлалтай хэмээн дэлхий даяар шуугиж байна. Гэтэл холбогдох мэргэжлийн хүмүүсээс тодруулахад зарим нь мэдээлэлгүй, гайхсан байдалтай, буцаагаад асуулт асууж буй нь хачирхалтай. Тэд үнэхээр байдал хэвийн учраас мэдэхгүй байна уу, хэмжиж хянаж чадахгүй учраас мэдээлэлгүй байна уу. Хянах төхөөрөмж нь хэвийн ажилладаг л байгаасай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж