“Монгол Улсад бизнес эрхлэхэд ямар хүндрэл, бэрхшээл тулгардаг талаар хувийн хэвшлийн байгууллагыг төлөөлөн яримаар байна” хэмээн Монголын бизнесийн зөвлөлийн дэд тэргүүн, Худалдаа, Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Рандолф Коппа хэмээн эрхэм Боао форумын “Бүс ба зам төслийг Хөгжлийн замтай уялдуулах" салбар хуралдааны үеэр хэлсэн юм.
Тэрбээр Монгол Улсад бизнес эрхлэхэд зам тээвэр, эрчим хүч гэх мэт суурь дэд бүтцийн асуудал тулгамдаж буйг онцолсон юм. Гэхдээ энэ бол зөвхөн Монгол Улсад тулгамддаг асуудал биш далайд гарцгүй хөгжиж буй нийт 32 оронд энэ асуудал хөгжлийн гол тулгамдсан асуудал болж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн билээ.
Гэхдээ энэхүү асуудлыг шийдэх боломжтой төсөл дэлхийн даяар зарлагдаад байгаа нь БНХАУ-ын "Нэг бүс-Нэг зам" санаачилга билээ. XXI зууны төсөл хөтөлбөр хэмээн нэрлэгдэж буй энэхүү төсөл Монгол Улсын “Хөгжлийн зам хөтөлбөр” хэрхэн уялдах боломжтой, ямар бэрхшээл тулгамдаж буй талаар Боао форумд оролцогчид санал бодлоо хэлэлцүүлсэн юм.
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХ Б.ЭРДЭНЭСАНАА:
"Хөгжлийн зам" хөтөлбөр нь 2015 онд боловсруулсан “Талын зам” хөтөлбөр, 2016 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гарын үсэг зурж, баталгаажуулсан “Эдийн засгийн коридор” төсөл зэрэг баримт бичгийн суурин дээр “Хөгжлийн зам” хөтөлбөр боловсруулагдсан.
Дэлхийн худалдааны томоохон зах зээл болсон хоёр хөршийн хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаанд Монгол Улс газарзүйн давуу талаа ашиглан түүнд нь оролцох зорилготой гарсан хөтөлбөр. Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай үзэл санаа, зорилгын хувьд харшлах зүйл байхгүй.
Засгийн газар, улс төрийн түвшинд шийдвэр нь гарчихсан, экспорт, хилийн худалдаа, чөлөөт бүсийг дэмжсэн шийдвэр гарчихсан бодит ажлыг гурван орны хувийн хэвшлийнхэн идэвхтэй хамтарч ажиллах хэрэгтэй байна. Учир нь, аливаа төсөл дээр төслийн эзэн байх ёстой тэр нь ОХУ, БНХАУ, Монгол Улсын хувийн хэвшлийнхэн байвал энэ төсөл үр дүнтэй хэрэгжинэ гэж харж байна. Хоёрт, Санхүүгийн механизм энэ төсөл хэрэгжихэд сайн ажиллах ёстой. Тухайлбал, Монгол талаас Хөгжлийн банк, ОХУ-ын талаас Евразийн хөгжлийн банк , Ерөнхийлөгчийнх нь дэргэдэх шууд хөрөнгө оруулалтын сан, БНХАУ-ын талаас Азийн дэд бүтцийн хөгжлийн банк зэрэг маш олон санхүүгийн байгууллагууд тухайлсан төсөл дээрээ санхүүжилтийн талаас нь дэмжиж ажилбал энэ ажил урагшилна гэж би хувьдаа итгэж байна.
CHINA COMMUNICATIONS CONSTRUCTION COMPANY LTD. INTERNATIONAL-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЧЕН ЗОН
БНХАУ-ын “Нэг бүс – Нэг зам” хөтөлбөрийг Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөртэй уялдуулах хэд хэдэн цэг байна гэж харж байна.
Тухайлбал, хоёр улсын бодлогын хэлхээ холбоо бий болчихсон гэж харж байна. Гэхдээ эрхзүйн зохицуулалтын хувьд ярилцах, хэлцэл хийх шаардлагатай. Хоёрдугаарт нь, санхүүгийн асуудал нэн чухал. Аливаа төсөл дээр хөрөнгө оруулагч дангаараа эрсдэлээ үүрвэл төсөл нурах аюултай байдаг. Иймээс төсөл хэрэгжүүлэх гэж буй талууд эрсдэлээ хамтран үүрэлцэх нь ёстой. Талууд хамтран санхүүжилтийн гарцыг хайх нь чухал. Үүнээс гадна төслийн хүрээнд зам барина гэж харвал их буруу төслийг цогцоор нь хэрэгжүүлбэл хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөж нь их байх болно. Мөн дотоодын мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах хэрэгтэй гэж хэлмээр байна.
ГХЯ-НЫ ГАДААД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ Т.БАТЦЭЦЭГ
Засгийн газрын түвшинд бодлогын хэлхээ холбоогоо уялдуулчихсан, хийх ёстой зүйлээ хийчихсэн байхад томоохон төсөлд аж ахуй нэгжийн оролцоо тун хангалтгүй байна. Мөн мега төсөл хэрэгжихэд санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болоод байна. Үүний зэрэгцээ дэд бүтцийн бүтээн байгуулалтаа аж үйлдвэрийн парк болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэргээр мега төслүүдийг цогцоор нь уялдаа холбоотой хэрэгжүүлэх нь хэрэгтэй гэдгийг онцолмоор байна.
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ДЭД ТЭРГҮҮН, ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ РАНДОЛФ КОППА
Монгол Улсад бизнес эрхлэхэд ямар асуудал тулгамдаж байдаг талаар хувийн хэвшлээ төлөөлж яримаар байна. Монгол Улсад бизнес эрхлэхэд бидэнд нэн тулгамддаг асуудал бол зам тээвэр, эрчим хүч гэх мэт суурь дэд бүтэц. Үүнийгээ юун түрүүнд шийдэх нь чухал. Учир нь зам харилцаа хөгжвөл Монгол Улс БНХАУ руу бараа бүтээгдэхүүнээ гаргах, цаашлаад зүүн зүг рүүгээ дэлхийн улс орнууд руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Харин БНХАУ Монгол Улсаар дамжин баруун зүг рүүгээ европын улс орнууд руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болно. Мөн БНХАУ-д сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ их байна. Тэр нь Монгол Улсад хангалттай нөөц бий. Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд БНХАУ-ын дэвшилтэт технологийн нэвтрүүлэх, үүнийхээ хариуд БНХАУ-ын жуулчдын эх орондоо татан, аялал жуулчлалаа хөгжүүлэх замаар эдийн засгаа солонгоруулж болно. Том төслийг Засгийн газар дангаараа санхүүжүүлэх хүндрэлтэй. Учир нь, ДНБ-д эзлэх өрийн хэмжээг өнөөдрийнхөө илүү нэмэгдүүлж болохгүй. Иймээс хувийн хэвшил энэ ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй. Миний харж буйгаар, Монгол Улс хөрөнгө оруулалт татах бүрэн уялдаа, холбоо байна гэж харж байна.
Томоохон төсөлд хувийн хэвшил оролцохдоо нэг бол хөрөнгө оруулалт татдаг, нөгөө бол зээл авдаг. Бидэнд тулгамддаг асуудал бол зээлийн эргэн төлөлт. Аливаа төслийг хэрэгжүүлэхэд түүнд мөнгөн урсгал заавал байх шаардлагатай. Хэрвээ тэрхүү мөнгөн урсгал байхгүй бол төсөл нурна.
Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэх явцад ашгаа өгч байх ёстой. Тэрхүү мөнгөн урсгалаар бид зээлээ эргэн төлөөд явах боломжтой. Хэрвээ Засгийн газар баталгаа гаргал бид төсөл оролцоход бэлэн байна.
МОНГОЛ ДАХЬ БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДАРГА ЯН ШИАОЧИ
Томоохон төсөлд хувийн хэвшил оролцоход зээлийн эргэн төлөлт хүндрэлтэй асуудал байдаг гэлээ. БНХАУ энэ асуудлыг маш оновчтой шийдэж чадсан. Бидэнд боомт бариад түүнийгээ ашигтай ажилуулсан туршлага байна. БНХАУ-ын зүгээс аливаа улсад зээл олгохдоо хатуу шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, бид зээлээ хэрхэн эргэн төлүүлэх вэ гэдгээ судлаж, байж олгодог.
Холбоотой мэдээ