Томуугийн улмаас 55 сая гаруй хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Томуугийн улмаас 55 сая гаруй хүн нас баржээ

Томуугийн улмаас 55 сая гаруй хүн нас баржээ

Манай улсад анх удаа “Томуугийн эсрэг хамтдаа” Олон улсын 13-р зөвлөгөөн болж байна. Уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонези зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч оролцож байна.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  /ДЭМБ/ төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид иржээ. Зөвлөгөөний зорилго нь дэлхий дахины томуу, томуугийн цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, туршлага солилцох ажээ. Үүнээс гадна томуугаас урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, вирусийн онцлог, тандалт хяналтын талаар зөвлөмж гарах юм байна.

Манай оронд сүүлийн жилүүдэд томуугийн дэгдэлт ихээр гарах болсон. Уур амьсгалын өөрчлөлт, амьдрах орчны нөхцөл байдал, хүн амын нягтрал зэргээс шалтгаалж томуугийн халдвар цар хүрээгээ тэлсээр байна. Тиймээс энэ жилээс эхлэн улирал харгалзахгүй уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж буй аж.

Энэ тухай ЭМЯ-ны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярихдаа: “Бид зургаадугаар сараас эхлээд хүүхдүүдээ чийрэгжүүлэх аяныг зохион байгуулсан. Мөн хүүхдийн сувилал, чийрэгжүүлэлтийн чиглэлээр Эх нялхсын эмч нарын баг 11 аймагт ажиллаж, дадлага сургуулилт хийж,  эцэг, эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа. Үүнээс гадна томуугийн вакцин захиалж, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж байна. Өнгөрсөн жилүүдийн сургамждаа тулгуурлан Ази, Номхон далайн орнуудын зөвлөлдөх уулзалтыг мөн зургаадугаар сард хийлээ. Хөдөөгийн 140 гаруй эмч нарт томуугийн удирдамж, сургалт зохион байгуулсан” гэв.

Дэлхийн дахинд томуугийн цар тахал дэгдсэнээс хойш өдгөө 100 жил өнгөрчээ. Энэ хугацаанд гурван удаагийн дэгдэлт гарч 55 сая гаруй хүн нас барсан байна. Үүнээс томуугийн аюулыг харж болно.

Тухайлбал, 2009 онд томуугийн А (H1N1) хэв шинжийн шинэ вирус гарч, гурав хүрэхгүй сарын дотор 100 гаруй улс орныг хамарсан байна. Тиймээс шинэ вирус асар хурдацтай тархах магадлалтай байгаа өнөө үед улс орнууд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, хамтран туршлага солилцож, ажилла шаардлагатай байгаа юм.

Австрали улсын хувьд улирлын томуу дэгдээд намжиж байгаа аж. Энэ жилийн хувьд томуу өргөн цар хүрээг хамарчээ. Энэ талаар Австрали улсын Халдвар, дархлаажуулалтын хүрээлэнгийн дэд захирал Ян Бараас тодрууллаа. Тэрбээр ярихдаа: “Бид тандалтын тогтолцоо ашигладаг. Үүнд эмнэлгүүд идэвхтэй оролцдог. Хэрэв томуугаар хүн эндсэн байвал учир шалтгааныг нь нарийн тогтоож илрүүлдэг. Энэ жил томуугийн улирал нэлээн эрт эхэллээ. Бүх насны хүмүүсийг хамарсан. Амь насаа алдсан хүмүүс ихэвчлэн настай хүмүүс байсан. Ер нь манай орны хувьд 75 дээш настай хүн томуу тусвал эндэх магадлал өндөр байдаг” гэсэн юм.

Ханиад, томуу, харшлын ханиад гэдгийг бид сайн ялгаж салгадаггүй. Үүнд ЭМЯ-ны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хариулахдаа:

“Ханиад гэдэг нь томуу биш харин H томуугийн вирусээр үүсгэгдсэн байдаг. Томуу гэхээр А хүрээний H1N1 гээд 200-аад вирусээр үүсгэгддэг өвчин. Харшлын ханиадны хувьд харшилтай хүмүүс маш амархан ханиад хүрч, сэдрээгддэг. Тиймээс ханиад, харшлын ханиад хоёрыг давхар эмчлэх ёстой” гэсэн юм.

Томуу ихээр дэгдэх болсон өнөө үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэлхийн улс орнууд ийнхүү нэгдэн нийлж, анхаарлаа хандуулж эхэлжээ. Зөвлөгөөн гурван өдөр үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж