Допингийн шинжилгээ солигдох боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

VS - ДОПИНГ

Допингийн шинжилгээ солигдох боломжтой юу?

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдсан хоёр бөхөөс допинг илэрсэн талаар Бөхийн салбар комисс мэдэгдээд буй. Тэгвэл тэр хоёр бөх нь энэ жилийн наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд болон улсын начин Д.Цэрэнтогтох нараас илэрсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл допингийн шинжилгээ болох А, В сорьцын шинжилгээг авахдаа нэг удаад шээсний шинжилгээгээр хоёр саванд лацдаж авдаг юм байна. Улсын аварга Э.Оюунболдын хувьд өөрийнхөө шинжилгээг солигдсон гэж мэдэгдээд буй. Тэгвэл бид энэ удаагийн VS буландаа допингийн шинжилгээ солигдох боломжтой эсэх талаар Улсын аварга Э.Оюунболд, Улсын арслан Ц.Содномдорж нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.


 

 

 

Э.Оюунболд:
Улсын аварга

-Б.Бат-Эрдэнэ аваргын удирдлага дор 14 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Багш маань архи, допинг гэдэг хоёр зүйлийг хэрэглэж болохгүй гэж ямагт захидаг байсан. Миний шээс солигдсон байна. Үүнийг хууль, хяналтын байгууллага нь анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Допингийн шинжилгээг Монголын допингийн холбооныхон тавуулаа байж байгаад задалж, үзэх ёстой байсан. Гэтэл ганц, хоёр нь задлаад  сошиал ертөнцөд цацаж, бөхчүүдээр над руу дайралт хийлгэж байна. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Миний шээсийг сольсон байна. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна гэжээ.

Мөн тэрбээр хэлэхдээ "Наадмын өмнө ч намайг нэг биш удаа дайрч, давшилах тохиолдол байсан. Чамайг түрүүлсэн ч бай, түрүүлээгүй ч бай чамаас допингийн бодис илрүүлнэ. Тэр хүн 300 сая төгрөг бэлдчихсэн байгаа.  Э.Оюунболд түрүүлэх нь тодорхой болчихлоо гэж намайг гутаан доромжиллоо Энэ үйлдэлүүд эцэс цэгтээ хүрлээ, намайг хилс хэрэгт гүтгэж байна. Нэгэн цаг үед барилдаж байсан Хадбаатар аварга бий, дийлэхгүй болохоороо хэрэг тохоод шоронд оруулж байсан. Одоо Оюунболд гэж хүнийг залуу байна, бяртай байна, дийлэхгүй болохоороо ийм хэрэг үүрүүлчихье гэдэг утгаар энэ хүмүүс дайрч давшилж байгаа нь илт байна. Би допинг хэрэглээгүй, миний шээсийг сольсон байна. Энэ бүхнийг би хууль, хяналтын байгууллагаар шалгуулмаар байна" гэсэн юм.

Ц.Содномдорж:
Улсын арслан

-Эхлээд тусгайлсан өрөөнд ороход хоёр эмч сууж байдаг, хажууд нь хоёр хянагч, тэгээд баяр наадмын комиссоос нийт таван хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Хамгийн эхэнд анкет бөглөдөг, ямар юм идэж, ууж хэрэглэсэн бэ? гэдгийг бичнэ. Дараа нь хөшиг татсан өрөөнд орж, зодог шуудгаа тайлаад камерын өмнөөс харж шээдэг. Тухайн үед хоёр хянагч эмч хажууд зогсдог. 90-100 граммын хооронд шээгээд, шээсээ хоёр саванд хувааж хийгээд A,B гээд лацдаад хийдэг. Лацаддаг сав нь тухайн газраа очоод тусгай багажаар онгойлгодог сав байдаг. Бөхчүүд өөрсдөө хийгээд лацдаад тагладаг. Таван хүн тухайн шинжилгээ авч байгаа өрөөнд хянаад байж байдаг. Хүний шинжилгээг солино гэж байхгүй, давхар хяналтад байдаг, ямар ч боломжгүй шүү дээ. Хяналт тавьж байгаа таван хүнд эргэлзэх үндэслэл байхгүй гэж бодож байна. Давхар камерын бичлэг бичигдсэн байгаа. Хэрэв энэ таван хүнд эргэлзэж байна гэвэл давхар камерын бичлэг шүүх боломжтой. Бид нар өөрсдөө лацдаад, таглаад л өгөөд явуулдаг. Солонгост зориулалтын багажаар онгойлгодог гэдэг. Гэхдээ бид нарыг сайн шалгаарай гэж зөвлөдөг. Энэ та нарын лац шүү гээд үзүүлдэг.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж