Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөх ажил үргэлжилж байгаа билээ. Гэтэл үүгээр далимдуулан зарим иргэд “Эдгээр барилгыг буулгах ажлын тендерийг олж өгнө” хэмээн залилан хийх тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Иймээс Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас сэрэмжлүүлэг мэдээг гаргалаа.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хариуцан, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах ажлыг хийж байгаа. Энэ хүрээнд тухайн барилгыг буулгах, барих ажлыг цогц байдлаар төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компани л гүйцэтгэнэ гэдгийг санууллаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн Хан Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүрэг дэх ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон 79 барилгыг буулган, дахин барилгажуулах ажлыг хийж байгаа юм. Эдгээр газарт 11 компани хуучин барилгыг буулган, дахин барилгажуулах ажлыг хариуцан ажиллаж байна.
Тиймээс иргэд “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг буулгах ажлын тендер олж өгнө” гэх мэдээлэл бол хуурамч гэдгийг ялгаж салгах хэрэгтэй аж. Хэрвээ ийм байдлаар залилуулсан иргэд байвал цагдаагийн байгууллагад хандахыг санууллаа.
Энэ онд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар дөрвөн цэцэрлэг, хоёр сургуулийн хуучин барилгыг буулгаж, барих ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нэг цэцэрлэг, гурван сургуулийн барилгыг буулгах ажлын тендер шалгаруулалт явуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна.
БЭЛТГЭСЭН Б.ЗОЛЗАЯА Э.ЭНХБАТ