Хариуцлагагүй уул уурхайн гол буруутан төр өөрөө биш үү?

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Хариуцлагагүй уул уурхайн гол буруутан төр өөрөө биш үү?

Хариуцлагагүй уул уурхайн гол буруутан төр өөрөө биш үү?

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Архангайн Цэнхэрмандалд үйл ажиллагаа явуулж байсан 13 лицензийг хураах шийдвэрийг гаргасан бол өмнө нь Өмнөговь аймагт  уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байсан  найман компанийн 10 тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас цуцалсан юм.  Араас залгуулаад Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайнхан төрийн “төмөр нударга”-д өртөж мэдэхээр болжээ.

“Тогоотой хоол руугаа нулимна” гэгчээр хэн дуртай нь  уул уурхайн компаниуд руу халдаж, “эх оронч” нэрээр шантааж хийдэг нь цөөнгүй болсон.  Үнэндээ Монголын уурхайчид элдэв янзын жагсагчид, иргэний нэрээр шантааж хийгчдийн дарамт шахалт дор ажиллаж ирсэн, одоо төр бүгдийг нь төрийн өмнөөс “дээрэмдэж” авахаар болж.

Энэхүү дээрэм “Эрдэнэт”-ээс  эхэлж одоо олон хүн өмчөө, хөрөнгөө, лицензээ төрд булаалгуулж байна. Үүний цаана өнөөх шударга ёс нь байгаа юу эсвэл өөр зорилго байна уу.

Хариуцлагагүй уул уурхайтай тэмцэл өрнүүлэх нь зөв. Харин уул уурхайнхан бүгд олигархиуд гэх ойлголтын ард өөртөө дургүй, үзэл бодол өөр нэгтнүүдээ намнахдаа жирийн бизнес эрхлэгчдийн тогоотой хоолыг дээрэмдэж болохгүй юм. Харамсалтай нь, хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж буй эрх баригчдад эдийн засаг болоод энэ бүхэн хамаагүй бололтой.

Уул уурхайн компани болгоныг Ц.Мянганбаярын “Монгол алт”-аар төсөөлөх нь утгагүй. Ц.Мянганбаярын хариуцлагагүй үйл ажиллагаагаар халхавчилж уул уурхайн компаниудад төр төмөр нударгаа харуулах “аян”-ы ард жирийн бизнес эрхлэгчдийн эрх ашиг ч хөндөгдөж байгааг сануулах нь зөв биз. Ямар ч байсан цөөнгүй хүн ажлын байраа алдаж, эхнэр хүүхдээ тэжээж орлогогүй болох нь эхний ээлжинд харагдаж буй эрсдэл. Хэдийгээр төр тэднийг ажил орлоготой болгоно гэж сайхан амалж байгаа ч уул уурхайн компаниудын өгдөг өндөр цалинг өгч чадах уу.

Үүнээс гадна хариуцлагагүй нэрээр өрнүүлж байгаа уул уурхайнхны эсрэг төрийн болон тэмцэгчдийн төмөр нударга, шантааж шахалтад олигархи биш олон бизнес эрхлэгчид өртөх нь дамжиггүй.

Хариуцлагагүй уул уурхайтай тэмцмээр байгаа бол төр эхлээд төрөөсөө энэ ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Төрийн дунд доод шатны хүнд суртал, авлигын үр дүнд өнөөдөр Монголд хариуцлагагүйн зуд нүүрлэсэн. Уул уурхайн салбарт ч ялгаагүй. Харин төрийн төмөр нударга зөвхөн хувийн компаниудын толгой дээр буугаад төрийн авлигачид,  хууль гажуулагчидаа өршөөж тэтгэвэл өнөөдрийн уул уурхайн хариуцлагагүй байдалтай тэмцэх тэмцэл утгаа алдана.

Хариуцлагагүй уул уурхай эрхэлж байгаа гэх шалтгаанаар хамаг хөрөнгө, өмчөө төрд булаалгасан компаниудад хэн нэгэн төрийн албан хаагч зөвшөөрлийг нь олгосон. Байгаль орчин сөрөг үйл ажиллагаа явуулж буйг нь хэн нэгэн төрийн албан хаагч мэдэж байсан ч мэдээгүй юм шиг өнгөрсөн байх.  Төр өөрөө зөвшөөрлийг нь олгож, хяналтаа тавиагүй хэрнээ өнөөдөр төмөр нударгаа буулгах нь буруу юм. Зүй нь төр өөрийнхөө бурууг засахын тулд эхлээд тэдэнд сануулга өгч, хуулийн дагуу хяналт тавихыг төрийн албан хаагчдаас шаардах ёстой. Түүнээс нэг л өдөр олигархиуд хэмээн цоллож, хэн дуртайнхаа өмчийг шууд дээрэмдэж болохгүй.

Нөгөө талаар төрөөс гаргаж буй энэ шийдвэр ирэх онд болох сонгуулиар олон нийтээс оноо авах шоу юу. Тэгвэл хариуцлагагүй уул уурхайн нэрээр хоморголон дээрэм хийж, эдийн засгаа сүйрүүлэх нь хэнд хэрэгтэй гэж. Иймээс л төр буруутан хайж байгаа бол төмөр нударгаа өөр дээрээ буулга.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж