У.Хүрэлсүхийн цэвэрлэгээ уул уурхайн хулгай, хуйвалдааныг цавчиж эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн цэвэрлэгээ уул уурхайн хулгай, хуйвалдааныг цавчиж эхлэв

У.Хүрэлсүхийн цэвэрлэгээ уул уурхайн хулгай, хуйвалдааныг цавчиж эхлэв

“Монголын ард түмний хууль бусаар эзэмшиж байгаа, улсын өмч хөрөнгөөр хайгуул хийгдсэн лицензийг эзэмшдэг олигархиудтай хатуу тэмцэнэ. Тэр өмчийг ард түмэндээ буцаан авч, баялгийн сан байгуулна. Энэ ажил Салхитын мөнгөний ордоос эхэлсэн. Баялгийн сан байгуулж, ядуу зүдүү ард түмнээ өөд нь татна”. Энэ бол  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн нэгдүгээр сард  Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр хэлсэн анхааруулга. Гэвч түүний энэ анхааруулгыг уул уурхайнхан ёстой л нэг чигээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргаад өнгөрсөн билээ, тухайн үед.

Тэгвэл өнөөдөр түүний улс төрд эхлүүлсэн цэвэрлэгээ уул уурхайн салбар дахь хулгай, хуйвалдааныг илчилж, зогсооход чиглэгджээ.

Учир нь, түүний үүрэг даалгаврын дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байсан “Хайрхан толгой коал”, “Монгол чадал интернэшнл  энержи”,  “Баатарван транс”, “ Өмнийн говийн баялаг”, “ЕАИ”, “Булаг сүүж майниг”, “Нитросибир азиа”, “Саусгоби сэндс” зэрэг найман компанийн 10 лиценкийн үйл ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газраас цуцалсан юм.

Араас нь залгуулаад өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан нь улс төр, эдийн засгийн хүрээнд  ёстой л тэсрэх бөмбөг дэлбэлэв.  Гэхдээ мэдээж, хариуцлагагүй компаниудын хувьд.

Мөнгө үү, экологи уу?

Мэдээж, аль аль нь чухал. Ерөнхий сайд зөвхөн хариуцлагагүй уул уурхайг хааж, хариуцлагатайг нь дэмжинэ гэдгээ ч хэлсэн. Тодруулбал, тэрбээр “Монголын ард түмний баялгийг хууль бусаар авсан, байгаль орчныг сүйтгэж буй хүмүүст төр төмөр нударгаа харуулна. Харин  хууль ёсны, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг бизнесийнхнээ байнга дэмжинэ гэдгээ зарлаад буй.

Уул уурхай бол Монгол Улсыг тэжээж яваа ганц салбар гэдэгтээ хэн ч маргахгүй. Гэвч, уул уурхайн салбарыг дагасан сөрөг үр дагаврууд, шүүмжлэл байнга дагалддаг нь бараг хэвийн үзэгдэл болсон.  Үнэндээ “Мөнгө цагаан нүд улаан гэгчээр” хүн амьтны амьд явах эрхэнд халдаж, байгаль экологийг устгаж үгүй хийж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд Монголд цөөнгүй.

Уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас болж, өнөөдрийн байдлаар  Монголын 1100 байршилд 27405 га газар эвдэрснээс 8,8 мянган га газар буюу уул, ус, мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрч сүйджээ.  Энэ бол бодит факт.  Үүнийг нөхөн сэргээхэд эхний ээлжинд 540 тэрбум төгрөг шаардагдах тооцоог БОАЖЯ гаргасан. Энэ бол эдийн засгийн том хохирол.

Зөвхөн уул уурхайн компаниуд буруутай юу?

Үйл явдлын араас өрнөх ёстой, асуух учиртай асуулт мөн. Учир нь уул уурхайн салбар хууль бусаар лиценз авч, хууль бусаар үйл ажиллагаа явуулахад хэн нэгэн албан тушаалтан төрийн албан хаагч хуйвалдсан байж таараа. Магадгүй халаас нэгтэй хамтрагчид ч байж мэднэ. Аль эсвэл авлигаар амаа хамхисан байхыг үгүйсгэхгүй. Тэгээд тэд зүгээр үлдэх үү. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар  Архангайн Цэнхэрмандалд үйл ажиллагаа явуулж байсан 13 лицензийг хураах шийдвэр гарсан бөгөөд найман лицензээ хураалгахаар болсон Ц.Мянганбаярт хэн нэгэн албан тушаалтан тусалж дэмжиж, хууль бус үйл ажиллагааг нь хараагүй сонсоогүй мэдээгүй явсныхаа хариуд бас хариу дэмжлэг хүртдэг байсныг хэн мэдлээ. Тиймээс энэ бүхнийг өнөөдөр олж тогтоох ёстой. Энэ асуудлаар хууль хяналтынхан шат, шатанд нь шалгалт явуулахаар болжээ.

Ж.Эрдэнэбат  Ерөнхий сайд байхдаа лиценз хууль бусаар хувьдаа авчээ 

Энэ бас л бодит баримт. Илүү тодорхой, товч хэлбэл экс Ерөнхий сайд лицензны жижиг гарын наймаачин байсан бололтой.

2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол нар зарим газар нутгийг тусгай хамгаалалтаас нь гаргасан байдаг. Тэгвэл 2017 онд Монгол Улсын  Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг ажиллаж байх үед  БОАЖ-ын сайд байсан Д.Оюунхорол зарим газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг  Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн аж. Энэ нь Ж.Эрдэнэбат зарим газар нутгийг хулгай хуйвалдаанаар авсан гэх хардлага төрүүлж байгаа юм. Жишээ нь, Өмнөговийн Гурвантэсэд лиценз авч “Элбэг орд” компанид шилжүүлээд жилийн дараахан Ерөнхий сайдаас буухдаа  төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн “Хэрх-Илч” компани руу таван сая төгрөгөөр  уг лицензийг шилжүүлжээ.  “Элбэг орд компани нь хятад эзэдтэй гэсэн мэдээлэл ч бий. Төд удалгүй уг лицензийг “Алтай констракшн” компанид нэг саяар зарсан байдаг. Энэ мэтээр тусгай хамгаалалттай газар нутгийг тусгай хамгаалалтаас нь гаргах нэрээр өөрийн болгосон асуудалд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн нар нэр  холбогдоод байна. Энэ мэтээр тусгай хамгаалалтын газраас хумсалж, хулгайлж аваад уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй эрх мэдэлтнүүдийг компаниудад төр төмөр нударгаа харуулж буй У.Хүрэлсүхийн ажиллагаа зарим хүмүүсийн загатнасан газрыг маажиж, зарим нэгнийх нь дотрыг муухайруулж эхлэв бололтой.

Б.СЭЛЭНГЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
81
ЗөвЗөв
16
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж