Агаарын чанар хэмжих багаж хүртэл тоосонцроос “айдаг” болжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Агаарын чанар хэмжих багаж хүртэл тоосонцроос “айдаг” болжээ

Багаж гэмтэхээс сэргийлэн “Ургах наран” орчмын станцын үйл ажиллагааг түр зогсоожээ

Агаарын чанар хэмжих багаж хүртэл тоосонцроос “айдаг” болжээ

Өвлийн турш нүүрсний хорт утаанд утуулсан нийслэлчүүдэд зуны улирал цээж дүүрэн амьсгалах таатай үе байдаг. Жилийн дөрвөн улирлын зуны гурван сарын агаар хамгийн цэвэр болохоор тэр. Agaar. mn сайтад тавигдсан агаарын чанарын индекс ихэвчлэн ногоон буюу цэвэр гэсэн ангилалд багтаж байгаа харагдана. Харин Сибирийн утаа нааш явсаар нийслэлийг бүрхсэн хэдэн өдөр их бохирдолтой гэж гарсан. Энэ үед хэт мэдрэг, архаг хуучтай  хүмүүс удаан хугацаагаар гадаа гарахгүй байхыг мэргэжлийн хүмүүс сануулж байв.

Гэтэл сүүлийн үед нийслэлийн зарим хэсэгт агаарын чанарын индекс их бохирдолтой гэсэн түвшинд хүрчээ. Бөхийн өргөө орчимд уг индекс 400 гараад явчихсан бол (400 давсан тохиолдолд маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг) өчигдөр бүр 999-ийг зааж байв.

Өвлийн их утаатай үед ч ховорхон үзэгддэг энэ тоо зуны дэлгэр цагт дурайж байгаа нь анхаарлыг эрхгүй татлаа. Зундаа хүртэл ийм их бохирдолтой байгаа юм бол бид ямар агаараар амьсгалаад байна вэ. Албаныхнаас энэ талаар тодруулахад санаа зовох хэрэггүй хэмээн тайвшруулж байна. Агаарын чанарыг хэмждэг станцад доголдол гарсан тул үзүүлэлтүүд нь буруу гараад байгааг тэд тайлбарласан юм.

“Нийслэлийн 15 цэгт агаарын чанарыг хянаж байгаа. Эдгээр харуул дээр 2-6 төрлийн агаар бохирдуулагчийг хэмждэг. Хяналтын цэгүүдийн 12 нь автомат ажиллагаатай, 15 минут тутамд агаарын чанарыг тодорхойлж байдаг. Зарим тохиолдолд хяналтын багажинд гэнэтийн доголдол гарна. Жишээ нь, бөхийн өргөө орчмын хяналтын станцад гэмтэл гарч, буруу заалт нь иргэдийг төөрөгдүүлж байна. Ийм тохиолдолд манай техникийн хүмүүс очиж янзалдаг” хэмээн УЦУОШГ-ын орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа тайлбарласан юм.

ГЭХДЭЭ ТАЙВШРАХ БОЛООГҮЙ

Зуны цагт агаар бохирдуулагч гол эх үүсвэр нь бүтээн байгуулалтын ажлууд байдаг. Газар шороо, барилгын ажлаас үүссэн их тоос бидний амьсгалах агаарыг бохирдуулсаар байгааг хяналтын цэгүүдэд тэмдэглэгдсэн үзүүлэлтүүдээс харж болно. Тухайлбал, долдугаар сарын эхний долоо хоногт Баянхошуу, Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд агаар бага зэргийн бохирдолтой гэж гарсан бол наадмын өдрүүдэд баянхошуу орчмоор агаарын чанарын индекс  300-д хүрч, их бохирдолтой гэсэн ангилалд багтжээ. Уг нь бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж, аль болох тоос дэгдээхгүй, агаар бохирдуулахгүй байлгах тал дээр анхаарах ёстой. Тэр ч үүднээс мэргэжлийн хяналтын газарт агаар, орчны бохирдлыг хянах шинэ албыг хүртэл байгуулсан. Гэвч манайхан тоос шороо босохыг юман чинээ тоолгүй бужигнуулчихдаг. Зам засварын ажил дууссаны дараа эргэн тойронд нь тоймгүй шороо тунаран үлдэж, агаарт дэгдсээр байдгийг бид мэднэ. Энэ хэрээр зун цагийн цэвэр агаар элдэв тоосонцроор бохирдож, бидний хоолой, уушги руу чимээгүйхэн урссаар байна.

Агаарын чанарыг хэмжих 15 станцаас “Ургах наран” хорооллын орчимд байдаг станцын мэдээлэл тавдугаар сарын 13-наас хойш шинэчлэгдээгүй харагдана. Учрыг лавлатал, Налайхын замын засвартай холбоотойгоор тэр орчимд маш их тоосжилт үүссэн тул багажаа гэмтэхээс сэргийлэн түр хугацаанд ажиллуулахгүй байгаа гэх хариулт өглөө.

“Энэ хэсэгт агаар байнга их бохирдолтой түвшинд байгаа. Тиймээс багаж гэмтэхээс сэргийлээд түр хугацаанд ажиллуулаагүй юм. Нарийн мэдрэмтгий багаж учраас маш их бохирдолтой нөхцөлд ажиллуулаад байвал эвдрэх магадлалтай” хэмээн Ш.Нямдаваа мэргэжилтэн тайлбарласан юм.

Түүний хэлснээс үзвэл хэмжилтийн багаж хүртэл эвдэрч мэдэх их тоосон дунд Налайх, Хонхор, Ургах наран хавийн айлууд зуны турш амьдарч, амьсгалсаар байгаа аж. Харин хотын төв орчмоор автомашины утаанаас үүдэлтэй азотын давхар исэл стандарт хэмжээнээс үе үе давчихаад байгааг agaar.mn сайтын мэдээллээс харж болно. Удахгүй цэцэрлэг, сургуулиуд нээлтээ хийж, их хотын амьдрал буцалж эхлэхээр уг үзүүлэлт улам нэмэгдэх нь гарцаагүй.

ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Манай улс 2010 онд агаарын чанарыг хэмжих автомат багажуудыг нийслэлийн эргэн тойронд суурилуулж, ямар агаараар амьсгалж байгаагаа мэдэх боломж бүрдсэн. Харин эдгээр станц цагийн аясаар муудаж, “тэтгэвэрт гарах” цаг нь ойртжээ. Ихэнх улс ийм багажийг 10 жил ашиглаад шинэчилдэг. Манай станцууд есөн жил болсон гэж бодохоор эцсийг нь тултал ашигласан гэсэн үг. Тиймдээ ч эхнээсээ доголдол гарч, үзүүлэлт нь буруу гараад байгаа хэрэг. Нэг бүр нь 750 сая төгрөгийн үнэтэй эд болохоор хуучирч муудлаа гээд шинийг аваад тавьчихад хүндрэлтэй байдаг аж. Тиймээс боломжоороо засаж тордсоор өнөөг хүрсэн байна. Гэхдээ үе үе “худлаа ярьчихдаг” эдгээр багажны үзүүлэлтэд итгэж болох уу гэдэг асуудал яригдана. Зуны дэлгэр цагт агаар асар их бохирдолтой гэж зааж байгаа “энэ нөхөр” өвлийн их утааны үеэр агаар цэвэр тунгалаг байна гэж залах вий.

Нөгөөтэйгүүр маш их мэдрэг учраас 10 жил ажиллачихаад хүнээр бол өдий хугацаанд угаартаж, хамаг дотор эрхтэн нь муудаж, ажиллах чадвараа алддаг гэсэн үг. Хотын хортой утаанд хэмжилтийн багаж хүртэл 10 жил ажиллаад жагсаалаас гарч байхад нийслэлийн иргэд 20, 30 жилийн турш угаартсаар явна гэж бодохоор айдас хүрнэ. Багаж, тоног төхөөрөмжөөс илүү тэсвэртэй байна гэдэг мутант болох шинж рүүгээ орж байгаа бололтой, бид. Яг агаарын бохирдлоос болж хэчнээн хүн өвчилж, хэдэн хүнийг үхэлд хөтөлж буй талаар нарийн шинжилж судлаагүй болохоор нүдэн балай, чихэн дүлий явсаар өнөөг хүргэжээ.

Багаж, тоног төхөөрөмжөөс илүү тэсвэртэй байна гэдэг мутант болох шинж

Энэ жил хур бороо элбэг байсан учраас ургац арвин хураах төлөвтэйг салбарын яам бахархалтай мэдээлж байна. Гэхдээ нийслэлд ганц удаа усархаг бороо ороход гэр хорооллын хамаг бохир үерт туугдан ирж, хотыг тэр чигт нь бүрхдэг. Улмаар нар гарч, зам хатахтай зэрэгцэн гэр хорооллын ялгадастай холилдсон их тоос агаарт дэгдсээр буйд сэтгэл зовних нэгэн даан ч алга. Ийнхүү өвөлд нь нүүрсний утаа, зунд нь бохир ялгадас, тоос шороогоор амьсгалдаг нийслэлийн золгүй иргэдийн эд эрхтэн ямар болсон байдаг бол. Бохирдлыг хэмжих багаж хүртэл ажиллаж чадахгүйд хүрсэн энэ нөхцөлд агаарын чанарын талаар яриад ч хэрэггүй санагдана.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж