Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнээс АНУ гарсан тухай

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнээс АНУ гарсан тухай

Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнээс АНУ гарсан тухай

1987 онд ЗХУ болон АНУ-ын хооронд байгуулагдсан Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнээс Вашингтон гарах болсон тухайгаа зарласнаас хойш зургаан сар өнгөрч ба 8-р сарын 2-ноос эхлэн энэхүү гэрээ нь АНУ, ОХУ, Беларусь, Казахстан болон Украин гэх түүний бүх талуудын хувьд хүчин төгөлдөр бус болов.

Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам нь монгол уншигчдыг уг гэрээнээс АНУ гарснаас хойш үүсээд буй нөхцөл байдалтай танилцуулж байна.

Дэлхий нийтийн болон бүс нутгийн аюулгүй байдлын архитектурыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэж байсан гэрээ хүчин төгөлдөр байхаа болив. Вашингтон энэхүү гэрээг устгаснаараа олон арван жилийн турш зэвсэглэлийг хянаж байсан системд хүчтэй цохилт өгсөн ба гол буюу цорын ганц буруутан нь Америкийн тал юм. Гэрээнээс нэг тал нь гарах үйл явцыг дур мэдэн эхлүүлж, дуустал нь өрнүүлснээрээ АНУ нь энэхүү гэрээний «булшлагч» болов. Үүний зэрэгцээ Оросын тал гэрээг хадгалан авч үлдэхийн төлөө хамгийн сүүлчийн мөч хүртэл тууштай тэмцэж байсан учир гадаадын зарим албан тушаалтнууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэлж, ярьж буй шиг Оросын Холбооны Улс нь мөн уг гэрээнээс гарсан тул Америкийн талтай нэгэн адил хариуцлагыг хүлээх ёстой гэсэн байр суурь нь туйлын утгагүй юм.

АНУ Оросын талын санал шаардлагын дагуу ноцтой асуудлуудыг мэргэжлийн түвшинд бодитой хэлэлцэхийн оронд байдлыг эрс хурцдуулсан. Олон нийтийн анхаарлыг сарниулахын тулд бидний эсрэг аливаа үндэслэлгүй, хариуцлагагүй сурталчилгааны кампанит ажлыг эхлүүлсэн. Вашингтон бүх зүйлсийг гажуудуулж, АНУ нь манай талын үйл ажиллагааны улмаас гэрээг цуцалж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээсэн. Харамсалтай нь, тэдний үйл ажиллагааны жинхэнэ зорилго нь уг гэрээг хадгалан авч үлдэхэд бус АНУ-ын пуужингийн чадавхыг дээшлүүлэхэд уг гэрээгээр тогтоосон хүрээ хязгаар, хоригуудыг цуцлахад оршиж байсан юм. Вашингтон дэлхийн өнцөг булан бүрд оршиж буй өөрийн аливаа өрсөлдөгч, сөргөлдөгчдөдөө дарамт шахалт үзүүлж, хүчээр далайлгахын тулд хязгааргүй олон тооны цэргийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой болохын тулд асуудлыг зориудаар дэвэргэсэн.

Үнэн хэрэгтээ бол чухам АНУ нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас үүссэн нөхцөл байдлыг хэвийн болгож, сөрөг дагаврыг арилгахад шаардлагатай арга хэмжээг аваагүй билээ. Юуны түрүүнд бид цохилтын далавчит пуужингуудыг хөөргөх «Mk-41» төхөөрөмжүүдийг гэрээгээр хориглосон боловч хуурай газар дээр байрлуулсан тухай ярьж байна. Түүнчлэн америкчууд өөрсдийн пуужингийн довтолгооноос хамгаалах системээ турших зорилгоор хөөргөдөг «бай пуужин» хэмээх боловч үнэн чанартаа дунд болон ойрын зайн тусгалтай баллистик пуужингуудтай ижил шинж чанартай пуужингуудын хувьд аливаа арга хэмжээг мөн авсангүй. Пентагон уг гэрээнд заасан «газар суурилагдсан далавчит пуужин» хэмээх тодорхойлолтод бүрэн дүүрэн нийцэж буй нисгэгчгүй довтолгооны онгоцнуудыг ашигласан хэвээр байна.

Гэтэл Европын Холбоо нь АНУ гэрээнээс гарах дэгийн явц эцэс болохоос гуравхан долоо хоногийн өмнө л санаа зовниж буйгаа илэрхийлэх боломжтой хэмээн үзсэн. Үүнтэй холбогдуулан Брюссель нөхцөл байдал хэрхэн ноцтой болж байгааг, Вашингтоны хийсэн сөнөөгч алхмууд нь Европ холбоотнуудынх нь аюулгүй байдалд ямар сөрөг үр дагавартай болохыг ойлгож байгаа эсэхэд өөрийн эрхгүй эргэлзэж эхэлж байна. Европт Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээний эргэн тойронд үүсээд буй хямралын шалтгаануудыг зөвхөн нэг талаас нь авч үзэж байгаад харамсаж байна. Тухайлбал, Америкийн тал гэрээний үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд Оросын тал маш олон жилийн турш санаа зовж байгаагаа илэрхийлж байсныг огт дурдахгүй байна. Энэхүү гэрээг АНУ сүйрүүлж байхад, яагаад ч бүү мэд,  түүнийг хадгалан авч үлдэхийг уриалж, бодит ажил хийхэд бэлэн байхыг ОХУ-аас шаардаж байна. Аюулгүй байдал нь шууд хөндөгдсөн Европын орнууд үнэндээ Вашингтонтой эв нэгдэлтэй байгаа бөгөөд америкчуудын бий болгосон нөхцөл байдлыг шийдвэрлэх талаар дорвитой санаачилгыг гаргахгүй байгаа нь бас бидний гайхширлыг төрүүлнэ.

Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээг цуцалсны сөрөг үр дагаврыг 2002 онд АНУ «Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хязгаарлах тухай гэрээнээс» гарсантай харьцуулж болох ба энэ нь Вашингтон одоогийн байдлаар үйлчилж буй цөмийн болон пуужингийн зэвсэглэлийг хянах системийг татан буулгах үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, тэр байтугай хурдасгаж байгаа гэсэн үг юм. Энэхүү аюултай хандлагыг Америкийн албан тушаалтнуудын цөмийн зэвсгийн чадавхаа нэмэгдүүлэхэд бэлэн байгаа тухай мэдэгдлүүд дагалдаж байна. АНУ болон ОХУ-ын хамгийн сүүлд байгуулсан буюу 2021 оны 2-р сард хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа нь дуусгавар болох цөмийн пуужингийн салбарт хязгаарлалтын болон баталгаажуулалтын механизм байгуулах тухай «Стратегийн довтолгооны зэвсгийг хоргодуулах тухай гэрээний» хувь заяа тодорхойгүй хэвээр байна. Оросын тал түүний хугацааг сунгах санал тавьсан боловч одоогоор Вашингтоны зүгээс хариу ирээгүй байна.

АНУ-ын талаас үүсч буй шинэ аюул заналхийллийн нөхцөлд Оросын тал, мэдээжийн хэрэг, өөрийн аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээг авах болно. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэдээлсний дагуу манай улс дунд болон ойрын зайн тусгалтай газрын пуужингуудыг уг ангиллын Америкийн зэвсэг Европ болон бусад бүс нутгуудад гарч иртэл тэнд байрлуулахгүй.

Москва Вашингтоныг Оросоос жишээ авч, хариуцлагатай байж, дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудын системийг байршуулахаас татгалзахыг уриалж байна. ОХУ нь АНУ-тай дунд болон ойрын зайн тусгалтай пуужингууд болон стратегийн тогтвортой байдлын бусад асуудлуудаар харилцан хүндэтгэлтэй, аль аль талын ашиг сонирхлыг харгалзан үзэх зарчимд тулгуурласан нээлттэй, эрх тэгш, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн хэвээр байна.

МОНГОЛ УЛС ДАХЬ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж