Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл улс төрийн хүрээнд хүлээлт, талцал үүсгэсээр даруй нэг сарыг үдлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах энэ удаагийн боломж МАН-ын хувьд чухал үүрэг бас намдаа наах нэмэх оноо.
Сүүлийн сар гаруй хугацаанд ямар нэг тохиролцоонд хүрэхгүй, МАН-ыг 32, 33-ын бүлгээр нь талцуулаад байгаа гол асуудлын нэг бол сонгуулийн тогтолцоо, түүнийг дагаад Ерөнхийлөгчөөс ирүүлсэн гишүүдийн тоо, парламентын хугацаа гэсэн гуравхан заалт. Сонгуулийн тогтолцоо ямар байхаас улс төрд аль нам өнгөлөх, хэн хүчтэй, мөнгөтэй ялалт байгуулах боломж бий болно. Нэгэнт 64-үүлээ олонх байж өргөн барьсан Үндсэн хуульдаа өөрсдийн “хүссэн” заалтаа оруулж чадахгүй, хэн нэгний шахалтад орж баталбал Үндсэн хуулийн автор байх хэрэггүй биз, МАН-ынханд.
МАН-ын ахмад гишүүдийн хувьд 2020 оны сонгуулиа бодож сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар зүтгэж буй. Холимог тогтолцооны нэг онцлог нь аль нэг улс төрийн хүчин үнэмлэхүй суудал авах боломж хомс. Намын даргатайгаа ойр нэг нь жагсаалтаар УИХ-д нэр дэвших боломжтой гэхчлэн давуу болоод сул тал бий. Энэ удаагийн парламентад үеийн үед сонгогдсоор ирсэн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Оюунхорол гээд улстөрчид бий. Тэднээс гадна МАН дотор намын жагсаалт руу санаархаж, гишүүн болох хүсэлтэй олон хүн ч байгаа.
Чухам тиймээс Ерөнхийлөгч “Энэ заалтуудыг танай намынхан захиалсан шүү” гэж хэлсэн байх талтай.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөр өөрсдийнхөөрөө явуулахын тулд тал талдаа гэдийсээр өнөөдрийг хүрч байна. Ерөнхийлөгчийн хүсэл бол УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, сонгуулийн тогтолцоог холимог болгох. Өөрөөр хэлбэл, 108 хүний 50 хувийг намын жагсаалтаас, 50 хувийг нь тойргоос сонгох байдлаар зохицуулахаар оруулж ирсэн. Гэвч анх удаа сонгогдсон, дахин сонгогдохыг хүсэгчдэд намын жагсаалт, жагсаалтын эхэнд жагсах гэдэг бол тэнгэрийн хүсэл болно гэдэг өөрсдийн эрх ашгаар хандаж буй. Харин олон удаа сонгогдсон гишүүдийн хувьд тойрогт руу очиж бүдэрснээс төлбөрөө төлөөд дуугаа захиалсан нь ашигтай байгаа. Тиймээс тэдэнд намын жагсаалтыг лоббидох эрх ашиг бий.
Ерөнхийлөгч ч би төслөө татахгүй, энэ чигээр нь батлуулна гэж гэдийж байгаагаа МАН-ынханд сануулсан гэх бор шувуу Төрийн ордонд жиргээд эхэлсэн.
ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙГЭЭР ХОЛИМОГ ТОГТООЛЦООГ СОНГОЖ БОЛНО
УИХ-ын 76 гишүүний тодорхой хувь намын жагсаалтаар, тодорхой хувь нь тойргоос сонгогдох зохицуулалт бүхий холимог тогтолцоо бол агуулгаараа бол улс оронд хамгийн ашигтай заалт. Улсын төсвийг 76 гишүүн нь 76 тойрогтоо хувааж юу ч биш болгодог үрэлгэн зардлыг хумих давуу талтай. 2012 оны ганц удаагийн сонгуулийг эс тооцвол бүх сонгууль том, жижиг тойргоос сонгогдож ирсэн. Харин 2012-2016 оны парламентын гишүүд нь холимог тогтолцоогоор сонгогдсон тул ашиггүй хөрөнгө оруулалт бага байсан гэдгийг зарим эдийн засагчид онцолдог. Тэгэхээр төсөв нь их наядын алдагдалтай, жалга, довны үзэлгүй улсаа том зургаар хөгжүүлэх, төсвийн сахилга баттай байх боломж бол холимог тогтолцоо юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн бас МАН-ынхны хүсээд байгаа шиг УИХ-ын гишүүдийн тоог 108, 99 болгохгүйгээр одоогийн 76 тогтолцоондоо тохируулан холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах зохицуулалтыг Үндсэн хуульдаа тусгаж чадвал улсад л ашигтай. Ард түмний дунд одоогийн 76 гишүүн нь үзэн ядагдаж, 76 ам төсөв хувааж иддэг гэх мэтээр хангалттай шүүмжлүүлдэг учраас гишүүдийн тоог нэмэх нь энэ удаад хийх өөрчлөлт биш гэдгийг олон судлаачид хэлж буй.
Угтаа бол үнэмлэхүй олонх болсон МАН 62-уулаа гарын үсэг зурж, дэмжсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг намдаа, өөрсдөдөө нэмэх оноо авч, ард түмний хүсч байгаа өөрчлөлтийг хийх боломж 100 хувь бий гэсэн үг. Гэхдээ Ерөнхийлөгчийн хувь хүсэлт нийцүүлэхээс илүү нийт ард түмнийхээ, 76 тойргоос сонгогдсон иргэдийнхээ эрх ашгийг бодож, улс төрийн зөв зөвшилцөлд хүрч батлах эсвэл дахиад л яриад өнгөрөх үү гэдэг сорилтын өмнө байна.
Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс төрийн намуудын, улстөрчдийн өөрсдийн эрх ашгаас үүдэж өөрчлөлт хийж чадаагүй өдий хүрснийг МАН мартаж болохгүй. Нэг нам дангаараа үнэмлэхүй олонх болж, Үндсэн хуульд гар хүрэх боломж олдохгүй байж ч мэдэхийг сануулах нь илүүц биз ээ. Ийнхүү МАН-ын гишүүд өөр өөрсдийн эрх ашгаа урьтал болгож, ард түмний үндсэн эрх ашигт нийцэх өөрчлөлтийг хийж чадах уу гэдэг сонголтын өмнө байна. Харин энэ сорилт МАН-ыг дотоод зөрчлийг хурцатгах уу эсвэл эвлүүлэх үү, ядаж байхад 2020 оны сонгууль ч ойртож байгааг хэлэх үү.
Ш.ЧИМЭГ