Олон жил дамнан баригдсан ч өнөө хэр нь ашиглалтад орж чадахгүй иргэдийн хүлээлтийг үүсгээд буй Түлэнхийн төвийн барилгын явц ямар байгаа талаар сурвалжиллаа.
Засгийн газрын ордон барих гэж байсан Кувейтийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Түлэнхийн төвийн барилгын ажлыг зургаан жилийн өмнө эхлүүлсэн ч өнөө хэр нь ашиглалтад ороогүй байна. Барилгын ажил удаашрах болсон гол шалтгаан нь Засгийн газар нэмэлт санхүүжилтээ гацаасантай холбоотой юм.
Уг барилгын тендерт “Цаст констракшн”, “Нутгийн зам” гэсэн хоёр барилгын компани шалгарсан байдаг. "Цаст констракшн"-ы хувьд А болон С блок, "Нутгийн зам" В блокийг тус тус хариуцаж, гүйцэтгэж байгаа юм. А блок нь амбулаторийн барилга. Энд үзлэг оношлогоо, эмч нарын байрлах өрөө болон бүх лаборатори, шинжилгээ хийнэ. В блокийн хувьд мэс заслын өрөө, хэвтэн эмчлүүлэгчд байрлана. Харин С блокт авто зогсоол болон цогцос хадгалах байр буюу морг байрлахаар төлөвлөжээ.
Биднийг очиход барилгын ажил ид явагдаж байлаа. Энэ бол "Нутгийн зам" компанийн барьж буй В блок буюу мэс заслын өрөө болон хэвтэн эмчлүүлэгчдийн байр. Энд 120 гаруй ажилчид өглөөний 08,00 цагаас оройн 19.30 цаг хүртэл ажилладаг байна. Нэг ч гадаад иргэн байхгүй, бүгд Монгол ажилчид хэмээн инженер хэлэв. Ихэвчлэн залуус байх аж. Тэд гадна фасадны ажил хийж байлаа. Уг нь энэ ажил долдугаар сарын 16-нд эхэлсэн боловч борооны улмаас бүтэн сар хойшилжээ.
Барилгын ажил удааширч байгаа шалтгааныг бид талбайн инженер Д.Нармандахаас тодруулсан юм.
-Барилгын ажил хэдэн хувьтай байна вэ, ямар хүндрэл бэрхшээлүүд гарч байна?
Барилгын ажил 80 хувьтай байна. Барилгын ажил удааширч байгаа хэд хэдэн шалтгаан бий. Бид барилгын бараг бүх материалаа импортоор авдаг. Гэтэл хил, гааль дээр бидний бараа бүтээгдэхүүн их гацдаг.
Одоогийн байдлаар барилга дээр 120 хүн ажиллаж байна. Уг нь 150 хүн байгаа. Дараагийн ажил хийх гэхээр хүлээлтийн байдалтай байна. Тухайлбал, одоо хил дээр долоон лифт гацчихсан байна. Бид эндээ хүлээгээд байдаг лифт ирдэггүй. Өмнө нь бас хоёр сар материал ингэж саатуулж байсан. Үүнээс гадна яамнаас бүрэн санхүүжилт өгөхгүй учраас бидэнд хүндрэлтэй байна. Өөрсдийнхөө хөрөнгөөр зохицуулж, аргалаад явж байна. Нэг үе элс, хайрга саатахад бид 280-ийн үнэтэй тоосгийг 400 төгрөгөөр авч байв. Барилгын салбарынхан бүгд мэдэж байгаа. Хэчнээн татварын хөнгөлөлт байдаг ч төсөв, мөнгө байхгүй бол мянга хөнгөлөөд ч нэмэргүй шүү дээ. Мөн орой 22.00 цагаас хойш барилгын ажил хийх боломжгүй. Иргэдийн амар тайван байдал алдагдуулж болохгүй гэсэн Зөрчлийн хуультай холбоотой. Дээр нь материал татахад өдрийн цагаар хот руу оруулахгүй байна. Цагийн хязгаарлалттай, хүнд даацын автомашин явуулдаггүй. Угсралтын ажил хийхэд иймэрхүү асуудлууд их гарч байсан. Энд өчнөөн олон хүн ажиллаж, цалинжиж байна. Ер нь төрийн ажлыг жаахан хойш нь тавьдаг юм уу гэж би ойлгож байгаа. Гэхдээ бид нөөц бололцоогоо ашиглаад, татан авалтаа үе шаттай аваад явж байна. Боломжийнхоо хэрээр зүтгэж байна. Удаашрах өөр шалтгаан ч бас гарч ирсэн.
-Тэр нь юу вэ, тодруулаад ярихгүй юу?
С блок дээр цогцос хадгалах байр буюу морг барихаар төлөвлөж байсан. Гэтэл газраа алдсаны улмаас В блокийн зоорийн давхарт морг хийхээр болсон. Үүний тулд бид дахиад подвалд тусгайлан барилгын нэмэлт ажил хийж эхэлсэн. Зургийн асуудлаас болоод хугацаа алдсан.
Тэгээд үргэлжилсэн бороо их орсон гээд удаашрах шалтгаан их байсан.
-Хариуцсан салбарын хүмүүс нь ирж хяналт шалгалтаа хэр хийж байна, та нартай хэр холбоотой ажилладаг вэ?
-“Барилга хөгжлийн төв”-өөс байнга ирж шалгаж байгаа. Эрүүл мэндийн яамны дэд сайд, Гэмтлийн дарга нар санаа нь зовоод ирдэг, холбогддог. Уг нь мөнгө, санхүү асуудалгүй бол бид ирэх аравдугаар сардаа багтаагаад ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэлээ.
Уг төвийн В блок долоон давхар. Дотогш орвол тавдугаар давхарт сангийн ажил, дотоод заслын ажил явагдаж байв. Удахгүй доод давхруудыг засах тул хог шороо зайлуулж байлаа. Лифт байрлах дутуу онгорхой хэсэг ч харагдана. Барилгын материал, хэрэгсэл мөн ашиглахад бэлэн байна. Гагцхүү хил дээр гацсан бараа материал, санхүүгийн хүндрэлээ зохицуулчихвал цаг, хугацаандаа багтаж хүлээлгэж өгөх аж.
Ингээд бид Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэтэй уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Салбарын яам Түлэнхийн төвийн барилгыг ашиглалтад оруулах талаас хэр анхаарал хандуулж, шаардлага тавьж ажилладаг вэ?
-2017 оноос хойш хоёр компани барилгын ажлыг гүйцэтгээд явж байна. Дунд нь санхүүжилттэй холбоотой сул зогсолтууд байсан. 2018 оноос барилгын ажил эрчимжсэн. Бидний хоёр компанитай хийсэн гэрээний дагуу 2019 оны аравдугаар сардаа багтаж хүлээлгэж өгөх ёстой. Одоогоор хоёр барилга 80 буюу түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ялангуяа В блокийн хувьд барилга дээр гацсан зүйл байхгүй. Ажил хэвийн үргэлжилж байна.
-В блок гэдэг аль компанийн барьж байгаа барилга билээ?
-“Нутгийн зам” компанийн гүйцэтгэж байгаа хэвтэн эмчлүүлэгчдийн байр. Харин А,С блокийн хувьд асуудал гарсан. Тухайлбал, С блокийн хувьд бид анх барихаар төлөвлөж байсан газраа алдсан. 2017 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус барилгын газрыг хувийн компанид шилжүүлээд өгчихсөн. Өөрөөр хэлбэл, Түлэнхийн төвийн газар дээр хувийн компани барилга бариад эхэлчихсэн. Ингээд бид морг хадгалах байраа барих газаргүй болсон. Гэхдээ инженерүүдийн нарийн шийдэл, гүйцэтгэгч компани болон Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг газар дээр нь танилцаад С блокийн асуудлыг шийдсэн. С блокийн зарим хэсгийг В блок руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, моргыг бид хэвтэн эмчлүүлэгчдийн байрны доор подвалд нэмж барихаар шийдсэн.
-Ингэж байрлуулах нь ариун цэвэр, эрүүл ахуйн талаас хэр нийцтэй байгаа вэ, алдсан газраа буцаах тал дээр та нар ямар арга хэмжээ авсан бэ?
-Бид морг зоорийн давхарт байрлуулахдаа эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага бүрэн хангасан, технологи стандарт шаардлагын дагуу бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Газрын хувьд бид буцааж авах, өөрийн болгох бүх арга хэмжээг авч, хөөцөлдсөн. Гэвч ямар ч тус болоогүй. Одоо хөөцөлдөөд ч нэмэр байхгүй.
-Харин А блокт ямар асуудал гарсан бэ?
А блок буюу амбулаторийн барилгын доороос их хэмжээний хөрсний ус гарч ирсэн. Тухайн газар нь намгархаг, устай газар байсан.
Бид хэд хэдэн мэргэжлийн байгууллагатай хамтарч газар дээр нь очиж танилцаад барилгын хяналт хийсэн. Барилгын хөгжлийн төвийн инженерүүд ус зайлуулах системийг шинээр хийх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Ингээд зураг, төсөв нь батлагдаад мэргэжлийн усны барилгын компани өнгөрсөн долоо хоногоос ажлаа эхлүүлээд явж байна. Хэдэн метрийн гүнээс гарч байна, хэр хэмжээний насос тавих вэ гээд хөрсний судалгаа гаргаж, цооногоо хийсэн. Одоо усны барилгын ажил явагдаж байна.
-Энэ нь барилгын чанарт нөлөөлөх үү, барихаас өмнө үүнийг шийдэж болоогүй юм уу?
-Энэ бол орчин үеийн хамгийн байж болох сайн шийдэл. Дэлхийн бусад улсад далай дээр барилга барьж байна. Ингэхдээ хиймэл хөрс хийгээд доороос нэвчиж гарч байгаа усыг янз бүрийн будаг тогтоогчоор тогтоох гэх мэт олон аргыг хэрэглэдэг. Бид дернажийн систем буюу байнгын ус соруулах технологи ашиглахаар болсон. Тайлбарлавал, усны түвшин дээшээ гарч ирсэн үед соруулж гадагш нь гаргаж байх юм. Барилгын зоорийн давхарт ус нөлөөлөх хэмжээнд дээшээ гарч ирэхээс өмнө урьдчилж холдуулж байгаа аргыг хэрэглэж байна гэсэн үг. Хийхэд хугацаа хэрэгтэй. Энэ ажлыг хийж дууссаны дараа А блокийн үлдэгдэл газар, шорооны ажил, гадна фасад мөн А болон В блокийг холбосон хүзүүвчийн ажил хийгдэх юм.
-“Санхүүжилтийн асуудал хүнд байна. Бид өөрсдөө боломжоороо шийдээд явж байна” гэсэн хариултыг барилгын компаниуд өглөө. Мөн импортоор оруулж ирж буй бараа, материал хил гааль дээр гацах нь их байдаг тухай ярьж байна. Үүнийг яаж зохицуулж, дэмжиж ажиллаж байгаа вэ?
-Гүйцэтгэгч хоёр компанитай байгуулсан гэрээ ёсоор бол тухайн компани ажлаа гүйцэтгээд ийм ажлыг төчнөөн хэмжээний санхүүжилтилтээр хийлээ гэж дор бүр нь тайлагнах ёстой. Үүнийгээ холбогдох газруудаар хянуулж, баталгаажуулаад манай яаманд ирүүлдэг. Холбогдох газрууд гэдэг нь захиалагчийн хяналт тавьж байгаа.
Барилгын хөгжлийн төв буюу мэргэжлийн агентлаг маань өөрсдийн инженер ажилчидын хамт нэг бүрчлэн хяналт тавина. Тэд хяналт хийж баталгаажуулсны дараа бид сангийн яам руу санхүүжилт хийж өгнө үү гэсэн бичиг явуулж, уламжилдаг. Сангийн яам Кувейт руу буюу тусламж өгч буй газар луу хүсэлт явуулдаг. Бид ийм ажил хийлээ, санхүүжүүлж өгнө үү гээд. Тэндээс зөвшөөрөл ирсний дагуу ажил явдаг юм.
Мэдээж үүнд тодорхой цаг хугацаа ордог.2019 он гарсаар барилгын гүйцэтгэгч компаниуд санхүүжилт хүссэн бичиг аль аль нь ирүүлээгүй. Одоогийн байдлаар бид ийм хүсэлт хүлээж аваагүй. Тиймээс бид санхүүжилтийн хувьд гацаасан, олгохгүй байгаа асуудал байхгүй. Харин 2018 оны хувьд санхүүжилт бага зэрэг удаашралтай шийдэгдсэн гэсэн гомдлыг барилгын гүйцэтгэгч компаниуд хэлж байсан.
-Нэг дор санхүүжилтийг нь шийдэж өгч болдоггүй юм уу?
-Үгүй. Улсын төсөв ч бай, гадаадын тусламж ч бай санхүүжилтийг урьдчилж өгөх боломж байхгүй. Хоёр компани урьдчилгаа санхүүжилтээ өөрсдөө гаргаад гүйцэтгэлээрээ санхүүжилтээ аваад явна гэдгийг тухайн компаниуд маш сайн мэдэж байгаа.
-Гүйцэтгэгч талууд албан ёсоор хүсэлт ирүүлээгүй ч гэсэн хувиараа аман байдлаар санал, хүсэлт хэлж, уулзаж байсан уу?
-2019 онд "Цаст констракшн" компани манайд 10 гаруй албан бичиг ирүүлсэн. "Нутгийн зам" компанийн хувьд бас 10 орчим бичиг өгсөн. Захиалагч болох Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс бас бидэнд бичиг ирдэг. Өөрөөр хэлбэл, ашиглагчийн зүгээс гэсэн үг. Энэ бүх асуудлыг бид шийддэг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, барилга барихад бүхий л төрлийн тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл сунгуулах, дээр нь барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулахтай холбоотой мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл авах зэрэг олон асуудал гардаг. Энэ бүхнийг манай ажлыг хэсгийн ахлагч дэд сайд, газрын дарга нар болон холбогдох хүмүүс маань уулзаж, шийдээд явдаг.
Яамны зүгээс он гарсаар санхүүжилттэй холбоотой ямар нэгэн асуудал үүсээгүй. Үүнээс гадна өнөөдрийн байдлаар хоёр компани өөрсдөө манайд гүйцэтгэлээ ирүүлээгүй байна.
-Импортоор ихэнх барилгын материалаа татдаг. Гэтэл гааль дээр гацааж байгаа нь барилга удаашрах нэг шалтгаан болж байгааг хэлж байна?
-Бид энэ барилгыг энэ ондоо багтаагаад ашиглалтад оруулахын төлөө бүхий л хүчээ дайчилж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар дэд сайд ахалсан ажлын хэсэг ч ажиллаж байна. Би өөрөө гишүүн нь. Энэ барилгатай холбоотой бүхий л асуудлаар манай ажлын хэсэг хуралдаж, хурдан хугацаанд ашиглалтад оруулахын төлөө хичээж байна. Бидний зүгээс ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа, ямар дэмжлэг үзүүлэх боломжтой байна вэ гэдэг дээр маш сайн анхаардаг. Бүхий л шатанд нь дэмжээд явж байгаа. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу тухайн төсөл, арга хэмжээтэй холбогдуулан импортоор орж ирж байгаа бараа, материал, тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг. Он гарсаар “Нутгийн зам” компаниас нэг хүсэлт ирсэн. Үүнийг бид хянаж, баталгаажуулаад чөлөөлөх бичгийг Сангийн яам, Гаалийн ерөнхий газар хүргүүлсэн.
Монгол Улсын хил гаалиар бараа, бүтээгдэхүүн нэвтэрч байгаа учраас холбогдох байгууллагууд хяналт, шалгалтаа хийгээд явдаг. Үүнд Эрүүл мэндийн яамны зүгээс нөлөөлөх боломж байхгүй. Манай яамны зүгээс ямар нэр төрлийн, хичнээн тоо ширхэг бараа орж ирэх вэ, гэрээндээ заагдсан уу, урд нь хэдий хэмжээтэйг татаж авсан, одоо барилгын явцад тоо ширхэг нь таарч байгаа юм уу гэдэг хяналт баталгаажуулалтаа хийдэг.
Харин ч “Түлэнхийн төв”-ийн барилга бол яамны зүгээс хамгийн сайн дэмжиж ажилладаг төсөл.
-Аравдугаар сард ашиглалтад ороход дотор ажиллах боловсон хүчин, эмнэлгийн тоног төхөөрөмж бүгд бэлэн, үйлчлүүлэгчдээ шууд хүлээж авна гэсэн үг үү?
-Мэдээж эмнэлэг барилгатай болохоос гадна мэргэжлийн эмч, боловсон хүчнээр хангагдах юм. Мөн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах асуудлууд давхар яригдаж байна. Тендер шалгараад, үнэлэгдээд явж байна. Эцсийн хариу нь хараахан гараагүй байна. Тэгэхээр бид эмнэлгээ ашиглалтад оруулахаас гадна тоног төхөөрөмжүүдээ давхар бүрэн суурилуулна.
Энэ сурвалжлагандаа бид хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэхийг зорьсон юм. Мэдээж асуудал үүссэн, одоо ч дуусаагүй юм байна. Хамгийн гол нь төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажилладаг гэдгийг харж болохоор байна. Монгол Улс гэдэг ганцхан эрх ашиг дээр төвлөрч ажилладаг яам, агентлаг, газрууд яагаад нэгнээ дэмжсэн бодлого барьж болдоггүй юм бэ. Ядаж л хил гаалийн асуудлыг түргэн, шуурхай зохицуулах хэмжээний бодлого төрөөс яагаад авч хэрэгжүүлдэггүй юм. Энэ асуудал зөвхөн энэ барилгын явцад үүсэж байгаа юм биш. Гадны тусламж, хөрөнгө оруулалтаар ирж буй эмнэлгийн тоног төхөөрөмж хил дээр хэдэн сар, жилээр хаягддаг нь нууц биш.
Нөгөө талаар гэрээ ёсоор гүйцэтгэлээ танилцуулаад санхүүжилтээ авах үүрэг хоёр компанид бий. Гэтэл он гарсаар нэг ч удаа санхүүжилттэй холбоотой албан бичиг ирүүлээгүйг тухай салбарын мэргэжилтэн ярьж байна. Үнэхээр барилгын компаниуд хариуцлагагүй хандаад байна уу, төрөөс олгох санхүүжилт гацаад байна уу? Ядаж л ажил хийлгэж байгаа, хийж байгаа хоёрт уялдаа холбоо алга. Уг нь компаниуд 10 гаруй удаа албан бичиг явуулсан байдаг.
Холбоотой мэдээ