Наймаачид үнээ нэмж, иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Наймаачид үнээ нэмж, иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлжээ

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж Улаанбаатар хот хөл хөдөлгөөн ихтэй өдрүүдийг үдэж байна. Дэлгүүр, худалдааны төв, зах гээд хаа сайгүй л хүү, охиныхоо сургууль, цэцэрлэгийн бэлтгэл хангахаар хичээлийн хэрэгсэл, гутал, хувцасны үнэ сонирхон, худалдаж авах иргэд олон.

News.mn агентлаг өмнөх сурвалжлагаар дүрэмт хувцасны үнэ ханшны талаар та бүхэндээ мэдээлсэн бол энэ удаад хичээлийн хэрэгсэл бэлтгэхэд  хэчнээн төгрөг зарцуулж байгааг сурвалжиллаа. Цагаан сар, шинэ жил, хичээлийн шинэ жил эхлэх дөхөхөд "Наран туул" худалдааны төв амралтгүйгээр ажилладаг ч өчигдөр /2019.08.20/ амарсан байсан тул хотын төвд орших хүн олноор үйлчлүүлдэг "Бөмбөгөр" худалдааны төвийг бид зорьсон юм.

БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН НАЙМААЧИД ОРЛОГО САЙТАЙ Ч АМ МУУТАЙ БАЙНА

“Бөмбөгөр”, “Алтжин" худалдааны төв дотор хичээлийн хэрэгсэл худалдаалж байгаа лангуу бага ч гутал, хувцас худалдаалдаг лангуу олон аж. Наймаачид орлого муу гэх үгээрээ ам муутай биднийг угтсан ч тор, тор дүүрэн худалдан авалт хийсэн эцэг эхчүүд олон харагдана. Бичиг хэрэг худалдаалах нэг лангуун дээр гэхэд л хүүхдээ дагуулсан эцэг эх, эмээ өвөө нар худалдан авалт хийхээр шилээ даран дугаарлана.  Нэг худалдан авагч дунджаар 10 дэвтэр авах бөгөөд дагалдуулж үзэг, бал, харандаа үзүүрлэгч, баримлын шавар, зургийн дэвтэр, өнгийн бал, харандаа гэх мэтчилэн 20-50 мянган төгрөгийг хичээлийн хэрэгсэл авахад зарцуулах аж. Үнэ ханшийн тухайд, дэвтэр 12 хуудастай нь 200-250, 24 хуудастай нь 500, 36 хуудастай нь 650, 48 хуудастай нь 850, 60 хуудастай нь 1100, 96 хуудастай нь 1700 төгрөгийн үнэтэй бол үзгэн балны сав 3000-7000 төгрөг, бал 300-5000 хүртэлх төгрөгийн үнэтэй. Цүнхний хувьд хамгийн хямд нь 35 мянган төгрөгөөс эхэлж байна.

“Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа мөн гарчээ. Үйлчлүүлэгчид ч олонтой наймаачид тун завгүй ажиллана. Иргэд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлд хамгийн бага нь  200 мянган төгрөг зарцуулж байгаа бол дээд тал нь 1.7 сая төгрөг зарцуулж байна гэж хэллээ.

Наймаачид хичээлийн хэрэгслийн үнэ ханш нэмэгдээгүй, 10.000-15.000 төгрөгийн ашиг харж л худалдаа хийдэг гэх тайлбарыг хэлж байсан бол худалдан авагчид өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнэ өссөн нь дарамт учруулж байна гэх зөрүүтэй тайлбар хэлсэн юм.

Бид эцэг, эхчүүдээс хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн бэлтгэл хангахад хэчнээн төгрөг зарцуулж байгаа талаар байр суурийг нь сонссон юм.

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ, ДҮРЭМТ ХУВЦАС МАШ ҮНЭТЭЙ БАЙНА

Иргэн С.АЛТАНГЭРЭЛ: 

-Энэ жил наймдугаар ангид орох хүүхдэдээ хичээлийн хэрэгслийг нь бэлдэж байна. Дүрэмт хувцас, дэвтэр бал, цүнхний үнэ өмнөх жилээс өссөн санагдлаа. Дунд ангийн хүүхдэд 200 мянган төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй тул дунджаар 400 мянган төгрөг зарцуулж байна. Уг нь 200 мянган төгрөгт хичээлийн хэрэгслийг нь бэлдэе гэж тооцсон боловч зөвхөн дүрэмт хувцсанд 100 орчим мянган төгрөг зарцууллаа. Тэгэхээр 200 мянга бол хаанаа ч хүрэлцэхгүй. Хичээлийн хэрэгслээс гадна гутал, цүнх, хувцас авна гээд бэлдэх зүйл их бий.

Иргэн Ж.ХЭРЛЭНГУА: 

-Ач нарынхаа хичээлийн хэрэгслийг нь бэлдэж явна. Бага ангийн хүүхдэд 300 мянган төгрөг зарцуулж байна. Хоёр хүүхдэд дор хаяж 600 мянган төгрөг зарцуулж байна.  Сурах бичгээс нь гадна шүү дээ. Энэ жил хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үнэ өмнөх жилээс нэмэгдсэн байна. Том ач нарынхаа дүрэмт хувцасыг авахад нэг дүрэмт хувцас хосоороо 140 мянган төгрөг болж байна билээ. Дунд ангийн хүүхдэд дунджаар нэг сая төгрөг, бага ангийн хүүхдэд  300 мянган төгрөг зарцуулж байна. Хичээлийн хэрэгсэл болон дүрэмт хувцасны үнэ "Нарантуул" зах дээр хямд байгаа сурагтай. Гэхдээ захаас хичээлийн хэрэгсэл бэлдэхгүй. Тэнд чанаргүй материалтай дүрэмт хувцас зардаг.

Иргэн Ж.БААСАНХҮҮ: 

-Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг одоо л бэлдэх гэж байна. Ахлах ангийн дүрэмт хувцас сонирхохоор "Бөмбөгөр" худалдааны төвийг зорьж ирсэн нь энэ. "Нарантуул" зах руу очъё гээд болилоо. Ер нь гадуур худалдааны зах, төвүүдээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн байна. Бага, дунд ангийн хоёр хүүхдэд дунджаар нэг сая төгрөг зарцуулах нь. Бага ангийн хүүхдэд 400 мянга, дунд ангийн хүүхдэд 600 мянган төгрөг төсөвлөөд л байна. Бас том ангийн хүүхдэдээ дор хаяж 700 мянган төгрөгөөр хичээлийн хэрэгслийг нь бэлдэнэ гэж тооцохоор гурван хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэхэд нийт 1 сая 700 мянган төгрөг зарцуулах бололтой.

Иргэн н.НАЦАГНЯМ: 

-Хүүхдийн хичээлийн хэрэгсэлд тав, зургаахан төрлийн зүйл бэлдэхэд л 60 орчим мянган төгрөг болж байна. Бага ангийн хүүхдэд нийт 300 мянган төгрөг зарцуулна гэсэн тооцоо байгаа ч энэ мөнгө хүрэлцэхгүй бололтой. Дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл үнэтэй байна. Өмнөх жилээс 5-15 мянган төгрөгөөр үнээ нэмсэн санагдлаа гэв.

Жил бүрийн наймдугаар сард хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа хаа сайгүй гардаг ч, наймаачид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг бичигдээгүй хуультай. Үнийн асуудалд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дараах тайлбарыг авлаа.

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНЭ ХАНШИД ЭНЭ ДОЛОО ХОНОГООС ХЯНАЛТ ТАВИНА

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 12-84 төвийн ахлах мэргэжилтэн П. ХАШ-ЭРДЭНЭ:

Бид иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдолд тулгуурлан үнийн асуудалд хяналт тавьж, шалгалтын дагуу зөвлөмж өгч ажилладаг. Сүүлийн үед дүрэмт хувцасны асуудал их яригдаж байгаа тул хичээлийн хэрэгслийн үнэ ханшид хяналт тавихаар ажлын хэсэг байгуулагдаад байна. Хичээлийн шинэ жил эхлэх цаг ойртсон ч иргэдээс хэрэглэгчийн мэдээллийн төвийн 12-84 утсанд гомдол мэдээлэл ирээгүй. Гэхдээ бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлд үндэслэн хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үнэд хяналт шалгалтын ажлыг эхлүүлэхээр удирдамж батлуулж байна. Энэ долоо хоногоос хяналт тавина. Бид жил бүр хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө их, дээд сургуулиудын сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэлд хяналт шалгалт хийдэг. Гэхдээ манай байгууллага монополь болон давамгай аж ахуй нэгжүүдийн үнийн өсөлт хооронд хяналт тавьдаг болохоос нийт бараа бүтээгдэхүүний үнэд хяналт тавьдаг байгууллага биш юм. Хууль тогтоомжийн дагуу хичээлийн хэрэгслийн үнэ ханш болон бараа бүтээгдэхүүний үнэд хяналт тавих эрх үүрэг байхгүй. Иргэд үнэтэй холбоотой асуудлаар манай байгууллагад ханддаг гэлээ.

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдсэн энэ үед эцэг эхчүүд зах худалдааны төвүүдээр хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхээр тун завгүй байна. Нэг хүүхэдтэй айл дунджаар 200-400 мянган төгрөг зарцуулж буй бол хоёр ба гурван хүүхэдтэй айл дунджаар нэг сая төгрөг зарцуулж байгаа юм. Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас энэ долоо хоногоос л хяналт тавьж эхлэх нь ээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж