"Мөнгөний төлөө хийсэн урлаг оюуны хөрөнгө оруулалт болдоггүй"

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

"Мөнгөний төлөө хийсэн урлаг оюуны хөрөнгө оруулалт болдоггүй"

“Хүн өндөр боловсрол, авьяас билгээрээ, бусдын хүндлэлийг хүлээж болох ч биеэ тоож болохгүй” гэж нэгэн залуу урлаг судлаач хэлсэн юм. Энэ хүн бол Машбатын Амина. Дөрвөн үе дамжсан зураач, уран бүтээлчийн гэр бүлд өсч өндийсөн түүнийг Монголын урлагийн ертөнцөд томоохон байр суурийг эзлэх Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зээнцэр охин гэдгийг тодотгохгүй өнгөрч боломгүй. 

М.Амина бол өөрийн гэсэн өвөрмөц дотоод ертөнцтэй бүсгүй. Түүнтэй ярилцлаа.


-Таныг ОХУ-ын Санктпетербург хотын И.Е.Репиний нэрэмжит академид суралцахаар явах гэж байгаа гэж дууллаа. Дүрслэх урлагийн чиглэлээр магистр хамгаалах уу?

Санктпетербург хот буюу хуучнаар Ленинград хотод байрлах И.Е.Репиний нэрэмжит академид суралцахаар ирэх есдүгээр сарын дундуур тус хотыг зорино. Оросын  нэрт зураач И.Е.Репиний нэрэмжит сургууль бол дэлхийд сонгодог уран  зургийн сургалт, арга зүйг /школь / авч явж буй цөөн сургуулийн нэг. Тэнд урлаг судлалаар магистр хамгаална. Өнгөрсөн жил тус улсад суралцах шийдвэрээ гаргаж, хавар шалгалт өгч тэнцлээ. Би өөртөө сэтгэл хангалуун биш, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн учраас мэргэжлээ дээшлүүлэхээр шийдсэн минь  одоо биеллээ олох гэж байна. Би багаасаа  Оросын соёл урлагтай ойр өссөн. Манай буурай ээж, эмээ Лүүнээ гуай Монголын зээгт наамлыг хөгжүүлсэн орос эмэгтэй. Би энэ хүн дээр  хүүхэд насаа өнгөрүүлсэн учраас буурай ээж бид хоёр орос хэлээр ярихгүй ч хамтдаа орос хэлээр кино үзнэ, үлгэр, ном, сэтгүүл уншдаг байсан. Тийм болохоор орос хэл бол төрөлх эх хэлээс маань ялгарахгүй унаган хэл минь болсон. Манай буурай ээж өөрийгөө монгол хүн гэдэг ч орос хүн учраас орос хэлээр зурагт үзэж, сонин сэтгүүл уншдаг байлаа.

-ОХУ-д суралцах хугацаандаа гэр бүлийн хүнтэйгээ тус улсад амьдрах уу. Эсвэл ганцаараа ОХУ-ыг зорих уу?

Урлаг судлаач хүний амьдралын зам дардан биш. Хэдийгээр эрт нөхөрт гарч амьдрал зохиож үзсэн ч одоогоор  хувийн амьдралд зарцуулах цаг минь биш, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай гэдгийг би ойлгосон л доо. Тиймээс  ОХУ-д суралцахаар шийдэж, тус улсыг ганцаараа зорино. Бор зүрхээрээ дотуур байранд борцоо идэж амьдарна даа /инээв/.

– Рок хөгжим сонсч,  жил алгасалгүй play time үздэг сахилгагүй Амина охин урлаг судлаач болсон гэхээр их сонин санагдаж байна. Одоо рок хөгжмийг урлагийн талаас нь авч үзвэл хүнийг хүмүүжүүлэх, гэгээн тал бий юу ?

Рок хөгжмийн урсгалыг ойлгож сонсдог болоход аав маань их нөлөөлсөн. Миний аав пянзны цуглуулгатай. Ойролцоогоор 400 орчим пянз бий. Эдгээр цуглуулга дунд алдарт  АС/DC,  Pink Floyd, гэх мэт хамтлагийн цомог багтсан, тухайн үед дуунуудыг нь сонсоход бага байсан учраас төдийлөн ойлгодоггүй байлаа. Өсвөр насандаа металл хөгжим сонсч, сонирхож эхэлсэн. Энэ үед хүүхдүүдэд тулгардаг нэг бэрхшээл нь ихэвчлэн дотогшоо, нийгэмд өөрийгөө илэрхийлж сураагүй, нийгэм ч бас өөрийг нь ойлгохгүй байгаа мэт санагддаг шүү дээ. Ийм дотогшоо орсон үеийг тайлж задалж өгдөг зүйл нь рок металл хөгжим. Энэ хөгжмийн урсгал амьдралын хар бараан талыг харуулдаг ч үнэнийг ямар нэгэн гоёчлолгүйгээр хүний сэтгэл зүрхний хар цагаан талыг ямар ч баггүй харуулдаг.

Рок металл хөгжим бол урлагийн нэгэн томоохон урсгал. Энэ хөгжмийн урлагаар дамжуулан хүн өөрийгөө танин мэдэх ач тустай. Хүн төгс амьтан биш учраас үргэлж сонгодог төгөлдөр хуурын ая сонсч амьдарч чадахгүй. Ялангуяа кибер ертөнцөд амьдарч буй XXI зууны өнөө үед хүнд үнэн бодит зүйл дутагдаж байна.

Бид гадаад ертөнцөд төгс болох гэж хичээж баг зүүхдээ дотоод сэтгэлийн асуудал зовлон шаналлуудаа нуучихдаг нь нийгэмд олон сөрөг үр дагаврууд авчрах аюултай. Жишээ нь согтуурсан үедээ бусдад халдах, уурлаж бухимдах зэргээр сэтгэлийн гүнд нууж байсан далд зан чанаруудаа ил гаргадаг гэсэн үг. Ийм үед хүний сэтгэл зүрхний хашхираан нь рок, металл хөгжим болж байдаг гэвэл буруудахгүй.

Бид хэтэрхий удаан хашхирахгүй сэтгэлдээ буглана төдий чинээ хурдан дэлбэрэх аюултай. Үүнийг л рок, металл хөгжмийн урсгал зөөллөж өгдөг юм болов уу. Товчхондоо рок, металл хөгжмийн урсгалаар дамжуулан өөрөө өөрийгөө танин мэдсэн.  Одоо Play time хөгжмийн наадмыг үзэлгүй есөн жил болж байна. Саяхан энэ зун үзлээ. 

-Мэргэжлийн хүний нүдээр Play time наадам ямар өнгө төрхтэй харагдав. Учир дутагдалтай зүйл байв уу?

Энэ жилийн Play time хөгжмийн наадмыг үзэхэд маш олон шинэ хамтлагууд гарч ирсэн байна билээ. Зөвхөн хөгжмийн наадам гэхээс илүү яруу найргийн, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулснаараа давуу талтай санагдсан. Гэхдээ гадны фестиваль наадмуудаас суралцах зүйл их бий. Ялангуяа шинэ хамтлагуудын түвшин  илүү чанаржиж,  их хичээх хэрэгтэй.

Ардын зураач Ү.Ядамсүрэн агсны зээнцэр өдгөө урлаг судлаач болж. Дөрвөн үе дамжсан урлагийн гэр бүлээс гаралтай ч зураач биш урлаг судлаач болохоор шийдсэн нь сонирхолтой. Багш нар нь таныг зурах авьяастай хүүхэд байна гэж харж байсан гэвэл зураач болох ирээдүйтэй байжээ?

Хэдийгээр урлагийн гэр бүлээс гаралтай ч би металл  рок,  хөгжим сонсдог, анархист үзэлтэй, эсэргүү нэгэн байлаа шүү дээ. Маш сахилгагүй. Ерөнхий боловсролын дунд сургуулиа дүүргэчхээд дахин сургуулийн босго давахгүй гэж өөрийнхөөрөө гөжүүдэлсэн. Ээж Я.Булган маань дүрслэх урлагийн  “Анима” коллежтой. Ээж минь гайхалтай сайн багш. Уран зурагт 30 гаруй жил багшилж байна. Ингээд ээж маань намайг өөрийнхөө дэргэд сургахаар болсны эцэст жилийн хугацаанд зургийн ангид суралцсан. Ээж, аав минь зураач учраас би ч бас зураач болох болов уу гэсэн бодол тээж байсан ч энэ миний ертөнц биш. Би бүтээл туурвихаас илүү судлах төрлийн хүн гэдгийг илүү ойлгосон.

-Монгол Улсын Их сургуульд урлаг судлаач мэргэжлээр суралцаж байх хугацаандаа Европын орнуудаар аялж, дэлхийн томоохон музейнүүдтэй танилцсан нь дэлхийн болон Монголын дүрслэх урлагийн салбар, уран зургийн тухай ялгааг олж харахад их нөлөөлсөн болов уу?

– Аливаа улс гүрнээр аялж, тухайн улс орны мөн чанар, хүнийх нь зан чанарыг  танихын тулд түүхийг нь үзэх ёстой. Олон улсаар аялахад тэр хүмүүсийн ертөнцтэй танилцах, Монголынхоо дүрслэх урлагтай харьцуулахад олон ялгаа  бий.

– Өрнийн урлаг судлалыг сонгоход таны шашин нөлөөлсөн гэх. Танай гэр бүлийнхэн ямар шашин шүтдэг вэ. Эсвэл та ганцаараа үнэн алдартны шашин шүтдэг үү?

Манай өвөө 25 нас хүртлээ лам байсан учраас буддын шашны соёл, философи гэр бүлд маань ноёлдог. Гэхдээ гэр бүлийнхэн маань социализмын үед өссөн болохоор шашингүй хүмүүс ч бий. Манай ээж бүх талын шашныг хүлээн зөвшөөрдөг бол аав минь бөө мөргөлийг илүүтэй  үздэг. Би 18 настайдаа бясалгаж, христийн цуглаанд явж, өвөөгийнхөө дэргэд буддын шашны соёл, философийг үзэх зэргээр бүх төрлийн шашинг өөрийнхөө хэмжээнд судалж, туршлага хуримтлуулсны эцэст үнэн алдартны шашинг шүтэх болсон. Өрнийн урлагийн түүхийг христийн шашны түүхийг судлах хэрэгтэй. Үнэн алдартны шашинтай болсноор өрнийн урлагийг ойлгоход том түлхэц болсон юм. Ер нь бид шашингүй гэж ярьдаг боловч шашны маш олон үзэл бодлууд эмээ, өвөө, эцэг эхээр дамжуулан суусан байдаг. Бүх шашин ижил гэж одоо л ярих дуртай болсноос биш үнэн чанартаа үнэн гэдэгт өөр өөр хариулт өгдөг. Тэгэхээр энэ бол өнгөц хандаж болохгүй салбар юм.

-Шашныг урлагийн талаас нь харвал?

Урлагийг хөгжүүлэхэд шашны томоохон зүтгэлтнүүд хувь нэмрээ оруулж байсан түүхтэй.  Жишээ нь, Ромын Пап II Юлия байхгүйгээр Микеланджелогийн “Сикстин”-ий дуган зурагдахгүй л байлаа.  Леонардо да Винчи, Микеланджело,  Сальвадор Дали зэрэг дэлхийн суутнууд бурханыг үргэлж хайж байсан хүмүүс юм. Тэгэхээр тухайн цаг үе, хүмүүсээс л шалтгаалах байх.

– Манайд урлаг судлал хэр их хөгжсөн гэж боддог вэ. Ийм мэргэжил манайд ховор.  Хүмүүсийн ихэнх нь урлаг судлаачийг шүүмжлэгч гэсэн нийтлэг ойлголттой байдаг шүү дээ?

Урлаг судлал бол социализмын үед төрөөс дэмжлэгтэй байж, нэртэй эрдэмтэд төрж байв. Энэ салбар сүүлийн жилүүдэд уналтад орж, огт хөгжилгүй ч юм шиг царцанги байдалд орсон л доо. Нөгөө талаас уран бүтээлчид маань урлаг судлалын салбараа төдийлөн ойшоодоггүй. Ялангуяа урлагт судлал, шүүмж байж уран бүтээлч зөв зам руу чиглэгддэг тул урлаг судлаачтайгаа нягт холбоотой байх ёстой.

Урлаг судлалын салбарт дутагдаж буй асуудал нь уран бүтээлч, урлаг судлаачийн уялдаа холбоо, нягт холбоогүй байдал юм. Үүнийг холбож сайжруулах ёстой. Урлаг судлаач бол тухайн уран бүтээлчийн бүтээлийг муу гэж шүүмжлэхэд биш тухайн уран бүтээлчид санаагаа боловсруулахад нь тус болох ёстой юм.

Уран бүтээлч хүн зүрхнээсээ бүтээлээ туурвидаг бол урлаг судлаач тархи нь болох ёстой. Тархи, зүрх хоёр нэгдэж байж бүрэн концефцитой бүтээл гарна. Урлаг судлаач тухайн бүтээлчтэйгээ ажилласныхаа дараа уран бүтээлчээ олон нийтэд таниулах ёстой.  Гэтэл олон нийт гэж урлагаас ангид ойлголт тусдаа хүмүүс бий болсон. Уг нь бол урлаг олон нийтийн нэг хэсэг юм. Олон нийттэй урлаг судлаачийг холбох гүүр нь болох ёстой.

-Монголын нэрт зураачид болон залуу уран бүтээлчдийн уран бүтээлийг харьцуулан судалж байв уу. Тэдний хоорондын ялгаа нь хэр байдаг бол .  Ялангуяа сүүлийн үед залуу уран бүтээлчид долоо хоног алгасахгүйгээр үзэсгэлэн дэлгэх болж?

Түүх бол хамгийн муу сурагчтай хамгийн сайн багш. Хүн төрөлхтөн хэзээ ч өмнөх үеийнхээ түүхээс суралцдаггүй. Манай ахмадуудын школь бол их сонгодог. Бид урлагийн аль салбарт /дүрслэх урлаг, балеть, дуурь/ бусад азийн орнуудтай харьцуулахад маш сайн өрнийн урлаг соёлын суурьтай улс.

Залуучууд маань ахмадуудаас маш өөр эрин үед амьдарч байгаа учраас бүтээлээрээ илэрхийлж буй санаа, хэлбэрийн хувьд маш өөр, их ялгаатай болсон ч өмнөх үе, хэт хуучнаа  үгүйсгэж болохгүй. Ийм нийтлэг дутагдал ажиглагдаж байна.  

Социализмын үеийн риалист үзэл бидэнд хэрэггүй гэдэг ч модернист, контемпрари арт урлагийн орчин үеийн төлөөлөгчдийг харахад реалист урлаг, өмнөх үеийн урлаг дээр ажиллаж байж, түүнийгээ эсэргүүцэж, түүнээсээ гарч ирсэн гинжин хэлхээс явж байдаг. Бид 100 хувь өмнөх үеэ үгүйсгэж болохгүй юм. Тиймээс энэ тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Гэхдээ аль ч үеийн Монгол зураачдын дэлхийн улс орнуудын дүрслэх урлаг, уран зургаас монгол үнэртдэг шинж чанараараа ялгардаг.

– Залуу уран бүтээлчдийн хувьд хэт их хийсвэрлэг шинж чанар луу туйлширч байна уу. Ялангуяа контемпрари арт урлагаар уран бүтээлээ туурвидаг зураачид олширч байх шиг?

Контемпрари гэдэг нь  оюун санааны урлаг. Энэ урлагт жаазтай зургийг худалдах биш санааг нь худалдаж зардаг гэсэн үг. Агуулгад илүү анхаарчихсан. Миний бодлоор энэ урлагийн эрин зуун тун удахгүй дуусна. Агуулга хэлбэр цугтаа байж оршиж байдаг. Энэ бол урлагийн түүхийн туулах ёстой замнал юм. Монголд  контемпрари арт урлагийг ойлгож буй мундаг зураачид ч бий, бас ойлгохгүйгээр даган дуурайж буй уран бүтээлчид ч байна.

-Таны хувьд өвөө болон ээжийнхээ уран бүтээл дээр мэргэжлийн үүднээс задлан шинжилгээ, ажиглалт, дүгнэлт хийж байв уу?

Өнгөрсөн жил ээжийнхээ гаргасан уран бүтээлийн тайлан дээр ажилласан.  Ээж гэхээс илүү уран бүтээлч гэдэг үүднээс нь хөндлөнгийн нүдээр харах бэрхшээлтэй байлаа. Ээжийн минь уран бүтээлүүдээс алдартай хоёр цуврал бүтээл бий л дээ. “Чонон хүүхдүүд”, “Цөвүүн цагийн 99” эл бүтээл дээр эх хүүхдийг дүрсэлсэн байдаг ч хүүхдээр хүн төрөлхтнийг төлөөлүүлэн эх хүнээр  байгаль дэлхийг харуулсан л даа. Хүн төрөлхтөн хаашаа явж байна вэ гэдэг асуудлыг хөндсөн байдаг. Шүүмжлэлтэй тал гэхээс илүү зовлон шаналалыг дотроо агуулж , түүнийгээ хүчтэй илэрхийлж чадсан хүчтэй зураач юм байна гэдгийг ойлгосон. Өвөөгийн бүтээл дээр ажиллахад маш их судалгаа шаардагдах тул магистрын ажлаа өвөөгийнхөө бүтээлээр хамгаалах бодол бий. Гэхдээ ам бардам хэлж болохгүй. Монголын урлагийн талаар хэлэх юм бол айдагаа авдартаа хийнэ гэсэн үг. Одоогоор дүгнэлт хийхэд залуу урлаг судлаачийн хувьд эрт байна.

– Ер нь урлаг гэхээр л хүний сэтгэлийн гүнд буй нарийн нандин зүйлийг хөндөхийн тулд заавал муу муухай талыг нь гаргаж ирнэ гэсэн ойлголт байх шиг. Тэр дундаа сүүлийн үеийн Монгол кинонд хүчирхийлэл, аллага гэх мэтчлэн зүйлүүд илүү ажиглагдаж байна. Үүнийг та урлаг судлаач хүний нүдээр хэрхэн дүгнэж хардаг вэ?

Би бол кино урлагийн салбар луу ордоггүй. Мэдээж дүрслэх урлаг кинотой холбоотой. Социализмын үед л Монголд кино байсан. Кино бол олон уран бүтээлчийн хамтын ажиллагаанаас гадна найруулагчийн ур чадвар гэж бий. Хүчирхийлэл үзүүлэх, үзүүлэхгүйдээ биш. Хүчирхийлэл үзүүлэхдээ цаана нь буй санаа нь юу вэ гэдгийг харуулах нь чухал. Боюук кино бол их амархан. Бид чипс идэж, кола уунгаа түүнийг үзэхдээ буудалцаан, хүчирхийлэл гарахад бидний тархинд дасал болчихсон, их зугаатай санагддаг. Энэ бол зугаа цэнгэл, хүчирхийллийг дэмжиж байгаа зүйл болохоос биш ямар ч сайн тал байхгүй.

Одоо бол Монголын кино урлагийн салбар зугаацуулах төдий хошин шогийн түвшинээс дээрдэхгүй байна. Орчин үед Монголд сайн кино гарсангүй гээд хэлэхэд  хилсдэхгүй. Харин социализмын үед төрийн бодлого байсан ч хүн хоорондын харилцааг харуулсан урлагийн түвшинд бүрэн хэмжээний кино гарч байсан.

Кино урлагийн тухай ярьсных та сүүлийн үед нээлтээ хийсэн кинонуудаас үзсэн үү. Хэрэв үзсэн бол мэргэжлийн хүний нүдээр хэрхэн дүгнэж харав?

-Монголчууд хошин шогийн мэдрэмж өндөртэй ард түмэн. Өдөр тутмын стрессээс үүдэн хошин шогийн мэдрэмж нь илүү хөгжсөн. Энэ нь кино урлагт ажиглагддаг. Миний хувьд хүндэлдэг цөөн хэдэн уран бүтээлч бий л дээ. Жишээ нь, жүжигчин Г.Ундармаа. Хүний амьдралд тохиож болох зүйлсийг энгийн хошин хэлбэрээр гаргаж чаддаг. Тэгэхээр хошин урлагийн салбарыг зөв хөгжүүлж чадвал урлаг.

-Монголын нэрт кино найруулагчид хошин урлагийг урлаг биш гэж үздэг?

-Урлагт хошин зүйл байж болно. Улс төрийн гүн санааг хошин урлагаар дамжуулж хэлж болно. Урлаг бол ард түмний амьдралын нэг хэсэг учраас хошин урлаг байх ёстой, гэхдээ тодорхой байр суурьтай. Харин Монголд энэ салбарыг хэрхэн хөгжүүлж байна вэ гэдэг нь асуудал. Тэгэхээр л найруулагчид маань энэ асуудалд эмзэглэдэг байх.

Урлаг ард түмний нэг хэсэг юм бол монголчууд энэхүү салшгүй хэсгээсээ цаг завгүй ажил, өдөр тутмын стрессээс болж холдсон байх шиг. Өв соёлоо хайрлаж, хамгаалдаггүй тонож сүйтгэх нь үүний нэг хэлбэр үү. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

Бид зөвхөн урлаг ч биш оюуны салбараасаа хөндийрч холдсон. Амьдрал хэцүү байж болно, үүнээс болж оюуны салбараас холдсон гэж ярьдаг хүмүүсээс асуухад хүй нэгдлийн үед амьдарч байсан ниандарталь хүн араатан амьтанд бариулах шахаж, амь насаараа дэнчин тавьж амьдрахдаа хадан дээр зураг зурах шаардлага байсан юм уу. Сармагчин дүртэй амьтад хадан дээр зураг зурж байж. Орчин үед талхны мөнгө, цаг наргүй ажил, хүнд хэцүү амьдралаас болж урлагаас хөндийрсөндөө биш бидний л орхигдуулсан зүйл.

Бид оюуны үнэт зүйлээ уландаа гишгэснээс болж урлагийн салбар орхигдсон. Гэхдээ энэ бол засрах боломжтой. Монголчууд бид урлаг соёлын арвин их түүхтэй улс шүү дээ. Өв соёлоо хайрлаж хамгаалахгүй байх, тонож сүйтгэх нь үнэт зүйлээ буруу тавьсантай л холбоотой.

Сайн зураач нар мөнгө олоод баяжаад ирэхээрээ уран бүтээлээ орхичихдог тал бий. Энэ нь таны хэлдгээр бизнес, уран бүтээл хоёр нэг дор орших боломжгүйтэй холбоотой юу?

Дэлхийн түүхэнд баян уран бүтээлчид олон байдаг. Эд хөрөнгө бол өөрөө маш том ачаа. Түүнийг зарцуулах нь их ухаан. Энэ том ачааг урлагтай хослуулж чадвал үнэхээр агуу. Баян байна гэдэг нь өөрөө ажил шүү дээ. Тэнэг хүн баян болдоггүй. Хүн нэг ажлыг хоёр зэрэг хийж чаддаггүйтэй адил бизнес рүүгээ анхаарал хандуулахад уран бүтээл орхигдох тал бий.  Тийм учраас ч Вангог карьрер хөөж, уран зургийн дэлгүүрийн захирал болох боломж байсан. Гэхдээ энэ боломж нөхцлөөс сайн дураараа татгалзаж, бүхий л амьдралаа уран зураг, урлаг, хүний сайн сайхны төлөө зориулж, өөрийгөө золиосолсон. Уран бүтээлч хүн бүтээлдээ цаг зав, эрүүл мэнд, сэтгэл зүрх, оюун ухаан, эрч хүчээ шавхаж зарцуулж байж төгс бүтээл төрдөг учраас бизнес, уран бүтээл хоёрыг нэгэн зэрэг авч явахад хэцүү. Вангогийн хэлсэн үг бий. Тэрбээр “Уран зургийн наймаачин, уран зураач хоёр хэзээ ч нэг хүнд байж тохирохгүй” хэмээсэн. Вангог бол эрч хүч, эрүүл мэндээ хүний төлөө зориулахаар шийдсэн. Энэ зам нь урлаг байсан.

-Уран зургийн наймаачин, уран зураач хоёр хэзээ ч нэг хүнд байж тохирохгүй гэдгийн адилаар сүүлийн үед мөнгөний төлөө уран бүтээлчид ч бас олширсон. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Нэгдүгээрт үзэгч тэнэг биш. Хоёрдугаарт түүх тэнэг биш. Мөнгөний төлөө хийсэн урлаг хүний оюун сэтгэлд хөрөнгө оруулалт болдоггүй. Цаг хугацааны шалгуурын явцад мартагддаг. Мөнгөний төлөө хийсэн аливаа урлаг дэлхийн түүхэнд шалгарч зуун зууны үед дурсагдаж явсан түүх байхгүй. Ер нь өөрөө өөрсдөдөө насгүй л юм хийж байна гэсэн үг. Амьдралыг мөнгөөр харж байгаа нь харамсалтай.

-Ярилцлагын төгсгөлд асуухад та сүүлийн хоёр жилийн хугацаанд залууст урлагийн тухай лекц уншсан. Ялангуяа уран бүтээлчийн тодорхой бүтээл дээр ажиллах болсон. Сүүлд ямар уран бүтээлчийг сонгов.  Үзэгчдээсээ суралцсан зүйл бий юу?

Хоёр жилийн өмнөөс урлагийн анхан шатны мэдлэг олгох “Шар хадны өвчтөн зураачид”, “Мөөмний түүх” содон нэртэй лекц тавьсан.  Одоогоор Сальвадор Далий, Вангог зураач нарын талаар лекц тавьж, уран бүтээлчдийн мөн чанарыг гаргаж, уран бүтээл төрөх агшны тухай синдром ард шоуг ирэх есдүгээр сарын 10-нд зохион байгуулна. Арт шоу бол урлагаар дамжуулан иргэдэд оюуны боловсрол олгохоор зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж