Утасны дугаараар иргэний бүртгэлд хамруулна

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Утасны дугаараар иргэний бүртгэлд хамруулна

Гар утасны мэдээлэл, регистрийн дугаар хоорондоо таарсан байх ёстой

Утасны дугаараар иргэний бүртгэлд хамруулна

Монгол Улсын хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг ирэх онд хийхээр зэхэж байна. Ингэхдээ уламжлалт цаасан аргаас гадна цахимаар тоолно гэж ҮСХ-ны хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-Эрдэнэ ярилаа.

Тэрбээр, “2020 оны хүн амын тооллогын мэдээлэл цуглуулалтыг бүртгэлд суурилсан болон цаасан асуулга гэсэн хосолсон аргаар явуулна. Гэхдээ нийт хүн амын 10 хувийг түүврийн аргаар сонгон авч, цаасан асуулга авах юм. Энэхүү асуулга нь мэдээллийн сангийн үзүүлэлтээс дэлгэрэнгүй байна. Баг болон хорооны Засаг дарга нар өөрсдийнхөө үйл ажиллагаанд ашигладаг хүн, ам өрхийн мэдээллийн сантай байдаг. Уг мэдээллийн санг төрийн байгууллагын мэдээллийн сантай холбож, мэдээллийг нь улам сайжруулж өгч байгаа юм. Тиймээс хүн ам, өрхийн мэдээллийн санг үндэслээд бүртгэлд суурилсан тооллогыг явуулна. Цахимаар бүртгүүлснээр тухайн иргэн өрхийн мэдээллийн сангийнхаа үзүүлэлтийг өөрөө шалгах боломж нээлттэй болно гэсэн үг. Мөн цаашид иргэд цахимаар мэдээллээ сайжруулаад явах боломжтой” гэв.

Хүн амын тооллогыг хосолсон аргаар явуулна

Тус хороо хүн ам, орон сууцны ээлжит тооллого болохоос нэг жилийн өмнө туршилтын тооллого явуулдаг байна. Уг тооллогыг энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн тавдугаар, Хан-уул дүүргийн 15 дугаар болон Сонгинохайрханы зургадугаар хороо болон Дорнод аймагт зохион байгуулжээ. Энэ нь ирэх жилийн хүн амын тооллогын үеэр гарч болох хүндрэлийг урьдчилан тооцох арга аж. Туршилтын тооллогын үеэр тухайн хүний гар утасны дугаар өөр хүний нэр дээр байсан тохиолдол цөөнгүй гарчээ. Цахим бүртгэлийг хур систем, дата төвөөр дамжуулан хийж байгаа учраас гар утасны мэдээлэл, тухайн хүний регистрийн дугаар хоорондоо таарсан байх ёстой аж. Учир нь бүртгэлтэй регистрийн дугаарыг ашиглаж, гар утасны дугаараар дамжуулан нууцлалын зэрэгтэй мэдээллийг явуулах аж. 2015 онд хийсэн завсрын тооллогын үеэр бүртгэлд суурилсан буюу цахим тооллогыг туршиж байжээ.

Одоогийн байдлаар цахим сайт туршиж байгаа бөгөөд энэ сард багтаан олон нийтэд танилцуулахаар төлөвлөсөн байна. Цахим төхөөрөмж, дата орчинд байнга ажилладаг иргэдийн тоо нэмэгдсэн учраас ийм аргаар хүн амын тооллогыг хийх бүрэн боломжтой гэж хүн ам орон сууцны тооллогын товчоо үзэж байна. Уг сайт руу нэвтрэхийн тулд ямар нэгэн тусгай асуулга бөглөх шаардлагагүй. Хэрэв таны бүртгэлийн мэдээлэл зөрчилтэй байвал иргэн өөрөө засаж оруулах боломжтойгоороо энэ удаагийн бүртгэл ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Мөн боловсролын түвшин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлт зэрэг бүх үзүүлэлтээ иргэн өөрөө оруулж, баталгаажуулах давуу талтайг онцлов.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж