Цаазанд тэрчилсэн Үенч гол

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Цаазанд тэрчилсэн Үенч гол

Цаазанд тэрчилсэн Үенч гол

Баруун Алтайн өвөрт, түүхт Байтаг богдтой хилийн наана орших Үенч, Бодонч, Булган  голууд мянга мянган жилд хүмүүн, мал, амьтан, шувуу ундаалж ирсэн бөгөөд Булган нь хил давж одох, нөгөө хоёр нь төрөлх нутагтаа шингэх тавиланд заяажээ.

Монгол Улсын баруун хилийн хүн ам эдүгээ хүртэл оршин тогтнож ирсэн гол учиг нь энэхүү гурван голтой салшгүй холбоотой. Ус хэмээх чандмань эрдэнэ ийнхүү эс заяасан бол торгууд, захчин, казах иргэд тэнд оршин суух, торгон хилээ харж хамгаалах аргагүй байсан буй заа. Гол мөрөн хатаж ширгэвэл нутаг нуга эзгүйрнэ, чингэсэн орон нутаг дахь улсын торгон хил өнчирнө, өнчирсөн хязгаар нутгийг хүн, мал байтугай нүүдлийн шувуу ч эс тооно. Энэ гурван голын амьд буян хишгийг эдүгээ бараг 20000 хүн ам, хагас сая орчим мал хүртэж буй учраас баруун хилийн нутаг дэвсгэр эзэнтэй, амьдралтай бөгөөд жаргалтай орших иржээ. Гэтэл Бодонч гол эдүгээ дөнгөж амьтай төдий, Булган гол татарч хумигдаад загас жараахай, минж нь хил даван “цагаачилж” дуусчээ.

Харин Үенч голыг өнгөрсөн хавраас цаазын тавцан дээр хүчиндэн гаргаж үе мөчөөр нь цавчин тамлаж эхлэснээс хойш бараг хагас жил өнгөрөв. Эвий хөөрхий энэ гол ярьдагсан бол Монголын төрд гомдлын үг урсгаж, гунигийн нулимс асгаруулж, амин гол минь тасрах нь гэж өмөлзөх буй заа. Төр нь эдүгээ хүн шууд цаазлахаа больсон хуультай. Гэлээ ч ундны ус, малын бэлчээрийг нь шуналт компаниудтай хуйвалдан залгиж байгаа нь шууд бус ЦААЗ. Хүн, малынхаа аж төрөх үндсэн орчин нөхцөлийг сүйтгэж буйг нь хүмүүнийг хатааж алах цааз гэхээс өөр үггүй.

1990-ээд онд Үенч гол дээр “хүчит” усан цахилгаан станц барьж Алтай, Үенч, Булган сумдыг эрчим хүчээр хангах төсөл улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж Үенч голын гольдролыг өөрчилж түүнийг тахир дутуу болгож орхисон гашуун туршлага бий. Үлгэрлэвэл дайнд хөл, гараа алдаад амин голоо арайхийж авч үлдсэн өвгөн дайчин л гэсэн үг. Одоо амь наана, там цаана арайхийж л тэсч буй төрхтэй. Тэр цахилгаан станц нь үлгэр болж, дээрх гурван сум цахилгаанаа Шиньжаан Уйгараас импортолж байгаа шүү дээ.  Тэгэхэд бас л төрийн “үнэнч түшээд цэнгэж, Үенчийн гол турж мөлхсөн” түүхтэй.

Өдгөө тэрхүү түүх давтагдаж байна. Төрийн бузар хуйвалдааны залгамж чанар мөнх, түшмэд нь шинэ. Энэ тохиолдолд “Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргаа”-ны дарга Б. Батзориг хэмээх эрхэм тэдний нэг. Тэрбээр 2019 оны тавдугаар сарын 10-ны 40 тоот албан бичгээр “Болор талст” ХХК-д Үенч голын хамгийн том цутгал болох Нүцгэний голыг Алтай сумын нутаг дахь вольфромын уурхайн олборлолтод ашиглуулж буйг холбогдох хууль зөрчсөн шийдвэр учраас таслан зогсоох үүрэг Үенч сумын Засаг даргад ирүүлсэн боловч долоо хоногийн дараа дээрх компанитай Нүцгэний голыг ашиглуулах гэрээ өөрөө байгуулж гарын үсгээ зуржээ.

Энэхүү хуйвалдааны гэрээний дагуу “Болор талст” ХХК нь Нүцгэний голыг боож, цөөрөм үүсгэж, Нүцгэний нуруу (далайн түвшнээс дээш 3000 метр өндөр)-г давуулж ус дамжуулах хоолой барьж Алтай сумын нутаг Оцогт гэдэг газар дахь уурхай руу ус татаж эхэлсэн аж.

Орон нутгийн иргэд олон удаа эсэргүүцсэн учраас дээрх хоолойгоор ус татахаа түр зогсоосон боловч одоо автомашинаар өдөр, шөнөгүй зөөсөөр л байна. Б.Батзориг дарга бээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нараас тус тус өгсөн үүргийн дагуу дээрх балмад үйл ажиллагааг газар дээр нь шалгуулсан нэр хөдөрч, нөгөө компанитай байгуулсан өөрийнхөө гэрээг хамгаалсан тайлан бичиж ирүүлжээ, саяхан. Төрийн түшмэд нь төрөө хууран мэхэлж байгаагийн баримт нь энэ. Дээрх 40 тоот албан бичгийг үйлдэхдээ чухам ямар зорилго тавьсан нь нэн сонирхолтой? Ичих нүүрэндээ илэг наачихсан нь илт.

Хөөрхий Үенч гол өнөөдөр хоёр дахь удаагаа цаазын тавцан дээр ийнхүү тэрчилж байна. Нүцгэн салааны эх “атомын бөмбөгт нэрвэгдсэн” лугаа сүйрч,  Нүцгэний гол тасарч ширгэх замаар орсон. Түүний амь тасармагц Үенч голын урсац 30 хувь дундарна. Энэ нь уг голын зүрхийг зогсоох үйл явцыг хурдасгана. Тэр нь хүн, мал, амьтныг нүүдэл суудал руу түлхэнэ. Тэгээд хил хязгаар эзгүйрнэ. Эх орны тусгаар тогтнол хилээс эхэлдэг. Улсын баатар Бадам, Даваадорж, Гиваа нар алтан амиараа авч үлдсэн домогт хязгаар нутаг хоосорч мэднэ, төр ийм түшмэдээ эс захирвал?

Үенчийн үзэсгэлэнт хавцлын эх Уст бард, Нарийн гол, Хар чулуутын гол, Харгайтын гол, Улаан эрэг, Хужиртын гол, Нүцгэний гол, өмнөд Жаргалантын гол зэрэг том жижиг олон цутгал нь Үенч голын амин судаснууд. Энэ гол бээр 126  км урсах бөгөөд  замдаа Үенч сумын төвийг дайран тэтгэж Цагаан түнгийн Зах усны хөрсөн доогуур шургадаг “эх оронч”. Хойч үед өвлөгдөх ёстой ус хэмээх чандмань эрдэнэ.

Уул уурхайн танхай компаниудаас гол мөрөн, нуур цөөрмөө хамгаалахад цэрэг армиа ч дайчлах хэрэг гарч болзошгүй тухай яриа гарсан нь төр “төмөр нүүр”-тэйг л нотлох гэсэн хэрэг биз. Үенч суманд Хилийн цэргийн отряд олон жил оршиж буй. Одоо тэдний хэрэг гарч мэдэх нь, Үенчийнхэнд. Гэхдээ Н.Цэрэнбат сайд ийм байдалд хүргэхгүй гэдэгт найдна.

Сайдын гарын үсэгтэй ганц хуудас албан тоот л “Болор талст”-ыг зогсооно. Чингэвэл хилийн цэргүүд хилийнхээ манаанд л гарна. Эс тэгвэл Үенчийнхэн нэхэл хатуутай, эрхэм сайдын хоёр чихийг амраахгүй байж чадна.

Булган сум дахь “Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргаа”, тэндэхийн Шүүхийн түшмэдийн хоорондын хамтын ажиллагаа сүүлийн саруудад эрс нягтарч буй нь илт харагдаж байгааг энэ дашрамд тэмдэглэе. Энэ цухам юуны цондон юм бол, Нүцгэний голын “шивнээ”-г тэд сонсдог ч болоосой. Лус савдагийн зовлонг ойлгоход тустай.

Тэр нь цэнхэр торгон дээлтэй, улаан дурдан алчууртай, жороо хүрэн азарга унасан бүсгүй хүн гэлцдэг, манай Үенчийнхэн. Эмэгтэй хүн, эх хүнийг зовоох нь үл балрах нүгэл гэдэг. Одоо гагцхүү бүдүүн зүрхтэй түшмэдийн эрүүл саруул ухаанд найдах л үлдэж байна. Тэдэнд сүсэглэн мөргөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж