Ажил хэрэгч хотын хэв маягт тохирсон CU конвенинс сүлжээ дэлгүүр нийслэл хотын өнцөг булан бүрт найрсаг харилцаа, тав тухтай үйлчилгээгээрээ хэрэглэгчдээ танигдсаар нэг жил өнгөрчээ. Нэг жилийн ойн өдөр CU конвенинс сүлжээ дэлгүүр Бизнес плаза төвд тавь дахь салбарынхаа нээлтийг хийлээ.
Ойн баяраа тохиолдуулан нар мандахтай зэрэгцэн нийслэл хотоо цэвэр цэмцгэр болгохоор ажилладаг ТҮК-ийн ажилчид, хөдөлгөөний аюулгүй байдал сахиулж байгаа замын цагдаа нар, 24 цагийн эмийн сангийн жор баригчид, оффисын харуул хамгаалалтын албаныхан, автобус хүлээн зогсох эртэч хүмүүст ягаан хантааз өмссөн CU сүлжээ дэлгүүрийн охид хөвгүүд халуун цай кофе, кит катын шоколадтай жигнэмгээр дайлж байлаа. Ингээд тус компанийн Гүйцэтгэх захирлын сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэе.
Г.ЧИНЗОРИГ: CU ӨДӨР БҮР ГУЧИН МЯНГАН ЭЕРЭГ УУР АМЬСГАЛ ТҮГЭЭЖ БАЙНА
Монголын бизнесийн орчинд шинээр орж ирж байгаа хүчтэй, залуухан удирдагчдын нэг бол “Сэнтрал Экспресс СИВИЭС” компанийн Гүйцэтгэх захирал Ганболдын Чинзориг.
ШУТИС-ийн КТМС-д программ хангамж, АНУ-ын Луйвиллийн их сургуульд Бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан. Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаад Монголын барилгын материал үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэгч Премиум группт Бизнес хөгжлийн захирал, одоо Сэнтрал Экспресс сивиэс /CU/ компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.
–Та мэдээллийн технологийн мэргэжилтэн юм байна. Премиум групптэй холбогдсон түүхийг сонирхъё.
–Би харилцаа холбооны салбарт байхдаа А.Ганхуяг захиралтай салбарын бодлого боловсруулах асуудлаас улбаалан өмнө нь танилцчихсан байсан. Надад хэлэхдээ, олон төрлийн бизнес байна, юуг өөрчилж үр өгөөж гарган, амжилттай ажиллаж чадахаар байна гээд ажлын санал тавьсан юм. Мэдээж надад олон хүнтэй компани удирдах туршлага байгаагүй л дээ. Хөрөнгө оруулагчийн зүгээс харвал, их хэмжээний хөрөнгө оруулалтаа туршлага багатай хүнээр удирдуулна гэдэг бол маш их итгэл, энэ бизнесийг хийж чадна гэж харж байгаа хэрэг байх. Нөгөө талаас зах зээл дээр мэдээллийн технологи бизнесийнх нь үндсэн ялгарал, өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлнэ гэж үзсэн учраас технологи сайтар ойлгодог удирдлага хөрөнгө оруулагчдад чухал байсан байх. Анх групптээ Бизнес хөгжлийн захирлаар ажиллаж эхэлсэн.
–Премиум групп тун бага хугацаанд өндөр өсөлттэй яваа компаниудын нэг. Тантай ярилцсаных, танай группийн хурдтай өсөлтийн талаар сонирхъё.
–Премиум группын бизнесийн хөгжил 2 зүйлээс хамааралтай. Нэгдүгээрт, алсын хараа урт хугацааны хөгжлөө харж чаддаг. Монголын зах зээл дээр богино хугацааны шок, хэт том тэлэлт, гэнэтийн хөөсрөлтүүд үүсэхэд буруу тактик хэрэглэж, бид хэн бэ гэдгээ алдаагүй. Тийм учраас эдийн засаг яаж ч хөрвөсөн, тогтвортой хурдтай өсч чадаж байгаа. Хоёрдугаарт, бизнесийн ёсзүйгээ чанд баримталдаг. Ямар ч харилцагч үйлчлүүлэгчтэй шударга, зөв, нээлттэй харилцахыг эрхэмлэдэг. Ингэснээр урт хугацаандаа харилцагчдын дэмжлэгийг авдаг. Тийм учраас Премиум групп 9 жилийн хугацаанд хурдацтай амжилтанд хүрч байгаа.
–Таны удирдаж байгаа CU тавь дахь дэлгүүрээ нээлээ. Монголын зах зээлд жилийн дотор 50 дэлгүүр нээнэ гэдэг бол санаанд багтамгүй зүйл! Туршлага байсан уу?
–Хотын төвийн байршилд Сентрал экспресс дэлгүүрээр 3 жил ажилласан туршлага байсан. Олон оронд конвенинс дэлгүүрийн брэндүүд байгаа ч, CU-г сонгосон шалтгаан нь Монголын аялал жуулчлалын цэстэй холбоотой. Монголчууд Бээжин, Сөүл, Хонгконг, Токио, Москва руу хамгийн олон зорчдог. Тийм учраас орчин үеийн хамгийн сайн конвенинс сүлжээг оруулж ирье, хамгийн ойрхон нь Солонгос, тэндхийн зах зээлд тэргүүлэгч нь CU байсан. Бид франчайз эрхийг авахдаа Монголыг Солонгосын зах зээл дээр сурталчлахаар тохиролцож чадсан. Монголыг хөдөөд аялдаг, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг л гэж мэддэг юм билээ. Тийм учраас CU-н Солонгос дахь 13 мянган салбар дэлгүүрээр Монголын бараа бүтээгдэхүүнийг борлуулж, Монголыг сурталчилахаар тохиролцсон. Бидний харж байгаа том өнцөг бол энэ. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, тасралтгүй нийлүүлэлт хийх зэрэг Солонгосын талаас тавьсан шаардлагууд бий, судалгааны ажлууд хийгдэж байна.
–CU конвенинс дэлгүүр Монголд анхдагч. Жижиглэнгийн зах зээл дээр амжилт олох амаргүй. Конвенинс дэлгүүр байгуулах шалтгаан нь юу байсан бэ?
–CU-г нээх эхний сэдэл бидний өөрсдөөс төрсөн. Бид нар маш их ажилладаг. Ажил дээрээ зарцуулж байгаа цагаа бүтээмжтэй байлгах нь нэн чухал байсан. Бусад орнуудад яагаад бүтээмжтэй байна гэхээр тэр нь конвенинстээ байна. Өлссөн үед гялс ойрхноос эрүүл хоол хүнс боломжийн үнээр авчих, маузных нь баттерей дуусахад 5 минутын газар тэр нь байж байх гэхчлэн энэ бүхэн бүтээмжийг дээшлүүлдэг. Манайд энэ чиглэлийн үйлчилгээ шаардлагатайг бид анзаарсан. Эдийн засаг дээш доошоо өсөлт бууралттай байдаг ч, гол нь бүтээмж хамгийн чухал. Премиум групп эх орныхоо бүтээмжийг нэмэхэд юу хийж чадах вэ гэвэл, бид конвенинс хийж чадна гэж үзсэн. Хүссэн, хэрэгцээтэй бүхэн нь өдөр шөнийн аль ч цагт тавхан минутын цаана байх юм бол бүтээмж өснө. Мэдээж, дэлгүүр нээнгүүт гэнэт бүтээмж өсөхгүй л дээ. Маш олон дэлгүүр сүлжээ байдлаар байршаад, CU-д хүссэн зүйл нь байдгийг хүмүүс мэдсэний дараа бүтээмжид нөлөөлж эхэлнэ. Бид бизнесээ 15-20 жилээр харж байгаа.
–Жилийн дараа харахад, бизнес хэр амжилттай байна вэ?
–Байршлуудаа харахад бизнесийн төв, оффисын хэсгүүдэд их сайн байна. Төвийн хэсэгт хүмүүс маш их ажилладаг, ялангуяа оройн цагаар 30 гаруй насны залуус суудаг нь анзаарагдаж байна. Манай хот өөрөө жижигхэн, бие биенээ таньж мэддэг. Ресторанд орж хүлээхгүй ёстой амар, цаг хэмнэж байна гэдэг үгийг сонсч байна. Жишээ нь, маш их ядарчихсан хүн үдийн цайгаараа CU-д ороод хурдхан хооллоод, 30 минут унтаад сэрэхэд үдээс хойшх хөдөлмөрийн бүтээмж нь их сайжирдаг.
–Хүмүүс конвенинс дэлгүүрийн үйлчилгээг нийгэм гүйцэд ойлгоогүй нь анзаарагддаг. Том группууд яагаад жижиглэнгийн зах зээл рүү орж байгааг ч гайхах нь бий.
–Конвенинс дэлгүүрийн бизнесийн зан төлөв ажил хэрэгч хүмүүст зориулсан, илүү төвийн бизнес байршлуудад төвлөрч байгаа. Хэрэглэгчийн зан төлвийг ойлгуулахын тулд жишээ авъя. Үйлчлүүлэгч долоо хоногт нэг удаа супермаркетуудаас хоол хүнсээ цуглуулдаг. Өөрөөр хэлвэл огт өөр хэрэглээ, агуулахын худалдан авалт тэнд явагдаж байна. Статистик харж байхад Номин, Сансар, ИМарт зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд нийлээд өдөрт гучин мянган хүнд үйлчилдэг гэж байсан. Тэгвэл манай тавин салбар өдөрт гучин мянган хүнд үйлчилдэг. CU бараа зарахаас илүү хүн хоорондын харилцаан дээр суурилдаг. ИМартад очоод өдөр бүр нэг хүнтэй таарахгүй, лангуун дээрх бараатай илүү харилцаж байгаа бол оффисын хажууд, гэрийн доор өдөр шөнөгүй нээлттэй, үйлчлүүлэгч олон давтамжтайгаар хүссэн үедээ ороод касс залуутай танил нөхөд шиг болчихсон байдаг. Шинэ бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч ярилцдаг, харилцаан дээр суурилсан үйлчилгээ. Онцлог нь энэ. Манай дэлгүүрт сагс бараг ашиглагддаггүй, худалдан авалт нь хоёр гартаа багтах хэмжээний жижигхэн юмс байдаг. Гол нь манай үйлчлүүлэгчид давтан худалдан авалт хийдэг. Одоо нэг дэлгүүрийн дундаж наслалт 3 сар байгаа. Тэр дэлгүүрт их бараа зарахдаа биш, соёлыг нутагшуулж, , байнгын үйлчлүүлэгчидтэй, тогтвортой урт хугацааны харилцаа үүсгэх нь бидний зорилго.
–Соёлыг нутагшуулснаар компанийн урт хугацааны хөгжилд чухал гэдэгтэй үнэхээр санал нийлж байна.
–Манайх нийслэл хотоо илүү ажил хэрэгч хот болгох, хүмүүсийг инээмсэглэн угтаж, халуун дотно мэндчилж, эерэг сэтгэгдэл түгээхийн төлөө ажилладаг. Энэ нь цаашаагаа ажил хэргийн уулзалт, хотын уур амьсгалд ч нөлөөлнө гэж тооцож байгаа. Нэг талаас CU өөрийнхөө брэндингййг хийх гээд байгаа юм шиг боловч бүр цаад зорилго нь манай дэлгүүрээр ороод гарч байгаа хүн бүр эерэг мэдрэмж аваад, Улаанбаатарт энэ нь түгэн, тархаж байх ёстой юм. Бид жижиг дэлгүүрийн бизнес эрхлэгчдэд үйлчилгээний соёл, дотоод цэвэр цэмцгэр байдал, бараагаа яаж өрвөл хүнд ойлгомжтой харагдах, ямар төрлийн барааг хүнд зарах нь зөв байдаг гээд үлгэр дуурайлал үзүүлж байгаа гэж бодож байна.
–Бизнест байршил их чухал. Гол гол байршлуудаа авчихсан уу?
-Хэдэн цэг дутуу байгаа. Гэхдээ шинэ шинэ барилгууд баригдаж, хотод гэнэтийн төлөвлөлтүүд хийгддэг учраас зарим нэг байршлаа хөдөлгөж мэднэ. Мэдээж CU-г нээхийн өмнө хэн энд байна, хэдэн хүн зорчиж байгааг судалдаг. Яг нээсний дараа жинхэнэ үйлчилгээний урсгал харагддаг учраас аль нь зөв вэ гэдгийг мэдэхийн тулд олон алдаа гаргах шаардлагатай байсан. Нилээд их алдаа гаргасан уу гэвэл гаргасан. Байршил ярьсных нэг зүйлийг хэлье. Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ хэт хөөсөрсөн, өндөр үнэтэй байна. 50 дэлгүүрийн эргэн тойрноо ажиглаж, судалгаа хийдэг. Зүй тогтол шахуу зүйл бол жижиг дунд бизнес эрхлэгч амжилт олно гээд засч тохижуулаад, өндөр үнэтэй түрээсийн байр ашигладаг. Гэтэл, таваас зургаан сарын дараа алдагдалд орж, түрээслэгчиддээ үнээ бууруулах санал тавина, хоёроос гурван сарын түрээсээ төлөлгүй гарч байгаа нийтлэг үзэгдэл байна. Бизнес ч үгүй, эзэн мөнгө ч олсон юмгүй, ёолкны гэрэл асч унтарч байгаа юм шиг тогтворгүй маш буруу цикл явагдаж байна. Үл хөдлөхийн эзэн тэр бизнесийг хөл дээр нь тогтоох хүртэл хамтдаа байвал урт хугацаандаа өөрт нь үр өгөөжтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.
–Манай зах зээл үнэндээ жижиг. Гэтэл хотын төвийн үнэтэй байршлуудад орчин үеийн стандарт шаардлага хангасан тавин салбар нээнэ гэдэг бол бизнесийн эр зориг л юм даа.
–Бизнесменүүд ийм дэлгүүрийн хэрэгцээ байгааг мэддэг. Гэхдээ урт хугацаанд зорилт тавиад, эрсдэл хийх, урт хугацааны их хэмжээний алдагдлыг даваад гарах уу л гэдэгт байгаа байх. Би уул уурхай руу мөнгө хийчихвэл маш хурдан өгөөж авна гэдэг өнцгөөс харвал энэ бизнесийг хийхгүй. Гэхдээ эх орныхоо нийслэлийг ажил хэрэгч хот болгон, хүний цагийг хэмнэж, бүтээмжтэй Монголыг бий болгох нь Премиум группийн нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр, бидний хүсэл эрмэлзэл юм. Хүсэл эрмэлзэл байгаа учраас хөрөнгө мөнгө, цаг зарцуулж байна. Тэр хэмжээгээр хурдтайгаар түрүүлж алхаж байгаа. Мэдээж, алдагдлыг даах санхүүгийн эх үүсвэр чухал. Хөрөнгө оруулалтын орчин дээрээ маш тэвчээртэйгээр удаан хугацаанд харж хийж байгаа бизнес. Манай компани богино хугацаанд 900 гаруй хүнийг тогтмол орлоготой болгохын зэрэгцээ улсынхаа хөгжилд татвараас дамжуулан 1.5 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.
–Жил ажилласан байна. Хүлээлтэд хүрч байгаа юу?
–Бид өөрсдийнхөө хүссэн хэмжээнд үр дүнгээ гаргаж амжаагүй байгаа. Манай үйлчлүүлэгч хэн бэ, тэд юу хүсч байгаа вэ гэдгийг илүү нарийвчилж харахаас эхлүүлээд цаг хугацааны явцад туршлагажиж, бизнесээ харах өнцөг маань илүү тодорхой болж байна.
–CU-н түгээлтийн систем маш оновчтой гэж албаны хүмүүс ярилцаж байхыг сонссон. Энэ туршлагаасаа бусдад хуваалцахгүй юу?
–Өмнө нь Сентрал экспресс дэлгүүрийг ажиллуулж байсан туршлагатай холбоотой. Гурван зуу орчим нийлүүлэгчтэй, өдөрт 20-30 машин түгээлтээр ирнэ. 7 хоногт 2 удаа ирнэ гээд хотын төвийн жижиг, үнэтэй талбайг овоолсон их бараатай болгочихдог. Гол хэдэн бараагаар дүүргэчихээр бусад бүтээгдэхүүний сонголт багасдаг. Конвенинс дэлгүүрийн хамгийн чухал зүйл нь түгээлтэндээ байдаг. Бид агуулах дээрээ ханган нийлүүлэгчдээсээ бараагаа аваад өөрсдийн нэг л түгээлтийн системээр өдөр бүр хүргэдэг. Хотын утаа, түгжрэл гээд нийгмийн олон асуудалд нааштай нөлөө үзүүлэхээс гадна давхцалтай өгөөжгүй хөрөнгө оруулалтыг бууруулж байна. Манай дэлгүүрт ажиллаж байгаа хүмүүс бараа дуусчихлаа гэж санаа зовохгүй, өдөртөө татдаг. Мөн агуулахаар нь бараа хөглөрөхгүй, эцсийн эцэст хэрэглэгчдийн сонголт ихэсч байгаа юм. Энэ бол манай өрсөлдөх чадварын гол үзүүлэлт. Тэгэж байж манайх хотын төвийн маш өндөр үнэтэй талбайнуудыг үр ашигтай ажиллуулах боломж бүрдэнэ. Импортын бараа бага хувь эзэлдэг, нэрийн брэндийн GET кофе болон Heyroo брэндийн бүтээгдэхүүнийг л бид импортолдог. Дотоодын гурван зуун ханган нийлүүлэгчтэй хамтран ажилладаг.
–CU-н лангуун дээр шинэ хоол хүнс, хөнгөн зууш, салат байж байдаг. Танай хүнс үйлдвэрлэл зах зээл дээр нэр хүнд сайтай байгаа. Өөрсдөө үйлдвэрлэдэг үү?
–Уг нь бизнес бүгдийг өөрөө хийх биш, сайн үйлдвэрлэгчидтэй хамтарвал илүү хурдтай явна. Гэтэл, манайх хоол үйлдвэрлэл рүү орсон. Яагаад гэвэл, хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан 24 цагийн настай, их хэмжээний хоол үйлдвэрлэгч байх ёстой. Хамтрахаар орж ирсэн ресторануудын арга барил, үйлдвэрлэлийн орчин, менежментийн тогтолцоо зэргийг судлахаар масс үйлдвэрлэлд тохирох эрүүл ахуйн дадалгүй, манай тавьж байгаа шаардлагад тэнцэхгүй байсан. Үйлдвэрлэгчийн ариун цэвэр, ажлын хувцасны ариутгал, түүхий болон болсон хүнс үйлдвэрлэл дэх бидний тавьдаг шаардлага маш өндөр. Манай хоол үйлдвэрлэлийн хэсэгт бүх хувцас битүү, нүдний шил нь л цухуйж байгаа байх. Зөвхөн алчуур гэхэд тавцан арчих, сав суулга арчих гээд бүгд тус тусдаа байх жишээний. Өдөр болгон их хэмжээгээр явагдаж байгаа үйлдвэрлэлийн өндөр стандартыг бид өөрсдөө хэрэгжүүлэхээс өөр аргагүйг ойлгосон. Мэдээж шаардлага хангасан хариуцлагатай нийлүүлэгчид бий. Тэд манай стандартыг барьдаг учраас муу бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл зах зээл дээр хамтдаа унахаа ухамсарлаж ажилладаг. CU алдаа гаргах эрхгүй. Орцны дэлгүүрийн хүнснээс гялгар уут гарлаа гэхэд төдийлөн нийгмийн анхааралд орохгүй бол CU ганц л алдаа гаргавал сошиал орчинд мянга мянган удаа шэйрлэгдэж, ганц салбарт биш, 50 салбар дэлгүүрийн нэр хүнд, борлуулалтад сөргөөр нөлөөлөх учраас бид хоол үйлдвэрлэлд дээд зэргийн хариуцлагатай ажилладаг.
–Төрийн байгууллагын хүнд суртал, дарамтын тухай их яригддаг. Танайд энэ асуудал тохиолдов уу?
–Эхэндээ яг хажууд байгаа орцны дэлгүүрийг шалгахгүй мөртлөө манайд өдөр бүр мэргэжлийн хяналт ирдгийг ойлгохгүй үе байсан. Гэвч энэ нь манай үйл ажиллагаанд сайнаар нөлөөлсөн. Дүүрэг болгон дээр мэргэжлийн хяналтын байгууллага байна, төлөвлөгөөт ажлын дагуу шалгадаг юм байна. Тэр шалгалт эргээд салбаруудаа хянахад, үйл ажиллагаагаа сайжруулахад тус болсон. Эцсийн үр дүнд яг хожих хүн нь хэрэглэгч. Энэ л чухал.
–Орон нутагт салбараа нээх үү?
–Бид хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг байнга лангуун дээр байлгаж байх ёстой. Гэвч улс даяараа ложистикийн дэд бүтцийн хөгжил маш сул байна. Конвениенс дэлгүүрийн үзэл санаа бол цэвэр цэмцгэр, ая тухтай орчин, зөв соёлтой үйлчилгээндээ байдаг. Манай үйлчлүүлэгчдийн хамгийн их худалдан авдаг зүйл бол шинэ хүнс, шинэ хоол байдаг. Улаанбаатарт бол өдөр бүр хүргэж болж байна. Гэтэл өргөн уудам нутаг дэвсгэрт өдөр бүр тээвэрлээд түгээлээ гэхэд тэнд авах хүмүүсийн тоо цөөн. Аялал жуулчлалын гол маршрутын дагуу конвениенс дэлгүүр үүсэх ёстой, төлөвлөлтөнд бий.
–CU, Circle K хоёрыг өрсөлдөгч гэж хардаг. Танайх юу гэж үздэг вэ?
-Бид Circle K-г өрсөлдөгч гэж харахгүй байна. Жишээ нь, зөвхөн байршлыг аваад үзэхэд Шангрила дээр Circle K-г өрсөлдөгч гэж харвал утгагүй. Магадгүй хоёулаа өрсөлдөхүйц олон дэлгүүртэй, гурав дөрөвдөгч конвенинс дэлгүүр гараад ирвэл бид өөрөөр харах байх. Ажиглалт бол байлгүй яахав.
–Монголын хөдөлмөрийн зах зээл үнэхээр хомсдолтой. Тогтвортой урт хугацаанд хүний нөөцөө бүрдүүлэх амаргүй гэдэг. CU ганцхан жилийн дотор ам бүл есөн зуугуулаа болсон байна. Том тоо шүү?
–Уул уурхайн хэдхэн том компани жилд есөн зуун хүнийг ажлын байртай болгосон байх. Жижиглэнгийн худалдааны зах зээл дээр ийм статистик байхгүй. Монгол хүн залхуу, хариуцлагагүй гэдэг бол худлаа. Дэлгүүр дээр ажиллаж байгаа 600 залуу, оффис, агуулах, хоол үйлдвэрлэлийн салбартайгаа нийлээд 900 залуус манай багт бий. Яаж хариуцлагатай ажилтантай болох вэ гэдэг бол цэвэр тогтолцоо, менежментийн арга барилтай холбоотой. Нэг нэгнээ удирдаад, нэг баг болгож зангидаад, тогтвортой урт хугацаанд авч явах арга ухаанд бид нар өөрсдөө суралцах ёстой. Мэдээж франчайзаас мэдлэг авч байгаа. Нөгөө талаас Монголд байгаа хамгийн сайн туршлагатай, олон хүнтэй ажиллаад үзчихсэн лидерүүдийг удирдлагын багтаа нэгтгэсэн. Бид нар яаж удирдахаас бүх зүйл шалтгаалж байна. Хүний урдаас эгцэлж хараад инээмсэглэн мэндчилж үйлчилдэг соёлд залуусаа сургаж чадаж байна. Ажилд авдаг суурь хүчин зүйл бол хувь хүний хандлага. Өгөх сэтгэлгээтэй байна уу, авах сэтгэлгээтэй байна уу гэдэг бас их чухал. Авах сэтгэлгээтэй байвал төвөгтэй болж эхэлдэг. Ийм хүмүүсийг аль болох эрт таньж мэдэхийг хичээдэг. Жилийн хугацаанд есөн зуу гаруй хүний тал нь орж гараад эргэсэн байна. Гэхдээ сүүлийн хагас жилд манай багийн шилжилт хөдөлгөөн багасч, тогтвортой болох чиглэл рүү орсон. Ажилтнууд маань концевци-оо ойлгоод, хажууд байгаа дэлгүүрээс манайх юугаараа ялгаатай юм бэ гэдгийг мэдэрч байна. Хүний нөөцийн асуудлыг олон өнцгөөс нь удирдлагын баг ярилцдаг. CU ажилтнуудынхаа хэрэгцээг эхэлж харж байгаа. Өөрийгөө нээж, ажиллаж байгаа газартаа амжилт гаргаад, өнгөрүүлж байгаа цаг хугацаандаа сэтгэл ханамжтай, бүтээмжтэй байвал тэр хүнийг бид бодитой, шударгаар үнэлдэг. Багаараа үр дүнтэй ажиллаж, ахицтай урагшилж байгаа нэг нь бусаддаа шударга өрсөлдөөн үүсгэдэг. Шинээр авч байгаа ажилтны туршлага нь ямар гэхээс илүү хандлага нь бидэнд чухал байдаг. Дэлгүүрийн менежер бол аж ахуйн нэгж удирдаж байгаагаас ялгаагүй, манлайлах, удирдах ур чадварт суралцаж байгаа. Өдөрт хэдэн зуун удаа сайн байна уу, баярлалаа гэсэн үгсийг чин сэтгэлээсээ хэлж, эх орондоо эерэг уур амьсгал түгээж байгаа дэлгүүрийнхээ залууст баярлалаа гэж хэлмээр байна. Оффист ажиллаж байгаа ажилтнууд маань, кассан дээр зогсч байгаа охин ирээдүйд хэн болохыг хүсч байна, түүнд нь яаж туслах вэ гэдэг тогтолцоог бий болгохын төлөө ажиллаж байгаа. Тэдэндээ ч мөн баярлалаа гэж хэлэх ёстой.
–Оюутнуудад ажлын байр бий болгодог учраас CU нийгэмд хариуцлагатай бизнес эрхлэгч мөн гэж хэлмээр байгаа юм.
–CU-н дэлгүүрт ажиллаж байгаа зургаан зуун ажилтны тавин хувь нь хорин хоёроос доош насны залуучууд байна. Оюутнууд хичээлийнхээ хажуугаар шаргуу, хариуцлагатай ажилладаг. Хэдэн жилийн өмнө хичээлээ тараад, тоглоомын газар эсвэл бааранд суудаг байсан үе өнгөрсөн. Бид оюутнуудын амьдралын хэв маягийг өөрчилж, хамт олонтой, хүнтэй харилцаж сурсан, орлоготой, биеэ даасан шинэ үеийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байгаа. Зун манайд ажиллах хүсэлт бүр их. Цалин хэд вэ гэхээсээ өмнө том брэндэд гоё юм суръя гэж ирдэг.
–Хотын аюулгүй байдлыг хангахад бас үүрэг хүлээдэг гэж дуулсан. Илүү тодруулж өгөхгүй юу?
–CU дэлгүүрийнхээ эргэн тойронд тод гэрэлтүүлэг нэмж тавьдаг. Шөнийн цагаар тусламж хүссэн үйлчлүүлэгчиддээ туслах зорилгоор биечилсэн хамгаалалт гаргасан байдаг.
–Нэг жилийн ойгоо хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ баярлуулсан, бас Солонгосын зах зээлд Монголыг сурталчилсан өргөн дэлгэр тэмдэглэж байна. Ирэх жил CU нэмж хэдэн салбар нээх бол?
–Өнгөрсөн жилийн наймдугаар сарын арван гурванд анхны дэлгүүрээ Шангрилад нээснээс хойш жилийн хугацаанд тасралтгүй 50 дэлгүүр нээчихжээ. Жилийн хугацаанд 5 сая удаа үйлчилж, 5 сая эерэг хандлагыг нийгэмд түгээсэн байна. Гэхдээ хэрэглэгч маань CU-г хэрэглэж дадсан уу, заншсан уу, ойлголтоо бүрэн авсан уу гэдэгт төвлөрөх үе шат руугаа орж байна. Цаг хэмнээд гялс хооллочихдог, халуун кофегоо уучихдаг, утас цэнэглэгч хэрэгтэй бол гүйж гараад авчихдаг, амар юм байна гэдгийг ойлгоод ирвэл бид салбараа тэлэхэд илүү хялбар болно. Хэрэглэгчид CU-г байнгын хэрэглээгээ болгоход хугацаа шаардах нь ойлгомжтой учраас одоо энэ чиглэлд одоо төвлөрнө. Хэрэгцээтэй байршлууд дээрээ үргэлжлүүлэн нээнэ, хэтийн төлөвлөлтөд гурван зуун салбар дэлгүүр нээхээр төлөвлөсөн байдаг.
Ярилцсанд баярлалаа. Ажилсаг CU-чүүдэд амжилт хүсье.
Холбоотой мэдээ