Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхээр төлүүлье

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхээр төлүүлье

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхээр төлүүлье

Цэцэрлэгийн хүүхдийн дөрвөн удаагийн ундыг 1650 төгрөгт багтаан хийх хүнд даалгавар тогооч нарт ногдоод байна. Төрөөс цэцэрлэгийн хоолны хувьсах зардлыг нэг хүүхдэд өдөрт 1650 төгрөг ногдож байхаар тооцож олгодог. Өөрөөр хэлбэл, томчуудын нэг хуушуур авдаг үнээр цэцэрлэгийн багачуудыг хооллодог гэсэн үг юм.

Өнгөрсөн хавраас хаданд гарсан махны үнэ өнөөдөр ч дорвитой буугаагүй, хүнсний ногоо өнгөрсөн жилийнхээс үнэтэй байгаа нь цэцэрлэгийн хүүхдийн хоолыг бэлтгэхэд хүндрэл учруулах болоод буй. Хэрвээ цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн эцэг, эхээс хоолны мөнгөний тодорхой хувийг нэмж гаргадаг болбол асуудлыг шийдэх бололцоотой. Нэг сарын хоолны мөнгө болгон 30 мянган төгрөг төлөхөд л төрөөс олгодог санхүүжилтэд нэмэр болж, шим тэжээлтэй хоол бэлтгэхэд ч асуудалгүй болно.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Хүүхдийн хоол тэжээл илчлэг байдлаа хангаж чадахгүй байвал хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эхээс нь гаргуулж болно” гэж зааж өгчээ. Хэдийгээр энэ заалтыг хэрэгжүүлдэг цэцэрлэг цөөн боловч эцэг, эхээс нь хоолны мөнгийг нэмж гаргуулдаг цэцэрлэгийн хүүхдүүд илүү чанартай хүнс хэрэглэдэг байна. Эцэг, эхчүүд ч хүүхдээ ямар хоол унд идэж байна вэ гэдгийг хянах боломж ч нээлттэй. Зарим цэцэрлэг хүүхэд ямар хоол идсэн бэ гэдгийг өдөр бүрийнхээ хоолны цэсээр эцэг, эхэд танилцуулдаг сайн жишиг ч тогтжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан мэдээгээр 2019-2020 оны хичээлийн шинэ жилд төрийн өмчит цэцэрлэгт 275800 хүүхэд хүлээн авна. Эдгээр цэцэрлэгүүд бүгд хоолны мөнгийг эцэг, эхээс нь нэмж гаргуулдаг болбол дээр дурдсан хүүхдүүд бүгд шим тэжээлтэй хоол идэх бололцоогоор хангагдана гэсэн үг юм.

Өнгөрсөн онд Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаа танилцуулагдахад тав хүртэлх насны хүүхдүүд хамгийн их амин дэмийн дутагдалд орсон бүлэгт багтсан. Тодруулбал, тэдний 21 хувь нь төмөр, 70 хувь нь А амин дэм, 90 хувь нь Д амин дэмийн дутагдалтай гарсан байдаг. Тав хүртэлх насныхан гэдэг нь цэцэрлэгийн насныхан гэсэн үг юм.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газар цэцэрлэгийн хоол хүнсний хэрэглээнд үнэлгээ хийхэд сүү цагаан идээний хэрэглээ 9.2, хүнсний ногооны хэрэглээ 42.3, жимс жимсгэнийн хэрэглээ 76.1 хувиар бага гарсан бол махны хэрэглээ зөвлөмж хэмжээнээс 20, гурил 3.1, будаа 62, чихэрлэг хүнсний хэрэглээ 45 хувиар тус тус их гарчээ. Энэ нь үнэ бага хүнсийг ихэвчлэн авч хэрэглэж байгааг илтгэнэ.

Мөн цэцэрлэгийн хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээ зөвлөмжөөс 310 ккал-иар бага байжээ.  Өөрөөр хэлбэл, энэ насныхны хоол тэжээлийн чанарт онцгой анхаарал хандуулах шаардлагатайг дээрх судалгаанууд өгүүлж буй юм.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхчүүдээс нэмж гаргуулъя гэхэд гар татах хүн гарахгүй биз.  Ажил хэрэг болсон цагт төрөөс олгодог 1650 төгрөгийн санхүүжилт дээр нэмэр болж, хүүхэд багачууд илүү чанартай хоол тэжээл авдаг болно. Цэцэрлэг бол хүүхдүүдийн хувьд хоёр дахь гэр нь. Ажлаас бусад өдрийн найман цагийг оруулан тооцвол  долоо хоногийн 40 цагийг балчир үрс цэцэрлэгтээ өнгөрүүлж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж