Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн бичиг баримтыг наймдугаар сарын 19-нөөс хүлээн авч эхэлсэн. Нийт 582 иргэний материал хүлээн авах ёстойгоос өнөөдрийн байдлаар 20 хувьтай байгааг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.
Эхний шатанд тэнцсэн иргэд зорилтот найман ангилал тус бүрдээ 10-аас дээш материал бүрдүүлж, өөрийн биеэр очиж, баталгаажуулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тэнцсэн иргэд наймдугаар сарын 19-нөөс 23-ныг хүртэл тав хоногийн хугацаанд нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад ажлын цагаар авч очиж баталгаажуулна.
Тэнцсэн иргэдийн хувьд цахим бүртгэлд бүртгүүлсэн мэдээллийнхээ дагуу материалаа бүрдүүлэх шаардлагатайг албаныхан сануулж байна. Гэтэл иргэдийн материалыг хүлээн авч дуусахад хоёрхон хоног үлдээд байхад иргэдийн зүгээс идэвх муутай, хойрго хандаж байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Хэрэв заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчирч өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан, дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг мэргэжилтнүүд анхааруулаад байгаа. Одоогоор хуурамч мэдээлэл бүртгүүлж, хар жагсаалтад орсон иргэн байхгүй. Гэхдээ иргэний бүрдүүлж өгсөн материалыг Тусгай комисс шалгаж байж хар жагсаалтад орох эсэхийг шийдэх гэнэ.
“Буянт-Ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эхний шатны сонгон шалгаруулалтын дүнг наймдугаар сарын 14-нд нийслэлийн Орон сууцны корпорациас цахим сайтад байршуулаад байгаа билээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ