Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх БОАО форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн төлөөх БОАО форум”-ын Улаанбаатарын Бага хуралд төр засаг, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөлөл идэвхтэй оролцож, өндөр ач холбогдол өгч буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид залуучууд, эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэн Монгол Улсын форумын үйл ажиллагаан дахь оролцоог өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Мөн Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү Бага хурал нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог улам бэхжүүлэх, бусад түнш орон, олон улсын байгууллагатай харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэхэд дэм болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ноён Бан Ги Мүн тус Бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцон үг хэлж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд ирэх онд тохиох форумын 20 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсаас өндөр түвшний төлөөлөгч оролцохыг урив.
Мөн Монгол Улс нь бүс нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх нөөц боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын асуудлаарх хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн "Азийн төлөөх БОАО форум"-д хэлсэн үгйиг бүрэн эхээр нь хүргэж байна.
Азийн төлөөх Боао форумын дарга
Эрхэм хүндэт Бан Ги Мүн,
Эрхэм зочид оо,
Хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Зун, намрын зааг үе, нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд цаг зав гарган манай улсад зочилж, “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцож буй та бүхэнд юуны өмнө чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улс нь Азийн орнуудын хооронд эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай үйл ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой “Азийн төлөөх Боао форум”-ыг санаачлагч орнуудын нэг бөгөөд форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирсэн билээ.
Миний бие өнгөрсөн онд Боао форумын жилийн уулзалтад оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Нэгдсэн Үндэсний Байгууллага, Олон улсын вальютийн сангийн тэргүүн нартай уулзаж байснаа эргэн дурсахад таатай байна.
Монгол, Хятад хоёр улс нь өнө эртнээс хаяа дэрлэн оршиж ирсэн мөнхийн хөршүүд юм. Хоёр улсын харилцаа сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд тогтвортой өргөжин хөгжиж, эдүгээ иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгаад монголын тал сэтгэл хангалуун байдаг. Манай Засгийн газар БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг бүх салбарт шинэ бодит агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй ажиллаж ирлээ.
Энэ онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ой тохиож байна. Ойг тэмдэглэх арга хэмжээг хоёр тал өргөн хүрээнд зохион байгуулж байгаагийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн төрийн айлчлал, БНХАУ-ын дэд дарга Ван Цишаний Монгол Улсад хийсэн айлчлал зэрэг олон чухал арга хэмжээ багтаж байна.
Дипломат харилцааны 70 жилийн ойн хүрээнд Азийн төлөөх Боао форумын арга хэмжээг Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог улам бэхжүүлэх, бусад түнш орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаа гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэхэд чухал түлхэц үзүүлнэ хэмээн найдаж байна.
Хүндэт зочид оо,
Хатагтай, ноёд оо,
Улаанбаатарын бага хурал “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор болж буй нь өнөө үед бүс нутаг, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулах гарц нь гагцхүү улс орнуудын уялдаатай үйл ажиллагаа байх юм гэсэн итгэл үнэмшилтэй холбоотой хэмээн харж байна.
Мэдээлэл, харилцаа холбоо, аж үйлдвэрийн технологийн дэвшил, тэдгээрийн хурдацтай тархалтын нөлөөгөөр дэлхий дахин, бүс нутгийн байдал түргэн хувирамтгай, эмзэг болж буй нь бидний амьдарч буй өнөөгийн цаг үеийн онцлог юм. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудыг даван туулах зорилгоор “2030 он хүртэлх дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг улс орнууд хамтран дэвшүүлж, ногоон, тогтвортой хөгжлийг хамтын зорилгоо болгон ажиллаж буй хэдий ч олон улсын хамтын нийгэмлэгийн хүч, нөөц боломжинд эргэлзэх, олон талт хамтын ажиллагаанаас зай барих хандлага гарч буй нь ч өнөөгийн цаг үеийн онцлог юм. Тиймээс хөрш зэргэлдээ орнууд, бүс нутгийн орнууд давуу талаа уялдуулан, бие биеийнхээ хөгжлийг дэмжиж, хамтын хөгжил дэвшилд тэмүүлж байгаагаа нотлох нь өнөөдрийн хуралд оролцогчдоос дэвшүүлэх гол санаа, эерэг дохио байна гэдэгт би итгэлтэй байна.
Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй хамрагдах, бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд өөрийн бололцооны хэрээр хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ирснийг та бүхэн мэднэ. Бид энэ бодлогоо цаашид ч үргэлжлүүлэх болно.
Өмнөд хөрш БНХАУ ч өөрийн хөгжлийн үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцан, хамтдаа хөгжих бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг бид өндрөөр үнэлдэг бөгөөд Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байна.
Хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг болон “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбарын томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй нь гурван улсын хөгжил дэвшил төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх юм.
Өнөөдрийн бага хурлын сэдэвчилсэн хэлэлцүүлгийн үеэр хоёр болон гурван улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ, төслүүдийн талаар та бүхнээс тодорхой бүтээлч саналуудыг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хүндэт зочид оо,
Хатагтай, ноёд оо,
Түнш орнууд, олон улсын байгууллагуудтай ойр дотно хамтран ажиллаж буйгийн үрээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, тогтворжиж буйг тэмдэглэхэд таатай байна.
Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэх болно. Манай улсын эдийн засгийн гол тулгуур болж буй уул уурхайн салбарын хөгжлийг урагшлуулахын зэрэгцээ хөгжлийн шинэ тулгууруудыг бий болгох үүднээс дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх, инновацийг нутагшуулахад чиглэсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх болно.
Монголд хөрөнгө оруулах, бизнесийн үйл ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар манай холбогдох байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс тавих илтгэлүүдэд анхаарал хандуулж, цаашид ойр дотно хамтран ажиллахыг та бүхнээс хүсье.
Бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Эх сурвалж: ZASAG.MN
Холбоотой мэдээ