Хийж бүтээе, өөрийнхөө хувь нэмрийг улсдаа оруулья гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй залуу үеийн төлөөлөлтэй уулзлаа. Түүнийг Батхишигийн Дөлгөөн гэдэг. Тэрбээр АНУ-ын Элчин сайдын яамнаас зарладаг “Олон улсын зочин манлайлагч хөтөлбөр”-ийн оролцогч, эдийн засагч, хот төлөвлөлтийн мэргэжилтэн, хувиараа бизнес эрхлэгч бас хоёр хүүхдийн ээж юм.
-Таныг багаасаа Англид амьдарч байсан гэж сонслоо, яагаад Монголдоо ирж суурьших болов гэдгээр яриагаа эхэлье?
-Анх долоон настайдаа Английн Лондон хот руу гэр бүлээрээ явж байлаа. Ээж маань эмч мэргэжилтэй хүн. Тэнд сурахаар болж, дүү бид хоёртой хамт явж байв. Үүнээс хойш хүүхэд нас, өсвөр үе, арван жил, Их сургуулийн он жилүүдээ Лондонд өнгөрүүлсэн. Их сургуулиа хөгжил судлал, эдийн засгийн чиглэлээр сурч төгсөөд 2008 онд Монголдоо ирж байлаа. Монголдоо ирж сууришихад манай аав, ээж хоёр маань их нөлөөлсөн. Учир нь хэдий би амьдралынхаа ихэнх хугацааг өөр улсад үдсэн ч Монголдоо ирэх бүртээ хөдөө их явдаг байсан. Аав ээж маань амралтаар хотод зүгээр суулгахгүй гээд майхантай аяллаар хөдөө дагуулж их явдаг байв. Эхэндээ би их дургүй байсан боловч одоо эргээд харахад энэ нь миний амьдралд маш том хөрөнгө оруулалт байжээ гэж боддог. Монгол ахуй амьдралтай ойроос танилцаж, ёс уламжлал, түүх соёлоо өөрийн биеэр мэдэрч эхэлсэн. Би чинь Монгол хүн гэдгээ илүү ойлгосон гэх үү дээ. Энэ л намайг Монголдоо ирж суурьшихад маш их нөлөөлсөн.
-Залуусын хувьд сургуулиа төгсөөд ажлын талбар дээр гарах, байр сууриа олох гэдэг амар биш. Ялангуяа өөрийн чинь хувьд Монголын нийгмээс хол, хүрээлэл багатай хэцүү байсан байх даа?
-Тэгэлгүй яах вэ, ядаж л би чинь Монголоор ойлгоод байгаа хэр нь их муу ярьдаг байлаа. Эхлээд хэлээ сайжруулах хэрэг гарсан. Уг нь би Лондонд байхдаа Монгол хэл дээр ном зохиол их уншдаг байсан. Монголд ирсэн хойноо ч хэлээ сайжруулах гэж их уншсан. Үүнээс гадна зөндөө асуудал тулгарсан.
Дөнгөж сургуулиа төгссөн хүн ямар их хүсэл мөрөөдөл, эрч хүчээр дүүрэн байдаг билээ. Би тийм л байсан. Тэр эрчээр Монголд ирж ажиллана гэдэг арай л огцом шийдвэр байсан. Надад найз нөхөд, танил тал гээд ямар ч хүрээлэл байхгүй, шинэ нийгэмдээ яаж дасан зохицохоо ч мэдэхгүй байв. Ажлын хүмүүс мэдэхгүй зүйлээ утас цохиод л хэн нэгнээс тусламж авчихна. Надад тийм хүрээлэл байхгүй учраас эхэндээ амар байгаагүй.
Нөгөө талаас нийгмийн хувьд үзэл бодлын зөрчилдөөн үүсч эхэлсэн. Энд бол зөв, буруу гэж байхгүй хүн өөрийнхөө дадлаар явдаг. Гэтэл би ингэх ёстой гэсэн үзлээр явах гээд байдаг. Үүнээс болоод би өөрчлөгдөх ёстой юу эсвэл тэр хүнд нөлөөлөх юм уу гээд баланс олох гэдэг их мэдрэмжийн асуудал болсон. Ингээд хэлчихвэл яах бол, тэр хүн яаж хүлээж авах вэ гээд өөрийнхөө бодож байгаа зүйлд их эргэлздэг байв. Одоо бол тэр үетэй харьцуулахад ямар ч байсан арга эвээ олчихоод байгаа. Хамгийн гол нь аливаа зүйл харагдаж байгаа шиг ээ биш, асуудлын хар цагааныг олох ёстой, хүн өөрийнхөө үзэл бодолд бат зогсох ёстой гэдгийг ойлгосон.
-Ингэхэд сургуулиа төгсөж ирээд хаанаас ажлын гараагаа эхэлсэн юм бэ?
-Миний CV-ийг харах юм бол их гайхах байх аа. (Инээв) Оюутан байхдаа би Монголдоо ирж, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр дээр дадлага хийж байсан. Эндээс бодлогын хүрээний ойлголттой болж эхэлсэн. Энэ маань цаашдаа ажиллахад их нөлөөлсөн. 2008 онд сургуулиа төгсөж ирээд ажлын гараагаа Хүмүүнлэгийн байгууллагаас эхэлж байв. Энэ салбарт ороод хийсэн зүйл байгаа ч надад их сэтгэлийн дарамт байсан. Тэр нь юу гэхээр Англид бол “Ажлаа гэртээ авч ирдэг хүмүүс” гэсэн ойлголт байдаг. Энэ нь ажлаа хийгээд гэртээ ирсэн хойноо ч тархи нь байнга ажилладаг, өөрөөр хэлбэл өөрийгөө чөлөөлж, амарч чадахгүй байгаа хүнийг хэлдэг. Би тийм байсан. Төсөл маань хурдан морь унаж байгаад хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхэд, Налайх дүүргийн амьдралын боломж нэн тааруу айл өрхүүд, Нийслэлд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах зэргийг санхүүжүүлдэг байсан. Үүнд би өөрөө их идэвхтэй оролцоно, сүүлдээ нөгөө хүүхдүүдээ бодоод сэтгэлээр унаж, бараг гутралд орсон. Хоол идэж, унтаж амарч чадахгүй. Тэдний төлөө миний хийж чадах зүйл маш бага юм байна гэдэгтэйгээ эвлэрч чадахгүй, нэлээн стресст орсон.
Нөгөөтэйгүүр, ийм сайн дурын ажил хийхэд санхүүжилт их хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Энд гурван жил ажилласан. Ингээд өөрийгөө өөр талаас нь сорьж үзэхээр шийдэж, барилгын салбарт орсон. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид “Олон улсын бизнсеийн хөгжлийн хэлтэс”-т ажиллаж эхэлсэн. Гаднаас хөрөнгө татах зорилготой, татсан хөрөнгөө зөв хэрэгжүүлэхэд оролцдог багийн ажил байв. Хүмүүнлэгийн байгууллагад ажиллаж байхдаа би Монголынхоо амьдралын гүнд орсон гэж болно. Хүмүүс яаж амьдарч байна, амьдрал ямар хэцүү байна, хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байна гээд.
Харин барилгын салбарт ажиллах болсноор Монголоо гадаад хүмүүсийн харж байгаа нүдээр гаднаас нь харах боломжтой болсон.
Эндээс юу ойлгосон гэхээр хөрөнгө оруулалт татлаа гэхэд зөв зүйлдээ зарцуулахгүй л бол юунд ч наалдахгүй гэдгийг харсан. Зайсангийн үнэтэй орон сууцнуудад дэд бүтэц, бохирын хоолой, цахилгаан сантехник гээд үнэтэй хөрөнгө оруулалтууд татаад байдаг гэтэл нөгөө талд энүүхэн гэр хороололд хүмүүс боловсон нойлын асуудлаа ч шийдэж чадахгүй байна гээд хөгжил судлалын мэргэжилтэйгээ холбож их боддог байсан.
-Үүнээс болоод барилга, хот төлөвлөлтийн мэргэжлээр сурах болсон юм уу, эндээс юу олж мэдсэн бэ?
-Энэ бас нөлөөлсөн. Гэхдээ гол нь хувийн амьдралаа зохиож, ээж болоод надад хэсэг зав гарсан юм. Энэ хугацааг ашиглаад дахиж сурахаар шийдсэн. Тэгээд Лондон явж хот, бүс нутгийн төлөвлөлт мэргэжлээр мастерт сурсан. Мэдээж өөрийгөө дахин цэнэглэх, эрч хүч сэлбэх цаг хугацаа байсан. Монголдоо ирээд ажиллаж байсан барилгын компанийхаа өөр салбарт сурсан мэргэжилтэйгээ ойр хотхон төлөвлөлтийн зохицуулагчаар ажиллах болсон. Энэ нь инженерчлэл, архитектур, интерьер дизайн, дэд бүтэц, ландшапт дээр нь төрийн удирдлагын түвшинд гээд асуудлыг зохицуулах ажил байсан. Өнөө үед хот төлөвлөлт гэхээр зураг зураад газарзүйн хуваариалалт хийхээс илүүтэй бодлого боловсруулдаг мэргэжил болж хувирсан. Дэлхийн чиг хандлага ч ийм байна. Хөгжлийн хүрээнд байгаа байдлаа улам сайжруулах зорилготойгоор бодлого дээрээ эхлээд төвлөрөх ёстой юм байна. Тэгээд тэр бодлогынхоо хүрээнд газарзүйгээ хуваарилах юм. Ингэхдээ хүмүүсийн ая тухтай, тааламжтай амьдрах нөхцөл боломжийг маш сайн хангах ёстой. Энэ ойлголт дэлхий нийтээр дэлгэрч байх үед би сурч төгссөн.
-Уг нь бол ном ёсоор ийм байх ёстой байдаг. Гэтэл Монголд бодит байдал ямар байгаа вэ, ер нь мэргэжлийн хүний хувьд харахад манайд хот төлөвлөлт гэж байна уу, зөв зохион байгуулалтаар явж байгаа юу?
-Энэ талаар яривал Ерөнхий хот төлөвлөлтийн хүмүүсийг шүүмжлэх гээд байдаг.
-Яагаад болохгүй гэж, мэргэжлийг нь эзэмшсэн иргэн хүний хувьд үзэл бодлоо илэрхийлж болно шүү дээ?
-Би яг нийслэлд орж ажиллаагүй болохоор шууд миний харсанаар гэж ярих боломжгүй. Гэхдээ зөвшөөрөл, мэдээлэл авах гээд салбарын хүмүүстэй харьцаж, нийслэлд амьдарч буй хүний хувьд яривал манайд хот төлөвлөлт гэж байхгүй. Нуулгүй хэлэхэд Нийслэл хотын төлөвлөлт “Шок”-нд орчихсон. Миний мастерийн сэдэв бол Resilience буюу “2030 оны хотын Ерөнхий төлөвлөгөө гадны нөлөөнд хэр дасан зохицож, шинэчлэгдэж дараагийн түвшинд очих чадвартай систем дээр үндэслэж хийгдсэн төлөвлөгөө вэ?” гэдгийг судлах байсан. Үүнийг энгийнээр тайлбарлавал, надад гаднаас ямар нэгэн шок мэдрэгдэх юм бол түүнийг би хэрхэн даван туулж, хариу нөлөө үзүүлэх вэ гэдгийг тодорхойлдог концепци байхгүй юу.
2000 оны эхээр Монголд их зуд болсон. Малчид маань хамаг малаа зуданд өгөөд нэг л өдөр хот нь харлачихсан. Ажилгүй, орлогогүй хүмүүс чинь аргагүйн эрхэнд хот руу бөөн бөөнөөрөө ирж суурьшсан.
Тэгээд “Амгалан” хороолол гэж бий болсон. Сүүлдээ айлууд уул нүхлээд хүртэл амьдрах болсон. Ингээд бүртгэлгүй, газар эзэмших эрхгүй хүмүүс ихээр нүүж ирэхэд тэнд хүүхдийн сургууль, цэцэрлэг байхгүй, эмнэлэг цагдаагаас эхлээд гэрэлтүүлэг, ариун цэврийн асуудал гээд хүний амьдралын орчин бүрдүүлэх зүйл огт байгаагүй. Гэнэт ийм олон хүний давалгаанд хот шоконд орчихсон. Хот төлөвлөлт тэднийг ерөөсөө шингээж авч чадаагүй. Уг нь мастер төлөвлөгөө ийм эрсдэлийг тодорхой хэмжээнд тооцож гаргасан байх ёстой.
-Одоо бол манай Нийслэл шокын байдалтай байгаа юм байна, тийм үү?
-Өө жил бүр шоконд орж байгаа. Үүнд нөлөөлж байгаа өөр нэг зүйл бол Нийслэлийн газрын үнэлгээний асуудал. Энэ талаар хамаагүй ярьж болохгүй байх. Гэхдээ өнөөдөр газрын үнэлгээ, эзэмшил гэдэг зүйл тодорхой бус яваад байна.
Энэ газрыг хэн эзэмшдэг вэ, ямар зорилгоор хэр хугацаанд яаж ашиглах боломжтой вэ гэдэг асуудлууд тодорхой бус, системийн гажуудалтай байгаа учраас зай гарангуут барилга барьчихдаг, замбараагүй байшин барилгууд болчихсон. Үүнээс болоод ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломж алдагдаж байна.
Төр засаг иргэдээ бодохоос илүү эдийн засгийн эргэлтийг хиймлээр бий болгож байна гэсэн үг. Барилга баричихлаа, барилгын компанид ашигтай, ажилчид нь орлоготой гээд уг нь сайн. Гэхдээ нөгөө талаар хот төлөвлөлтийн горим алдагдаад байна. Ард иргэдэд амьдрахад ачаалалтай, төвөгтэй байна.
-Үүнийг яаж шийдэх ёстой вэ, Нийслэлийн хувьд хамгийн их тулгамдаж буй асуудал энэ байна, иргэдийн бухимдлыг ч их төрүүлдэг?
Миний бодлоор зоночлол буюу бүсчлэл гэдгийг шинэчлэх ёстой. 2030, 40 оны Хот төлөвлөлтийн ерөнхий мастер төлөвлөгөөг шинэчлэх цаг нь болсон. Миний хувьд төрийн бодлогыг үгүйсгэдэггүй. Даанч хэрэгжүүлэхдээ доголдоод байдаг гэж хардаг. Үүнд өөрийн гэсэн багахан хувь нэмрийг оруулах зорилгоор өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлүүлээд нэг ажил хийгээд явж байна. Надтай адил хот төлөвлөлтийн мэргэжилтэй үеийн залуусаа нэгтгээд төлөвлөгч нарын бүлэг үүсгэсэн. Яваандаа Төрийн бус байгууллага болж ажиллана. Салбарын хүмүүстэйгээ танилцах, улмаар нэгэндээ тусалж, мэдээлэл солилцож, хамтарч хөгжих зорилготой. Зарчим нь бол чиглэл чиглэлээр салбарын хүмүүсийг урьж, уулзалт хийх юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод тулгарч буй асуудлыг тус бүрээр төвлөрч ярих, түүнд оролцож буй төрийн болон төрийн бус байгууллагаас оюутан судлаач, мэргэжилтнүүдийг нэгтгэх гэсэн санаа. Бидний хийж буй ажлын гол зорилго нь бодлого боловсруулж, шийдвэр гаргах түвшний салбарын хүмүүст мэдээлэл өгөх, байгаа байдлыг ил гаргаж тавих, шийдэлд хүрэх юм. Сайд дарга нар мэргэжлийн хүн байх албагүй. Гол нь иргэдийн амьдралаас тасрахгүй, бодит байдлын талаарх мэдээлэлтэй байх ёстой болов уу. Энэ ажил маань маш үр дүнтэй явж байгаа.
-Олон улсын зочин манлайлагч хөтөлбөрт оролцоод ирсэн. Эндээс юу олж мэдэв, шинээр олж харсан зүйл юу байв?
-АНУ-ын Элчин сайдын яамнаас уг хөтөлбөрт оролцох хүнээ сонгох ажлыг зохион байгуулдаг. Харин зочин хөтөлбөрийг дотоод хэргийн яамнаас санаачлаад 80-аад жил болж байгаа юм байна лээ. Жил бүр дэлхийн олон орноос тухайн салбартаа манлайлж буй нэг хүнийг сонгоод зочин хөтөлбөрт урьдаг. Энэ нь олон улсад ажиллаж байгаа нэг салбарын хүмүүс нэгдэж, нэгнээсээ суралцах, холбоо тогтоох, хамтарч ажиллах боломжийг нээх зорилготой юм. Миний оролцсон хөтөлбөрт 53 улсын манлайлагч эмэгтэйчүүд оролцсон. Биднийг юу нэгтгэж байсан бэ гэхээр бид нийгмийн хариуцлагатай бизнес эхлүүлсэн хүмүүс байсан. Эндээс би аль улсын иргэн бай, зорилго төлөвлөгөө ямар ч байсан хүн бол хүн л бол юм байна. Тэр дундаа бүсгүй хүн бол бүсгүй хүн л байдаг юм байна гэдгийг ойлгосон. (Инээв) Бид бүгдээрээ ар гэрээ, үр хүүхдээ хайрлаж халамжлах ёстой. Үүний хажуугаар одоо байгаа нөхцөл байдлаа яаж сайжруулах вэ гэж үргэлж боддог юм байна. Гэхдээ зориг жаахан дутдаг. Миний хувьд аливаа ажил хийхдээ ингэвэл яах бол гэсэн үргэлж айдастай явдаг байсан. Гэтэл миний цаана дахиад 52 эмэгтэй бас ингэж боддог байсныг мэдэж авсан. Эмэгтэйчүүд бидний зовлон, жаргал бүгд адил байсан. Эндээс би өөрийгөө зөв замаар явж байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн. Би ганцаараа биш, айдсаа даван туулж, зүтгэх ёстой гэдгийг мэдсэн.
-Гарааны бизнес эрхэлдэг гэсэн. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бол?
-Нэг бизнес маань одоо бидний сууж байгаа энэ ресторан. Эрүүл хооллолтыг чухалчилдаг. Үүнээс гадна би өөрөө урлагт их дуртай. Тиймээс урлагийн салбарын хүмүүсийг дэмжихийг хүсдэг. Энэ үүднээс бүтээлч чиглэлийн хүмүүс энд цуглах орон зай гэдэг санаагаар ажиллуулж байна. Уран зураачид энд бүтээлээ авч ирээд үнэгүй үзэсгэлэнд тавьж болно, зараад 100 хувь өөрөө ашгаа авна. Эсвэл дуучид байвал манайд ирээд тогло, таксаа та нар авна. Мөн гарааны бизнес эрхэлж буй хүмүүс янз бүрийн эвент, арга хэмжээнүүд үнэ төлбөргүй зохион байгуулж болно, би туслая гэх мэт бусдыг дэмжих зорилготой байдаг. Тийм учраас энэ бизнес, ажилдаа би хайртай. Хааяа оройд хоосон, хаяа дүүрэн болчихсон байдаг. Өөр нэг бизнес маань интерьер, ландшаптын дизайны компани хүнтэй хамтарч байгуулсан. Миний бас нэг сонирхол тавилга. Тавилгын дизайнер болно гэж арван жилдээ мөрөөддөг байв. Энэ компанийхаа дэргэд тавилгын жижиг үйлдвэр мөн нээсэн. Одоо орчин үед минималист амьдралын хэв маягийг чухалчлах болсон. Хэт нүсэр тавилга, хэрэгслээс зайлсхийж байна. Тиймээс бидний үйлдвэрлэж буй тавилгууд минималист хэв шинжийг агуулсан, өнгөлөг, шинэлэг, загварлаг байдаг. Сонирхуулаад ярихад, бид амралтын өдрүүдэд үйлдвэрээ “work shop” болгодог. Сандал чинь эвдэрчихвэл битгий хая, аваад ирээ бид яаж засдагийг зааж өгье. Аав нь хүүгээ дагуулж ирээд хамтдаа гараар юм хийж сур. Эвдэрчлээ гээд хаях биш дахин ашигладаг больё гэсэн санааг дэмжих зорилготой. Дэлхий даяар хогоо дахин ашиглах, усаа гамнах, хэмнэлттэй амьдрах гээд хөдөлгөөн өрнөж байна. Бид үүнээс яагаад хоцрох гэж. Энэ чинь эдийн засагт хэмнэлтэй, байгаль орчинд ч ээлтэй шүү дээ.
-Үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Энэ олон ажлыг яаж амжуулж байна вэ, цаг хүрэлцэж байна уу?
-Хүрэлцэхгүй байна. Ер нь их бага унтаж сурсан. Гэхдээ унтаж, амрах ёстой гэдгээ сайн ойлгож байгаа. Хүүхдүүд, гэр бүлийнхээ төлөө эрүүл байх хэрэгтэй. Тийм болохоор хамгийн гол нь хувийн зохион байгуулалт маш сайтай, аль нь чухал вэ гэдгээ ялгаж салгадаг болсон гэх үү дээ. Гэхдээ суралцаад л явж байна. Хэдий завгүй ч гэсэн дотны хүмүүстэйгээ байнга уулзахгүй юм аа гэхэд ядаж утсаар ярьж, холбоотой байж, санаа тавихыг хүсдэг дээ.
-Их ажлын хажуугаар цаг зав гаргасанд баярлалаа!
Холбоотой мэдээ