Хөлбөмбөгийн хөгжил нь асар хурдацтай урагшилж буй Киргизийн шигшээ баг 2019 оны 10-р сарын 15-нд Монголын шигшээ багтай ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн эхний тоглолтоо хийхээр Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ.
Ердөө долоон жилийн дотор дэлхийн чансаагаа 100 байраар ахиулж чадсан Киргизийн шигшээ баг “F” хэсэг дэх акулуудын нэг бөгөөд Японы шигшээ багийн хамтаар дараагийн шатанд шалгарах хамгийн өндөр магадлалтай баг гэгдэж буй. 2012 онд дэлхийн чансааны 199-д байсан Киргизийн баг энэ онд 95-р эрэмбэлэгдэж байгаагийн гол шалтгаануудын нэг нь ахлах дасгалжуулагч Александр Крестинин гэхэд буруудахгүй. Александр Крестинин 2014 оноос Киргизийн шигшээ багийг удирдсанаас хойш дэлхийн чансаа нь жилээс жилд ахисан билээ.
Киргизийн баг 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “А” хэсгээс Энэтхэгийн багийн хамтаар шөвгийн 16-гийн эрх авсан. Шилдэг 16 багийн дундах шийдвэрлэх шатанд Азийн АШТ-ийг зохион байгуулагч АНЭУ-тай таарч үндсэн цагт 2:2-оор тэнцэж, нэмэлт цагт торгуулийн цохилтоос гоол алдсанаар /АНЭУ 3:2 КИРГИЗ/ Азийн хамгийн нэр хүндтэй өрсөлдөөний талбарыг харамсалтайгаар орхисон юм.
Сонирхуулахад 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий “F” хэсэгт багтсан Киргиз, Мьянмарын багууд дээр дурдсан 2019 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “А” хэсэгт учраа таарч хоёр тоглолт хийгээд амжсан. Эхний тоглолтдоо багууд 2:2-оор /тойм: https://www.youtube.com/watch?v=xolxD_q_Zpc/ тэнцсэн бол хариу тулаанд Киргиз 5:1-ээр /https://www.youtube.com/watch?v=k9ncfCjV0KA/илүүрхжээ. Харин Монголын шигшээ баг 2017 онд “Цунами цом” нэртэй тэмцээнд Киргизтэй таарч тоглон 3:0-ээр /тойм: https://www.youtube.com/watch?v=2qvACXFZFvw/ хожигдсон байдаг.
Анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давсан Монголын шигшээ баг, түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлж яваа Киргизийн багтай 10-р сарын 15-нд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүч үзэх болно. Биеийн хүч, хоёрдугаар давхрын тоглолтыг гол зэвсгээ болгосон Киргизстаны багтай хийх тоглолт манай залууст том туршлага болох биз ээ.
Эх сурвалж: МХБХ
Холбоотой мэдээ