Манзушрийн хийдийн туурин дээр баригдах "Манзушри" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийн нээлт өнөөдөр /2019.08.21/ Монголын архитекторчдын холбооны хурлын танхимд боллоо. Энэ үеэр төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн М.Энхболд болон Төв аймгийн удирдлагууд, Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар хүрэлцэн ирж, үг хэлсэн юм.
Манзушрийн хийдийн туурин дээр баригдах "Манзушри" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төслийг гаргахад есөн баг хамтран 2018 оны есдүгээр сараас хээрийн судалгааны ажлаа эхлүүлжээ. Тэртээ 300 гаруй жилийн түүхтэй “Манзушри" хийдийн сэргээн засварлаж, томоохон цогцолбор байгуулснаар жилдээ 1.3 сая жуулчин хүлээн авах хүчин чадалтай олон улсын хэмжээний аялал жуулчлалын бүс нутаг болно гэдэг тооцоо судалгааг мэргэжилтнүүд танилцуулж байв.
“МАНЗУШРИ” ХИЙДИЙГ ЗОРИН ИРДЭГ АМРАГЧ, ЖУУЛЧДЫН ТООГ НАРИЙН ТООЦДОГГҮЙ
“Манзушрийн хийд нь байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газарт нүдээ олж байрласан байдаг. Өнөөдөр хэдий туурь л үлдсэн ч удахгүй нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж эхэлнэ. Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай захиргаанаас гаргаж буй судалгаагаар иргэдэд олгодог тасалбарын тооцоогоор жилд 30-60 мянган хүн ирж сонирхдог гэсэн дүн бий. Энэ нь өрөөсгөл тоо гэж судалгааны баг харсан. Учир нь тасалбарыг нэг сард тодорхой хязгаартайгаар өгдөг. Тиймээс сардаа таслах 10 мянган тасалбар дуусвал дараагийн өдрүүдэд тасалбар таслах боломжгүй болох, хамгаалагч өөрөө зогсоогүй цагуудад хүмүүс орж, гарч байгааг нарийн тооцох аргагүй гэсэн үг.
Бидний тооцоогоор жилдээ ойролцоогоор 100-120 мянган хүн орж байгаа гэж тооцоолсон. Өдрийн ажиглалтаар гэхэд 100 гаруй машины тэр дотроо 30-40 автобус орж байгааг нь харахад жилдээ 100 гаруй мянган жуулчин тогтмол ирдэг гэсэн дүн гарсан. Ихэвчлэн дотоодын амрагчид эзэлдэг бөгөөд гадаадын жуулчдыг тоог нарийн гаргасан судалгааг хийж чадахгүй байгаа. Ойролцоогоор нийт амрагчдын 10 хүрэхгүй хувийг гадаадын жуулчид эзэлдэг байх магадлалтай. Харин шинэ цогцолборыг байгуулснаар гадаадын жуулчдыг олноор хүлээн авах боломжтой болно” гэдгийг аялал жуулчлалын судалгааг хариуцан хийсэн “Хаппи сити” группийн захирал Д.Мөнхтөмөр хэлж байв.
Уг төслийн хүрээнд “Манзушри” хийдийн 49.6 га талбайг хамрах бүс нутагт Ариун орон, Урлахуйн орон, эрдэм дэлгэрүүлэх орон гэсэн гурван оронд хуваан хөгжүүлэх гэнэ. Мөн аялал жуулчлалын төв болон байгалийн түүхийн музейг байгуулах бөгөөд нэртэй уран дархчуудын томоохон олон улсын төв, задгай театр, шашны сургууль, зочид буудлыг байгуулах юм байна.
“БҮС НУТГИЙГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ БОЛДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО”
Энэ үеэр “Манзушри” сангийн тэргүүн, төслийн санаачлагч М.Энхболд үг хэлэхдээ “Уул, ус, хангай дэлхийг нь тахин шүтэж ирсэн сайхан уламжлалтай бүс нутгийн төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрхэн хөгжүүлж болох вэ гэдгийг харуулах зорилгоор энэ төслийг санаачилсан. Өнөөдөр “Манзушри” хийдийн төсөл эцсийн байдлаар бэлэн болоод байна. Олон улсын түүх, соёлын дурсгалыг сэргээн босгоход дэмжлэг туслалцаа үзүүлдэг байгууллагуудад хаана ч гаргаад тавихад бэлэн төсөл болсон гэж бодож байна. Бид аливаа асуудлыг танилцуулж, хүсэлт хэлдэг ч үзүүлэх төсөл хөтөлбөр байдгүйгээс зүгээр нэг яриа болж өнгөрдөг талтай. Манзушри хийдийн бүс нутаг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нийслэлийн түүхтэй салшгүй холбоотой юм. Хэдхэн хоногийн дараа шинээр тодорсон долдугаар Манзушри хутагт Энэтхэг улсад бурхан шашны өндөр хэргэм цол болох гэвш цолыг есдүгээр сарын 6-нд хүртэх томоохон ёслолын ажиллагаа болно. Манай сан болон миний хувьд шинэ цогцолбор газрыг байгуулахад бүх талаараа анхаарч, хамтран ажиллана гэдгээ хэлье” гэсэн юм.
“Манзушри” хийдийн хуучин туурийг сэргээн засварлахдаа Япон улсын сэргээн засварлалтын байгууллагатай хамтран ажиллахаар тооцоолж, ажлын зургаа гаргаад байгаа гэнэ. Цаашдаа хуучин туурийг хэсэгчлэн засварлаж, үзмэр байдлаар олны хүртээл болгох юм байна.
Төслийн хүрээнд агаарын замын төлөвлөлтийг хийжээ. Уг төлөвлөлтөөр Улаанбаатар хотын Зайсангийн ам-Дугуй цагаан-Цэцээ гүний оргил-Манзушри хийдийн Ариун оронд зогсохоор тооцоолсон байна. Ингэснээр өдөрт 5000 орчим хүнд 13 минутын хугацаанд агаарын тээврээр үйлчлэх боломж бүрдэх гэнэ.
Цаашдаа “Манзушри” хийдийг зорин ирэх жуулчдын 77 хувийг агаарын замыг ашиглах бол 23 хувь нь автозамаар ирнэ гэсэн судалгаа тооцоолжээ.
“Энэ төслийг 2025 он гэхэд ашиглалтад оруулна гэж техник, эдийн засгийн үндэслэлтэй судалгаа гарсан. Гаднын томоохон олон улсын байгууллагуудаас энэ төсөлд хамтран ажиллахаар саналаа өгөөд байна. Жишээлбэл Франц улсын агаарын замын компани байна. Мөн Япон улсын түүхэн дурсгалт барилга байгууламжийг сэргээн засварладаг компани нь Азиас хөрөнгө оруулалт босгон хэрэгжүүлнэ. Шинэ цогцолборыг байгуулахын тулд олон улсын байгууллагын хандив тусламж, аж ахуй нэгжүүдийн өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулна гэж бодож байна. Бид төслийг хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөг гаргаж, Засгийн газарт танилцуулна. Үүнийг цааш нь хэрхэн хэрэгжүүлэхийг Засгийн газар шийднэ. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил бараг байхгүй. Хэрвээ агаарын замын тээвэр ашиглалтад орвол найман жилийн дотор зардлаа нөхөн гэсэн тооцоо судалгааг эдийн засгийн багийнхан гаргасан” гэдгийг төслийн удирдагч Э.Хүрэлбаатар хэлж байв.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ