Засгийн газар өнөөдөр /2019.08.21/ хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалт авах, хилийн зааг хязгаарлах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр,
-Зарим газрын улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Ингэснээр Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг, Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Ногоон нуур сумын зарим хэсэг, Баян-Өлгий аймгийн Ачит нуурын зарим хэсгийг байгалийн цогцолбор газраар өртгөсөн. Завхан аймгийн Дөрвөлжин сум хумын тал, Хэнтий аймгийн Батширээт, Бидэр сумын нутаг гутайн даваа, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Биндэр Хурх орчим, тус тус байгалийн цогцолбор болон дурсгалт газраар өргөтгөн авсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвийн орчмын 3090,16 га газрыг тусгай хамгаалалтаас чөлөөлөх тогтоолыг тус тус баталсан. Ингэснээр нийт зургаан аймгийн 13 сумын нутагт дэвсгэрийн 1,2 сая га газрыг улсын тусгай хамгаалалттай газраар авч байна. Улсын хэмжээнд 32,8 сая га газар улсын тусгай хамгаалалттай газар байдаг байна.
Мөн өнөөдөр Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож, шинээр аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл, газар олгохгүй бөгөөд Азийн хөгжлийн банкны тусламжаар Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон байна.
Түүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль экологийг сүйтгэсэн уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Н.Цэрэнбат сайдын 2018 оны хоёрдугаар сарын 2-ны тушаалаар 202 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжид уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчихгүй, байгаль орчныг нөхөн сэргээхэд хамтран ажиллах санал хүргүүлжээ. Энэ хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээх үүргээ биелүүлэхэд хамтран ажиллах саналыг 202 аж ахуй нэгжид хүргүүлсэн байна. Ингэхдээ хуулиа биелүүлэхгүй бол хуулийн хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байжээ. Ийнхүү хамтран ажиллах, шалгалтын хүрээнд үүргээ биелүүлээгүй учраас 19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна.
Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан “Монгол газар” компанийн эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуй нэгжүүдийг удахгүй байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн хуулийн байгууллагад хандана гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат онцоллоо.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ