Дональд Трампын “муухай” асуудал

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Дональд Трампын “муухай” асуудал

Дональд Трампын “муухай” асуудал

“CNN“ агентлаг өнөөдрийн /2019.08.22/ дугаартаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ёс зүйгүй үг хэллэг, дураараа авирын тухай нийтлэлийг онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэг “муухай” асуудалтай. Тэр хүмүүсийг үг хэлээр доромжлох дуртай. Ялангуяа өөрийнх нь эсрэг үг хэлсэн эмэгтэйчүүдийг. Тэрбээр лхагва гаригт /2019.08.21/ Данийн Ерөнхий сайд Метте Фредериксенийг “Грийнландыг худалдахгүй. Энэ бол ёс зүйгүй үйлдэл” гэж хэлсний төлөө түүнийг “муухай эмэгтэй” гэж цоллов. Өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга, Ардчилсан намын гишүүн Нанси Пелосиг мөн л “муухай, атаач, аймшигтай” эмэгтэй хэмээн доромжилсон. Нанси түүний өмнөхөн “Fox” сувгийн нэвтрүүлгийн үеэр Трампыг “шоронд байх ёстой хүн” хэмээн хэлсэн юм.

Үүнээс өмнө өдгөө Их Британийн ханхүү Уиллиамтай гэрлэж, тус улсын гүнгийн авхай болсон, Америк жүжигчин Меган Маркл Трампыг “эмэгтэйчүүдийг ялгаварладаг” гэж хэлсний дараа тэр “Би Меган Марклыг ийм муухай эмэгтэй гэж мэдээгүй. Түүнийг байдаг л нэг эмэгтэй гэж боддог байлаа” хэмээн хэлж байжээ. Дээрх эмэгтэйчүүдээс гадна өөр олон эмэгтэйчүүд Трампын “муухай” үгний бай болж байсан.

Одоо харин Америкчууд өөрийг нь “тэгж” дууддаг болсон гэнэ.

Трамп 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр өөрийн өрсөлдөгч Хиллари Клинтоныг “муухай эмэгтэй” хэмээн хэлж түүнийг үнэхээр эвгүй байдалд оруулж байсан юм. Үүнийг маш олон эмэгтэйчүүд эсэргүүцэж, Трампыг хэлсэн үгээ буцааж, Хилларигаас уучлалт гуйхыг шаардаж байв. Гэсэн ч зарим нь энэ онцгүй үгийг овжин ашиглаж чадсан юм. Нэгэн цахим худалдааны вэбсайт “Муухай эмэгтэй” гэсэн бичигтэй футволк худалдаалж эхэлсэн бөгөөд энэ нь хэдхэн өдрийн дотор л хэдэн арван мянгаараа зарагдсан гэдэг.

Тэр зөвхөн “муухай” гэдэг үгнээс гадна маш их бусдыг доромжилсон, арьс өнгөөр ялгаварласан үг хэрэглэдэг.

Саяхан л гэхэд тэрбээр Конгресс дэх Ардчилсан намын эмэгтэй гишүүдийг арьс өнгөөр ялгаварласнаасаа болж дахиад л шүүмжлүүлсэн. Тодруулбал, тэр үндэстний цөөнхийн төлөөлөл болсон эмэгтэй гишүүдийг “Тэд бол засгийн газар нь бүрэн сүйрсэн улс орноос гаралтай.  АНУ-ыг шүүмжлэхээсээ өмнө өвөг дээдсийнхээ нутагт очиж эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй “ гэж твиттертээ жиргэжээ.

Уг жиргээнүүд нь АНУ-д төрсөн Александриа Окасио-Кортез, Рашида Тлейб, Аянна Прессли болон 12 настайдаа АНУ-д дүрвэн ирсэн Ильхан Омар нарыг чиглэсэн байсан бөгөөд түүний энэхүү жиргээг маш олон хүмүүс арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргалаа хэмээн буруушаан маш бүдүүлэг, байж боломгүй үйлдэл гаргалаа хэмээсэн юм.

Мөн ард иргэдийнх нь ихэнхийг Африк-Америк хүмүүс бүрдүүлдэг Балтимор хотыг “харх, мэрэгч амьтнаар дүүрсэн хэн ч амьдрахыг хүсэхгүй аймшгийн газар” хэмээн хэлсэн нь мөн л олны дургүйцлийг төрүүлсэн.

Нэг удаа тэрбээр Африкийн орнуудыг “баасны нүх” хэмээн хэлж ихээр шүүмжлүүлж байв. Үүнийх нь дараа Суданы цахилгаан холбооны салбарын тэрбумтан Мо Ибрахим “Трампын хэл яриа доромжлол, үндсэрхэг, арьс өнгөөр ялгаварлах үзлийг зүгээр л байх ёстой, энгийн зүйл болгож байна. Хамгийн гол муу үр дагавар бол сайн сайхны үзэл санаанд суурилах ёстой Америк гэдэг улс дэлхийд тэргүүлэгч, олон улсын дэг журмын тулгуур байх байр сууриа алдаж байгаа явдал юм. Тэгж яривал Америкчуудад баасны нүх гээд байгаа  орнуудаас цагаачдыг хүчээр авчирч, боол болгож байсан түүх бий” гэж хэлж байжээ. Мөн “Goldman Sachs”-ын ерөнхий захирал Ллойд Бланкфейн Эрх чөлөөний хөшөөний зургийг твиттертээ тавиад “Энэ бүх новшийг үл харгалзан Америкийн үнэт зүйл гялалзах болно”хэмээн жиргэж байжээ.

Эцэст нь гэж хэлэхэд хэн ч хэн нэгнийг ялгаварлах эрхгүй. Ялангуяа тэр бол Америкийг удирдаж буй хүн. Түүний хэлсэн үг , хийсэн үйлдэл нь Америкчуудыг дэлхийд төлөөлдөг учир тэр бүр л үг үйлдлээ цэгнэж байх ёстой хэмээн “CNN” нийтлэлийнхээ төгсгөлд дурджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж